Энхтүвшин.Ө Сумъяабазар.Д Баттулга.Д 2016.03.29 | Сонин: Монголын мэдээ

Дахин төлөвлөлтийн ажил зөв, буруу

Дахин төлөвлөлтийн ажил зөв, буруу
Нийслэлий дахин төлөвлөлт

Эсрэг тэсрэг байр суурь

Д.Сумъяабазар: Дахин төлөвлөлтийн ажил буруу замаар явж байна

/УИХ-ын гишүүн/ 

-2015 оны 3, 4 дүгээр сард нийслэлийн дахин төлөвлөлтөд хамрагдсан бүх хороодуудаар явж, хохирсон иргэдтэй биечлэн уулзсан. Энэ үеэр дахин төлөвлөлтийн асуудлаас болж эрхээ зөрчүүлсэн маш олон иргэд байгаа нь ажиглагдсан.

Бүх иргэд гомдол саналтай байгаагаа илэрхийлж байлаа. Тиймээс Олон Улсын хүний эрхийн байгууллага болох “Эмнести Интернейшнл” хийгээд Хүний Эрхийн Үндэсний Комисст хандаж албан бичиг хүргүүлсэн. 

Нэгдүгээрт, Хүнлэг Ардчилсан нийгэмд амьдарч байгаагийн хувьд “Хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх хуультай. Хоёрдугаарт, хуулиар бол хүний эд хөрөнгөд халдаж болохгүй. Гуравдугаарт, гэр хорооллын дахин төлөвлөлтөд байгаа ард иргэдийн хашаа байшинг эдийн засгийн эргэлтэд оруулахыг нь хаасан.

Энэ нь санхүүгийн эрх чөлөөг нь хаасан байгаа юм. Тэгэхээр дахин төлөвлөлтийн ажил буруу аргаар яваад байна гэж хэлж болно. Тиймээс энэ буруу явж байгаа зүйлсийг нь шахаж шаардаж, аль болох түргэвчлүүлж, иргэдийн хүсэн хүлээж байгаа үр дүнг нь тодорхой хэмжээнд хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлт 2012 оноос хэлэлцэгдэж, 2013 оноос албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Гэвч өдгөө нэг ч айлыг орон сууцанд оруулаагүй, дэд бүтцээ шийдэж чадаагүй байна. 

Нөгөөтэйгүүр энэ нь барилгын компаниудыг ажлаа эхлүүлэх нөхцөл бололцоогоор хангаж өгөөгүйтэй холбоотой. Тиймээс барилгын компани, иргэдийн дунд үл ойлголцол үүсч, хүлээлт, итгэл алдарсан байдал ажиглагдаж байна.

Түүнчлэн “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-д хамрагдсан иргэдийн дийлэнх нь хашаандаа хоёроос гурван өрхөөр амьдарч байгаа. Гэтэл барилгын компаниуд зөвхөн хашааны өмчлөгчтэй гэрээ хийсэн нь өнөөдрийн асуудал үүсэх бас нэгэн нөхцөл, шалтгаан болж байна.  Өмчлөгч иргэнд 40 мкв байр өгсөн болоод бусад айл өрх яах нь хамаагүй гэсэн байдлаар хандаж байгаа гэсэн үг. 

Иймд эхний ээлжинд тэдгээр айл өрхүүдэд оршин суух газар зааж өгч, нэгдсэн байдлаар нүүлгэх шаардлага зайлшгүй тулгарч байна.  Ер нь бол эдийн засгийн бодит үндэслэлийг судлаад, Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ээ зөв гаргаж байж, ашиглалтад орох орохгүй талаарх зүйл яригдана. Энэ ТЭЗҮ-ээ судлаагүй байж хугацаа заах асуудал байж болохгүй.

Энэ хугацаанаас үүдсэн бодлого, тооцоогүй шийдвэр гаргаснаас болж ард иргэд хохироод явж байна. Үүнийг яаралтай засч залруулах ёстой. Үнэхээр боломжгүй бол Нийслэл “Хийж чадахгүй” гэдэг хариугаа иргэдэд өгөх хэрэгтэй.

