Дарамт зэрэгцүүлсэн дахин төлөвлөлт
2016.03.28

Дарамт зэрэгцүүлсэн дахин төлөвлөлт

Гэр хорооллынхон газраа орон сууцаар сольж эсвэл хаус барьж сайхан амьдрах боломжийг олгоно хэмээн нийслэлийн АН-аас амлалт өгөөд дөрвөн жил боллоо.

Тэдний сайхан амлалт өнөөдөр мөрөөдөл болж, иргэдийг хохироож байгаа талаар олон хүн гомдол мэдүүлж, буух эзэнгүй, буцах хаяггүй энэ ажлаас болж сэтгэл санаагаар унаад очих газар, хэлж хандаад ч тоох хүнгүй болсон тул арга буюу УИХ дахь МАН-ын бүлгийнхэнд удаа дараа хандаж зовлонгоо ярьжээ. Тэдний энэ асуудалтай танилцахаар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ө.Энхтүвшин, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нар өчигдөр гэр хороололд ажиллаж, иргэдийн үг, байр суурийг сонслоо.

Мэдээж, гэр хорооллыг орон сууцны хороолол болгож, эсвэл хаус барьчихвал сайхан хэрэг. Гэхдээ амьдрал дээр энэ асуудлыг шийдэхэд олон хүндрэл бэрхшээл гарч байгаа аж. Сайхан амлалт өгөх, түүнийгээ хөрсөн дээр нь буулгаж ажил хэрэг болгох шал өөр зүйл байдгийг цаг хугацаа харууллаа. Тэд хүссэн үнээрээ хашааны газраа өгч чадахгүй хотын мээр болон, компанийн менежерүүдийн шахаанд орж сэтгэл санааны дарамт амсч байгаа талаараа ихэвчлэн ярьсан юм.

Баянзүрх дүүргийн хэд хэдэн хороо дахин төлөвлөлтөд орсон хэдий ч 12 дугаар хэсэг дээр үйл ажиллагаа явуулж байгаа компанийн асуудал хүндхэн, иргэдийг илт дээрэлхсэн, газраа өгөхгүй бол 25 хувьдана шүү гэх мэтээр сүрдүүлж дарамт үзүүлэх болжээ.

Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Сайнтогтохынх 0.5 га газар дээр 20 орчим хүн бүртгэлтэй амьдардаг. Нэг хашаандаа дөрвөн хүүхэдтэйгээ дөрвөн айл аж төрдөг гэнэ. Эднийх гэрийнхээ хажууханд ирсэн бохир, дулааны шугамыг хашаа руугаа оруулъя гэхээр өөдөөс нь 20 сая төгрөг нэхдэг байна. Тэрээр , “Дахин төлөвлөлтөд орж байгаа газрын айлуудыг “Та бүхэн дахин төлөвлөлтөд орж байгаа. Газраа өгөхгүй бол та нарт 20 сая төгрөг л олдоно шүү” гэх мэтээр их сүрдүүлдэг. Амьдарч буй хашаа, байшингаа 20 саяар солих хүн хаана байх вэ. Манайх хаусны зураг гаргаад барилга барих эрхээ авсан. Хаусаа барих гэхээр алаг цооглоод бидний ажлыг саатууллаа гэдэг. Тэд газруудыг худалдаад авчихсан. Манайх  үндсэндээ ганцаараа тэнд  үлдчихсэн. Дөрвөн өрхийн олон ам бүлтэй айл хоёр өрөө байранд  яаж шингэх вэ дээ.

Танай хажууд олон давхар байшин босч байхад гэдэг. “Аман хуур”-ын Соном өвгөн шиг л болж байна. 

Тэгээд манай хажууд ирсэн шугамыг гурван метр хэртэй татаад холбочихъё гэхээр өгдөггүй. Ер нь үнэтэй холбоно. Та газраа өгчихөөд зайлсан нь дээр байх шүү гэдэг. Хоёр давхар амины тохилог сууцтай болчихвол бидэнд орон сууцны хэрэг алга. Амины сууц бариулна гэчихээд бидний ажлыг боогоод байгаа нь сонин байна.  Биднийг хавчаад эхэлсэн. Иргэний танхим дээр иргэдийг хороогоор нь аваачаад хичээл хийхдээ л  “Газраа өгөхгүй бол та нар 20 сая төгрөгтэй үлдэнэ шүү.

Хоёр өрөө байр өгч байгаа дээр нь газраа өгөхгүй бол хохь чинь шүү” гэж хүртэл хэлж байсан. Танай хашаа ганцаараа навсайгаад байх юм уу. Танай хажууд олон давхар байшин босч байхад гэдэг. “Аман хуур”-ын Соном өвгөн шиг л болж байна. Би улсын хөрөнгөөр татаад өгсөн цэвэр, бохирын шугамд холбогдох гээд үйлээ үзээд явж байна”.

Энэ мэтээр хотын дахин төлөвлөлт дээр санал, гомдол хэлэх хүн цөөнгүй байсан юм. Үүний зэрэгцээ Ботаникийн орчимд аж төрдөг айлууд дахин төлөвлөлтөөс болоод зутруухан байгаа талаараа хэлж байсан. Нийслэлд дахин төлөвлөлт хийх нэрээр иргэдийн газрыг ухсан нүх, цемент, төмөр зоосон байдалтай хэн хэзээ барилга босгож ашиглалтад орох нь тодорхойгүй газар цөөнгүй байна. Зарим компани санхүүгийн асуудлаас болж ажлаа хийж чадахгүй болохоор өөр компанид ажлаа шилжүүлсэн гэх маргаан их болжээ.

Үүний зэрэгцээ хоёрлосон, гурвалсан гэрээний учир олдохоо байсан, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар дээр очихоор мэргэжилтэн гээд 17 хүн сууж байгаа хэрнээ асуудлыг нь мэдэж шийдэж чадах хүнгүй газар бий болсон талаар иргэд гомдоллож байсан юм. Гэр хорооллыг орон сууцжуулах тухай ажил завхраад, иргэдийн аж амьдралаар тоглосон талаар гомдол, санал хэлэх хүмүүс дугаарлаж, зарим нь Ө.Энхтүвшин гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нарт бичгээр өргөдөл, гомдлоо өгч нааштайгаар шийдүүлэхгүй бол орон гэр, хашаа газаргүй болж мэдэхээр байгаа талаараа учирлаж байлаа.