Ээлжит бус чуулганыг зарлалаа
2016.03.25

Ээлжит бус чуулганыг зарлалаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 40 тоот захирамж гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар шийдвэрлэлээ.

 

Улсын Их Хурлын даргын захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр тогтоожээ. Үүнд:

 

  •        1/Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
  •         2/Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  •         3/Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
  •     4/Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  •         5/Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлт. 

Уг захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Мягмар гарагийн 09.00 цагт эхлэхээр товлосны зэрэгцээ Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг өглөө 09.00 цагаас эхэлж, үдээс хойш 14.00 цагаас үргэлжлүүлэхээр заасан байна. 

Түүнчлэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт даалгасан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.