Ө.Энхтүвшин: Манай нам дуугүй өнгөрөхгүй

/УИХ-ын гишүүн/

-НӨАТ-ын хууль, авто худалдааны цогцолбор, гэр хорооллын дахин төлөвлөлт  зэрэг  асуудал иргэдэд дарамт учруулж, тэмцлийн хэлбэрт шилжихдээ тулаад байгаа талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс л авч байлаа.

Гэтэл бодит байдал дээр иргэдийн амьдрал хэрхэн доройтсон, эдгээр шийдвэрүүд нь амьдралд нийцэхгүй, тооцоо судалгаагүй болохыг өөрийн биеэр явж үзээд мэдэрлээ.

Манай намын хувьд нийслэлээс сонгогдсон ганц гишүүн болох Д.Сумъяабазар гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар их хүчтэй дуугардаг. Өөрөө бүх дүүргээр явж иргэдтэй уулздаг.

Эдгээр асуудлууд дээр бид, манай нам дуугүй өнгөрч, зүгээр сууж болохгүй гэдгийг маш сайн ойлголоо. Биднийг асуудал тавиад ирэхээр эрх баригчид МАН шоу хийлээ, ажил гацаалаа гэх зэргээр ярьж, бичдэг.

Гэвч ард түмний амьдрал нэгэнт ийм болсон учраас дуугүй өнгөрөхгүй.

Би өнөөдрийн уулзалтын тухай намдаа, бүлгийн гишүүдтэй танилцуулна. Үүний дараагаар хотын дарга Э.Бат-Үүл болон Ерөнхий сайд нартай уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдлын тухай хэлнэ. Арга хэмжээ авахыг шаардана. Ард иргэдийн тэсвэр алдагдсан, бухимдалтай, тэсрэхэд бэлэн болсныг дуулгана. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэх талаар боломжтой бүхнийг хийх болно” гэлээ. 

Д.Баттулга: Дахин төлөвлөлтийг улстөржүүлэхийг хүсэхгүй байна/НИТХ-ын дарга/

-Ардын намынхан сүүлийн үед хотын хийж байгаа ажилтай танилцах, иргэдтэй уулзах журмаар нэлээд явж байх шиг байна. Тэд хотын ажилд санаа зовохоосоо илүүтэйгээр сонгуульд зориулсан акц хийгээд байна уу гэж хараад байгаа.

МАН-ынхан бидний алдаа оноог дэнслэхээс илүүтэйгээр хотоос хийж байгаа ажлыг зогсоох, буруу тайлбарлаж иргэдэд ташаа мэдээлэл өгөх, эсэргүүцэх, болж өгвөл үүн дээр нь дөрөөлөөд иргэдийн санаа оноог өөрсөд рүүгээ хандуулах гэсэн юм болов уу гэж харж байгаа.

Сонгууль дөхөөд ирэхээр улс төрийн намуудын үйл ажиллагаа идэвхждэг. Эрх барьж буй намынхаа өөг хайдаг. Үүнийг бол ойлгож байна. Нийслэлийн хэмжээнд аваад үзвэл тодорхой ажлуудыг хийсэн гэж үздэг. Мэдээж ажил хийж байгаа хүн алдаж, оносон л байх. 

Том зургаар нь харахаар 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 26 жил боллоо. Энэ хугацааны 22 жилд нь МАН-ын нөхдүүд нийслэлээ авч явсан. Сүүлийн дөрвөн жилд нь АН гарч нийслэлийг удирдаад явж байгаа. Хоноцын сэтгэлгээтэй 22 жил явж ирсэн нийслэлийг бид хүлээж авсан.

