Генийн өөрчлөлтгүй, химийн орц найрлагагүй хүнс хэрэглэмээр байна
Органик хүнс
2016.03.21

Генийн өөрчлөлтгүй, химийн орц найрлагагүй хүнс хэрэглэмээр байна

Өргөн барьсан он.сар.өдөр:,2015.06.10

Санаачлагч: Засгийн газар, УИХ гишүүн Р .Бурмаа

Органик хүнсний тухай хууль өнгөрөгч оны зургадугаар сард өргөн барьсан. Энэ хууль мал аж ахуй, газар тариалангийн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэх, органик хүнс импортлох, экспортлох үйл ажиллагааны бүх үе шатанд үйлчилнэ. Байгалийн ургамал түүж хүнс үйлдвэрлэх, мал тэжээвэр амьтны органик тэжээл, органик бордоо болон ургамал хамгааллын бодис үйлдвэрлэж, түүнийгээ худалдан борлуулах явцад үйлчлэх юм.

Органик хүнс гэж чухам юуг хэлээд байна вэ  

Хүнсний тухай хуульд зааснаар, мал аж ахуй, газар тариалангийн органик үйлдвэрлэлийн болон цэвэр байгалийн гаралтай Монгол Улсын болон олон улсын шаардлага хангасан түүхий эд, бүтээгэдэхүүнийг органик хүнс гэж үзнэ. Тиймээс иргэн, ААН органик хүнс үйлдвэрлэхдээ дараах зарчмыг баримтална гэж хуулийн төсөлд тусгажээ.

Үүнд:

-Хөрс, ус, агаар, ургамал, амьтан, хүн амын оршин тогтнох эрүүл, аюулгүй байдлыг хамгаалсан байна.
-Ногоон хөгжлийг дэмжсэн байна.
-Зах зээлийн шударга өрсөлдөөнд суурилсан байна.
-Нийгмийн хариуцлагатай байна.
Органик хүнс мөн эсэхийг шошгоор танина

Энэ хууль хэрэгжвэл иргэд өдөр тутамдаа хэрэглэх бүтээгдэхүүнээ органик ба органик бусаар ялгах боломжтой болно.

Хүнсний жингийн 95 ба түүнээс дээш хувь нь органик бодис болохыг баталгаажуулсан тохиолдолд органик хүнс гэсэн барааны тэмдэг олгоно.

Органик хүнсийг илэрхийлсэн барааны тэмдэг нь шилжилтийн үед шар, органик үйлдвэрлэлд шилжсэнээс хойш ногоон өнгөтэй байна.

Органик хүнсэнд шошго, хэрэглэхэд хэд хэдэн хориглох заалтыг төсөлд тусгасан байна.

Ингэхдээ:

- Органик бус аргаар үйлдвэрлэсэн хүнс, тэжээл бордоог шар, ногоон дэвсгэртэй шошготойгоор нийтийн хэрэглээ, зар сурталчилгаанд ашиглахгүй.

- Органик хүнс болохоор шилжилтийн үедээ яваа бараа бүтээгдэхүүнийг органик хүнс мэтээр сурталчилж, олон нийтэд худалдаалж болохгүй.

- Органик гэдгийг илтгэх ногоон дэвсгэртэй шошгийг хууль бусаар хэрэглэх, сурталчлах хориотой.

Органик үйлдвэрлэл явуулдаг иргэн, ААН-ын үйлдвэрлэлийг явцийг газар дээр нь очиж шалгах, хүнснээс дээж авч шинжлэх, баталгаажуулалтын баримт бичигт үзлэг хийх зэрэг ажлыг Стандартчлал, Хэмжилзүйн газраас иргэн, олон нийтийн хяналтан дор хийж гүйцэтгэнэ. Шалгалтаар хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдвол эрүүгийн бус захиргааны шийтгэл ногдуулах юм.

"Органик хүнс" гэсэн шошго хууль бусаар ашигласан иргэн, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, олсон орлогыг хураана гэж хуулийн төсөлд тусгажээ.

Мөн органик хүнс гэсэн шошго авсан ч үйлдвэрлэлийн явцад стандартад нийцсэн тодорхой шаардлага хангахгүй тохиолдолд энэ тухай олон нийтэд зарлахаас гадна дээрхтэй адил торгууль ногдуулах юм байна.

Бусад улс оронтой харьцуулахад бид органик үйлдвэрлэл багатай ч харьцангуй органик хүнс хэрэглэдэг орнуудын тоонд багтдаг. Гэхдээ...

Учир нь бидний хүнсний хэрэглээнд мах, цагаан идээ зонхилдог. Гэхдээ бидэнд боловсруулалтыг нь илүү органик болгох, органик үйлдвэрлэлийг төрөлжүүлэх органик хэрэглээг төлөвшүүлэх нэн тэргүүний хэрэгцээ тулгарч байна.

Хуулийн төсөлд эргэж харах шаардлагатай зүйл заалт, нэр томъёо, агуулга, дарааллын хувьд цэгцлэх, улам боловсронгуй болгох шаардлага байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс энэ бүхнийг хуулийн төсөл санаачлагчид тусган авч, хуулийн төслөө сайжруулсны үндсэн дээр генийн өөрчлөлтгүй, элдэв химийн найрлагагүй органик хүнс үйлдвэрлэлийг хуульчилж өгөх нь зүйтэй гэж бодож байна.

1ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Т.Анхцэцэг Монгол улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлын хувьд хэцүү болсон бид өөрсдөө төмс ногоогоо тарьж байж хятадын бордсон хүнсийг хэрэглэж байна. Органик органик бусыг ялгах таних тэмдэг их чухал байна.

2016.05.02