"Хөдөө аж ахуйн хөгжил"- зүүн бүсийн гарц" хэлэлцүүлэгт зүүн аймгуудын малчид оролцлоо
2016.03.22

"Хөдөө аж ахуйн хөгжил"- зүүн бүсийн гарц" хэлэлцүүлэгт зүүн аймгуудын малчид оролцлоо

 “Хөдөө аж ахуйн хөгжил–Зүүн бүсийн гарц” хэлэлцүүлэг /2016.03.18/ Төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлэгт ХХАА-н сайд Р.Бурмаа, салбарын эрдэмтэн судлаачид мөн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн малчид нийт 120 гаруй төлөөлөгч оролцсон юм. 
Зүүн бүсэд хөдөө аж ахуйг хэрхэн цогцлоон хөгжүүлэх талаар өмнө нь эрдэмтдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, олон улсын байгууллагуудад танилцуулан дэмжлэг авсан. Тэгвэл энэ удаад зүүн бүсийн аймгийн иргэдийн төлөөллийг хамруулсан “Хөдөө аж ахуйн хөгжил – Зүүн бүсийн гарц” сэдэвт зөвлөгөөнийг ХХААЯ-наас зохион байгуулж, малчид Зүүн бүсийн малын эрүүл мэндийн асуудал, эрчимжсэн мал аж ахуйн амжилттай загвар аж ахуй, зүүн бүсэд аялал жуулчлал хөгжүүлэх боломж, Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүсийн талаар санал бодлоо чөлөөтэй солилцож, нэгдсэн уриалга гаргасан юм.

Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75 дугаар тогтоол энэ оны долдугаар сард батлагдсан бөгөөд бусад бүстэй харьцуулахад өргөн цар хүрээтэй, урт хугацааны судалгаа хийгдсэн байдаг. Ингэхдээ тухайн бүс нутгийн үржил шим сайтай хөрс, бэлчээр, ХАА-д тохиромжтой дулаан чийглэг уур амьсгал, олон зах зээлтэй холбогдох боломж зэрэг хөдөө аж ахуйн хувьд өндөр үр өгөөжтэй байдлыг харгалзан үзэж байгаль орчин, эдийн засаг, газар тариалан, мал аж ахуй, усны нөөцийн чиглэлээр хийгдсэн нийт 13 суурь судалгааны үр дүнд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хөгжүүлэх хэрэгтэй гэсэн зөвлөмж, дүгнэлт гарсан байдаг юм. 

Тус зөвлөгөөний гол зорилго нь улс орны болон бүс нутгийн хөгжлийн стратегийн чухал зорилтуудыг богино хугацаанд үр ашигтай шийдвэрлэх, алслагдсан бүс нутгийг дотоодын үйлдвэрлэлээр хангах, зүүн бүсээс мах махан бүтээгдэхүүн өндөр үнээр экспортлох, зүүн бүсийн малчдын амжиргааны түвшнийг сайжруулах арга замыг нээж өгөх юм.

Хөдөө аж ахуйн Халх гол, чөлөөт бүсийг байгуулснаар тодорхой бүс нутгийг худалдааны хорио цээрт өвчнөөс ангид эрүүл бүс хэмээн олон улсад хүлээн зөвшөөрүүлсний үндсэн дээр Монгол улсын хүнс, хөдөө аж ахуйн экспортын орлогыг 2 дахин нэмэгдүүлж, бараа бүтээгдэхүүнийг экспортлох нэг цонхыг бий болгох юм. Халх голын хөдөө аж ахуйн бүтээн байгуулалт хийгдэж үйл ажиллагаа жигдэрснээр зүүн бүсийн малчдын орлого нэмэгдэж, орон нутагт үсрэнгүй хөгжил авчрах боломжтой гэдгийг зөвлөгөөний үеэр малчдын төлөөлөл хэлж байлаа.