Хот төлөвлөлт, нийтийн тээвэр, хог, газрын асуудлууд дээр нь чиглэсэн бодлого байхгүй. Чухам яаж ажил явж байсан юм, бүү мэд. Хийж байгаа ажил нь иргэдэд ил тод биш. НИТХ нь байгаа, үгүй нь мэдэгдэхгүй байсан нь үнэн. Би сонгууль угтаад нөгөө намаа доош нь хийх гээд ингэж ярьж байгаа юм биш. Байгаа байдлыг байгаагаар нь хэлж байгааг зөв ойлгоорой. Дахин төлөвлөлтийн асуудал бол 2012 онд бид “Гэр хорооллыг орон сууцжуулна.

 Гэр хорооллыг амины орон сууцтай болгоно” гэснийг иргэд дэмжсэн. Энэ ажлаа хэрэгжүүлээд эхэлж байна. Гурван жилийн хугацаанд 24 газарт 38 компани үйл ажиллагаа явуулж байгаа. Нийтдээ 1500 га газарт бүтээн байгуулалт хийгдэж байна л даа. Ажил эхлээд богино хугацаа өнгөрч байгаа ч бидэнд хийсэн ажил их бий.

Томоохон хэмжээний энэ ажилд зарим нэг алдаа дутагдал байгааг үгүйсгээгүй. Тухайлбал, зарим компаниуд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарчихаад газар өмчлөгч нартайгаа тохиролцоонд хүрч чадалгүй ажил зогссон зүйл байна. Хоёрдугаарт, газрыг нь чөлөөлчихөөд түрээсийн байранд оруулсан иргэдийнхээ түрээсийн төлбөрийг төлж байгаад сүүлдээ багасгах, тодорхой цаг хугацаанд түрээсийг нь төлөхгүй байх асуудал гарч байгаа. 

Гуравдугаарт, иргэдтэй гэрээ хийхдээ жилийн дараа байранд оруулна гэчихээд хоёр жил гаруй хугацаа өнгөрч байх жишээтэй. Цаана нь хөрөнгө мөнгөний асуудал нь хүндэрсэн байдаг. Энэ нь эргээд газраа чөлөөлчихсөн хүмүүсийг бухимдуулдаг. Үүнийг бид ойлгож байгаа болохоор тэдгээр компаниудад дэмжлэг үзүүлэх, хөрөнгө босгоход туслах ч байдаг юм уу болохоосоо болохгүйг нь хүртэл явж байна.

Газрыг нь чөлөөлсөн айлуудаа орон сууцанд нь оруулсан 10 гаруй компани бий. Өнөөдөр бид 1300 хашааны газрыг чөлөөлж 5000 орчим янданг буулгасан. 1300 хашааны өмчлөгчөөс байрандаа орсон нь 500 гаруй байгаа юм. 

Дөрөвдүгээр сард “Стандарт проперти”, “Гангар инвест” хоёр орон сууцаа ашиглалтад оруулж газраа чөлөөлсөн 100 гаруй айлыг орон сууцанд оруулахаар бэлдэж байгаа. Иргэдийн зүгээс бухимдаж байгаа өөр нэг зүйл нь “Манай дахин төлөвлөлт эхлэхгүй байна. Бид ямар хүмүүс болоод дахин төлөвлөлт явахгүй байгаа юм” гээд байна л даа.

Ийм л зүйлийн дунд хот ажлаа явуулж байгаа шүү. Эхлээд 24 байршилдаа бүтээн байгуулалтаа явуулаад дуусгах хэрэгтэй. Үүнийгээ “чулуу” болгосны дараа дараагийн дахин төлөвлөлтийн ажлаа явуулъя. Тэгэхгүй бол хүссэн хүн бүрийг дахин төлөвлөлтөд хамруулаад явбал хүч тарамдана.

Төсөв нь ч гэсэн нэмэгдээд явна. Тэгэхээр хий хоосон бухимдал үүсгэх болчихоод байгаа юм. Дахин төлөвлөлтийг ямар нэгэн байдлаар улстөржүүлэхийг хүсэхгүй байна. Цаашид аль ч улс төрийн хүчин гарч ирсэн хэрэгжүүлээд явах ёстой. 

Эх сурвалж:Өдрийн сонин