Ард нийтийн санал асуулгын хуулийг 21 жилийн дараа шинэчлэн батлав
2016.03.29

Ард нийтийн санал асуулгын хуулийг 21 жилийн дараа шинэчлэн батлав

Хууль: Ард нийтийн санал асуулгын тухай  /Шинэчилсэн найруулга/

Хууль санаачлагч: М.Энхболд, С.Бямбацогт

Өргөн баригдсан он сар өдөр 2016.01.16

Батлагдсан он, сар, өдөр: 2016.02.05

Бүтэц: 6 бүлэг 24 зүйл

2011 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа Ард нийтийн санал асуулгын тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулаагүй, мөн 2015 оны арваннэгдүгээр сард Сонгуулийн тухай хууль баталсан нь уг хуулийг шинэчлэн найруулах үндэс болжээ.

Ард нийтийн санал асуулгад сонгуулийн эрх бүхий, 18-аас дээш настай Монгол Улсын иргэд оролцоно. Тухайн хүн санал асуулгад оролцох эсэхээ өөрөө шийднэ.

Ард нийтийн санал асуулгыг дараах гурван тохиолдолд явуулна. Үүнд: 

Төрийн дотоод, гадаад бодлого тодорхойлохтой холбогдсон асуудлаар сонголт хийлгэх шаардлага гарсан тохиолдолд санал асуулга явуулна. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга зохион байгуулна. УИХ-ын Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн боловч уг асуудлаар гурван ээлжит чуулганы хугацаанд тодорхой шийдвэр гаргаж чадаагүй буюу гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн бол уг асуудлыг санал асуулгаар шийдвэрлэж болно.

.. Санал асуулга явуулах өдрийг энэ тухай шийдвэр гарснаас хойш 21-45 хоногийн УИХ товлон зарлана ...

Мөн гадаад улсад амьдарч буй иргэдээс санал авах товыг зарлана. Хэрэв онцгой нөхцөл байдлын улмаас санал асуулга явуулах боломжгүй болвол санал асуулгын шийдвэр гаргасан байгууллага 30 хоногийн дотор зохион байгуулахаар хугацааг хойшлуулна.

Санал асуулгыг УИХ, Ерөнхийлөгч, нийслэл, аймаг, сум, дүүргийн ИТХ хамтран зохион байгуулах бол санал асуулгыг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана.

... Санал асуулга явуулахад асуулгыг товч бөгөөд тодорхой, хоёрдмол утгаггүй байлгах ба гар утас, цахим сүлжээгээр явуулж болно гэж заажээ ...

Санал асуулга явуулахдаа улсын нутаг дэвсгэрийг хэсгүүдэд хуваана. Хэрэв санал асуулгыг УИХ, эсвэл Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах бол сонгуулийн болон санал асуулгын хэсэг нэг байна.

Санал асуулгын хэсгийн хувьд:

  • Нэг хэсэг нь суманд 2000 хүртэл
  • Аймгийн төвд 2500 хүртэл
  • Нийслэлийн дүүрэгт 3000 хүртэл сонгогчтой байна.

Санал асуулгын хуудас нь:

  • Санал асуулгаар шийдэгдэх асуудлыг томёолсон байна.
  • Тусгай нууцлалтай, индекс, дугаартай байна.
  • Сонгуулийн төв байгууллага саналын хуудасны тоо, загвар болон саналын хуудсыг хэвлүүлэх
  • Санал асуулга явуулах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө саналын хуудсыг хүргүүлэх.

Санал асуулга явагдахдаа нэгдсэн байдлаар эхэлж саналын хуудасны тоо, индекс, дугаарыг зарлах санал өгч буй хүмүүсийн саналын хуудсыг авч гаргахгүй байх, хүчингүй, бөглөгдөөгүй шаардлага хангахгүй материалыг хасах саналын хуудаснууд битүүмжлэгдсэн хайрцагаар дамжина. Санал асуулга явагдах үйл явцад хэвлэл мэдээллийн байгууллага төлөөлж байлцаж болохыг хуульд тусгасан байна. Санал асуулгыг сонгогчдын төлөөлөл болон олон улсын байгууллага,гадаад улсын иргэн, гадаад улсын болон дотоодын байгууллага ажиглаж болно. Санал асуулгыг ажиглах, сурвалжлах журмыг Сонгуулийн төв байгууллага батална.

Иргэд санал асуулгаа биеэр ирж өгөх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрх бүхий иргэдийн туслалцаатайгаар санал өгнө. Ард түмний санал асуулгын тухай хууль нь иргэдийн санал бодлыг сонсох ардчилалын хамгийн дээд хэлбэр юм. Олон нийтийн хувьд энэ хууль маш эерэг үнэлэлттэй байна.