Нийтийн эзэмшлийн талбайд ил, задгай хүнс зарвал 100 мянга хүртэл төгрөгөөр торгоно
2016.03.18

Нийтийн эзэмшлийн талбайд ил, задгай хүнс зарвал 100 мянга хүртэл төгрөгөөр торгоно

Хуулийн нэр: Эрүүл ахуйн тухай

Санаачлагч: Засгийн газар

Өргөн барьсан он.сар.өдөр: 2015.06.16

Батлагдсан он.сар.өдөр: 2016.02.04

Хүчин төгөлдөр мөрдөж эхлэх он.сар.өдөр:  

Хуулийн бүтэц: 7 бүлэг 22 зүйлтэй

Эрүүл ахуйн тухай хуулийг хүний эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлдэг  ус, агаар, хөрс, гадаад болон дотоод орчны гэсэн дөрвөн үндсэн чиглэлд эрүүл ахуйн шаардлага, стандарт сахиулах зорилгоор баталжээ. Ингэхдээ төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллага, иргэний эрүүл ахуйтай холбоотой эдлэх эрх, хүлээх үүргийг нарийвчлан заажээ.

50-иас дээш ажилтантай бол эрүүл ахуйчтай байна

Хүн амын ус хангамжийн эх үүсвэрүүд нь хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөн барилга, уул уурхайн байгууллагуудын үйл ажиллагааны улмаас бохирдож, хомсдож, бохирдсон усаар халдварт өвчин тархах бодит аюул нүүрлээд байгаагаас гадна хөдөө орон нутагт усны аюулгүй байдал алдагдаж байгаа учраас ундны болон ахуйн усны эрүүл ахуйг хангах зорилготой заалтуудыг хуульд нарийвчлан тусгажээ.

Юун түрүүнд ундны болон ахуйн ус нь уг асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тогтоосон шаардлагын дагуу эрүүл, аюулгүй байх ёстой. Тухайн шатны Засаг дарга ус хангамж, ариун цэврийн байгууламжид эрсдлийн үнэлгээ хийлгэх үүрэг хүлээнэ. Мөн орон нутагтаа байгаа төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжийг эрүүл ахуйн шаардлагатай түвшинд ажиллуулна.

... Худалдаа, үйлчилгээний байгууллага шаардлага хангасан ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байхаас гадна ажилтнуудаа үзлэг, шинжилгээнд хамруулах ёстой ...

Хэрэв үйлдвэр, үйлчилгээний байгууллага 50-иас дээш ажилтантай бол эрүүл ахуй хариуцсан орон тооны ажилтантай байна. Ажилтны тоо 50-иас бага бол гэрээгээр ажиллуулж болно. Үүнтэй холбоотой зардлыг жил бүр төсөвтөө суулгана гэж заажээ.

Уг хууль нь хүн амын аюулгүй байдалтай холбоотой учраас хууль зөрчсөн тохиолдолд ногдуулах мөнгөн торгуулийг хэд хэдэн түвшинг тусгасан байна. Тухайлбал эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжийг барьсан, ашигласан иргэнийг 200 мянга, байгууллагыг 1-2 сая төгрөгөөр торгоно.

... Мөн зөвшөөрөлгүй газарт авто засварын үйл ажиллагаа явуулсан, бохир зүйл угаасан, тос, тосолгооны материал ил задгай асгасан, хаясан тохиолдолд иргэнд 50-100 мянга, байгууллагад 2-3 сая төгрөгийн торгууль ногдуулна ....

Иргэн, ААН нь орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлаа цэвэрлэнэ

Хүн амын суурьшлын хөрс эрүүл ахуйн хэд хэдэн шаардлага биелүүлсэн байх ёстой. Тухайлбал халдвар тараах, байгальд хортой хог хаягдлыг шаардлагын дагуу цуглуулж, хадгалж, тээвэрлэж, тусгай цэгт хүргэж, зориулалтын байгууламжид устгана. Мөн иргэн, байгууллага өөрийн өмчилдөг, ашигладаг, эсвэл эзэмшдэг газрыг эргэн тойрондоо 50 метрийн радиуст хоггүй, цэвэр, байлгахын зэрэгцээ ногоон байгууламжийг арчлах ёстой. Үүнд баг, хорооны Засаг дарга хяналт тавина. Зөрчсөн тохиолдолд иргэнийг 200 мянга, байгууллагыг 1-2 сая төгрөгөөр торгох эрхийг сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргад өгчээ.

... Хүн амьдардаг бүсэд халдвартын болон сүрьеэгийн эмнэлгийг шинээр төлөвлөх, байгуулах хориотой ...

Мөн зөвшөөрөөгүй газар, нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай хүнс зарах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах ёсгүй. Хоёрдогч түүхий эд авах цэгийг орон сууц, нийтийн эзэмшлийн газар, гэр хороолол дунд нээхийг хоригложээ. Эдгээр заалтыг зөрчсөн иргэнийг 50-100 мянга, байгууллагыг 2-3 сая төгрөгөөр торгож, эсвэл үйл ажиллагааг нь зогсооно. Түүнчлэн иргэн болгонд хамааралтай заалт орсон нь орон сууцны, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар нус цэр, шүлс, тамхины иш хаясан, ил задгай бие зассан тохиолдолд иргэнийг 20 мянган төгрөгөөр торгохоор тусгажээ.

Агаарын болон бусад эрүүл ахуйн шаардлага

Монгол Улсад Агаарын тухай бие даасан хууль үйлчилдэг учраас уг хуульд агаартай холбоотой цөөн тооны заалт оржээ. Тухайлбал хүний амьдрах орчны агаар нь бохирдоогүй, эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөхөөргүй байх учиртай гэсэн ерөнхий заалт байна. Мөн зайлшгүй агаар бохирдуулдаг, физикийн сөрөг нөлөө бүхий эх үүсвэр ашигладаг байгууллагын утаа, тоосны хэмжээ нь агаарын чанарын стандартад нийцсэн байна. Уг заалтыг зөрчвөл байгууллагыг хоёр сая төгрөгөөр торгож, эсвэл үйл ажиллагааг нь зогсооно.

Үүнээс гадна Эрүүл ахуйн тухай хуульд гоёлын гоо заслын газарт арьс, салстыг цоолж гэмтээх мэс ажилбар хийхийг хориглосон заалт орсныг дурдах хэрэгтэй.