Твиттерээс уншсан болгондоо итгэх хэрэггүй
Твиттер бол мэдээллийн дайны нэгэн гол зэвсэг
2016.03.23

Твиттерээс уншсан болгондоо итгэх хэрэггүй

Орчин үеийн ертөнцөд олон нийтийн сүлжээнд цахим дайн болж байна. Ихэнх интернэт хэрэглэгчид төр болон хэт үзэлтэй бүлэглэлүүдээс тэдний бодол, санаанд нөлөөлөх оролдлого байнга хийдэг гэдгийг мэддэггүй.

... Өнөөдөр аливаа тэмцэл хэн нэгний газар нутагт хяналтаа тогтоохын төлөө бус, хүний оюун санаа, ухамсарт хяналтаа тогтоохын төлөө явагддаг болсон ...

Цэргийн түүхч, зохиолч Томас Элкер Ниссений үзэж буйгаар цахим дайнд хамгийн гол үүргийг аравхан жилийн настай “Твиттер” хэмээх олон нийтийн сүлжээ гүйцэтгэж байна. Уншигчид хамгийн сүүлийн үеийн шуурхай мэдээг твиттерээс авдаг. Тиймээс тодорхой сонирхол өвөрлөсөн талууд болсон явдлын талаарх өөрийн байр суурийг хамгийн түрүүнд "Твиттер"-ээр хүргэж байна.

Твиттер бол лалын хэт үзэлтнүүд идэвхтэй ашигладаг зэвсэг нь. Түүнчлэн ОХУ шиг авторитар шинжтэй улсын Засгийн газрууд олон нийтийн сүлжээг суртал ухуулгын зорилгоор ашигладаг гэж үздэг.  

Дэмжигчдийн эрэлд

“Исламын улс” болон бусад хэт даврагч бүлэглэлүүдийн твиттер дэх дагагчдын тоо тийм их биш. Ердөө 46 мянга. Гэхдээ эдгээр бүлэглэл твиттерийг сурталчилгааны зорилгоос гадна сайн дурын элсэгчид олохын тулд ашигладаг. Ниссений ярьж буйгаар твиттер хэрэглэгч анх үл мэдэгдэх холбоос дээр дарж, цаашдаа алан хядагчдын бий болгосон олон төрлийн блог, дүрс бичлэг, сайтуудыг үзсээр эцэст нь “сургагч”-тай шууд холбогддог.

“Исламын улс” бүлэглэл твиттерийг маш чадварлаг ашигладаг бөгөөд хэд хэдэн хэлээр, төрөл бүрийн хэлбэрээр мэдээллээ цацдаг. Тэд 2014 онд Сирийн Мосул хотыг эзлэхдээ спам тараадаг программуудыг идэвхтэй ашиглажээ. Ингэснээр зарим судлаачдын тооцоолсноор багаар бодоход “Исламын бүлэглэл”-ийн жиргээний 20 хувь нь хүний оролцоогүй, спамын программаар цахим орчинд таржээ. Үүний үр дүнд “Исламын улс”  бүлэглэл илүү олон дэмжигчтэй мэт харагдана.

Исламын улс бүлэглэлийн нэгэн гишүүний "Багдадын төлөөх тулаан" нэртэй дүрст жиргээ

Троллинг буюу нуугдмал аюул

Троллинг гэдэг нь тодорхой зорилгын үүднээс цахим орчинд зориудаар өдөөн хатгасан, төөрөгдүүлсэн мэдээлэл тараах үйл явц юм. Троллинг нь голдуу олон нийтийн сүлжээ, форум, портал сайтууд, чатууд, түүнчлэн мэдээний сайтууд дээр явагддаг. Дэлхийд троллинг суртал ухуулгын зорилгоор ашигладаг улсууд бий. Ялангуяа ОХУ-д төрийн захиалгаар троллерууд ажилладаг тухай судлаачид ярьдаг.

Троллеруудыг судалдаг социологич Лоуренс Александрын судалж мэдсэнээр олон нийтийн сүлжээнд Оросын мэдээний агентлагуудын мэдээ, Кремлийг дэмжигч блогчдын материалыг тараадаг спамын программууд ажилладаг. Тухайлбал Борис Немцовыг хардалтын улмаас алуулсан гэсэн жиргээг твиттерийн 2900 хэрэглэгч нийтэлсэн байжээ.

Борис Немцовын талаархи жиргээ

НАТО болон Европын холбооны орнууд Оросын троллеруудыг байнга ажигладаг бөгөөд цахим суртал ухуулгын эсрэг тусгай тасгуудыг байгуулжээ.

Их Британийн Уорракийн их сургуулийн судлаачдын үзэж буйгаар твиттерт худал мэдээллийн учрыг олох нь маш хэцүү байдаг.

“Худлыг няцаахад шаардагдах хүч, худлыг үүсгэх хүчнээс хавьгүй илүү байдаг” гэсэн нэг үг байдаг.

... Тиймээс хэрэглэгчдийн хувьд твиттерээс уншсан болгондоо итгэх хэрэггүй гэдэг зарчим баримтлах хэрэгтэйг судлаачид зөвлөж байна ...