Мөнгөгүй иргэний эрхийг хамгаалах хууль
2016.03.29

Мөнгөгүй иргэний эрхийг хамгаалах хууль

Хуулийн нэр: Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай

Санаачлагч: Засгийн газар

Өргөн мэдүүлсэн он, сар, өдөр:

Баталсан он, сар, өдөр: 2013.07.05

Хуулийн бүтэц: 7 бүлэг, 21 зүйлтэй.

Заримдаа гэмт хэрэгт холбогдсон хүмүүс хууль мэдэхгүйгээс, эсвэл өмгөөлөгч авах хангалттай мөнгөгүйгээс хэрэг, зөрчил нь хүндрэх тохиолдол гардаг. Тиймээс хүн амын ядуу хэсэгт хууль зүйн туслалцааг хүртээмжтэй болгох үүднээс уг хуулийг Засгийн газраас санаачлан батлуулжээ. Нөгөө талаар энэ хууль нь мөнгөгүй ч гэсэн тухайн хүн Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх нөхцлийг бүрдүүлжээ.

Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцаа гэж юу вэ?

Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ гэсэн хоёр үндсэн хууль зүйн туслалцаа үзүүлнэ.

... Хэрэв гэмт хэрэгт холбогдсон, хууль зүйн туслалцаа хүсч буй яллагдагчийн амьжиргааны түвшин нь тухайн үеийн амжиргааны түвшнээс доогуур байвал хууль зүй туслалцаа авах эрх үүснэ ...

Амьжиргааны түвшинг нэгдсэн мэдээллийн сангаас тогтоох боломжгүй бол энэ тухайгаа албан ёсоор тодорхойлуулна. Мөн онцгой болон хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд хууль зүйн туслалцаа үзүүлнэ гэж хуульд заажээ.

Гэмт хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй иргэд хууль зүйн туслалцаа авахын тулд өөрийн оршин суудаг газрын хууль зүйн туслалцааны төвд хандана. Үйлчилгээг үнэ төлбөргүй өгөх ёстой. Одоогоор улсын хэмжээнд нийт 33 төв ажиллаж байна. Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцаа гэдэг нь яллагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хэрэгжүүлэх зорилгоор улсын  өмгөөлөгчөөс  үзүүлж  буй  хууль  зүйн  зөвлөгөө болон  өмгөөллийн  үйлчилгээ юм.

Хууль зүйн зөвлөгөөг өгөхдөө амаар болон бичгээр лавлагаа, мэдээлэл өгч, шаардлагатай хууль зүйн баримт бичгийн эхийг боловсруулж өгнө.

Харин төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх өмгөөллийн үйлчилгээ гэдэгт гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн эрх, хууль  ёсны  ашиг  сонирхлыг  хамгаалахаар  мөрдөх  ажиллагаа  болон  гэмт  хэргийг  шүүхээр  хянан  шийдвэрлэхэд өмгөөлөгчөөр оролцохыг ойлгоно.

... Өөрөөр  хэлбэл, төлбөрийн чадваргүй иргэд гэмт  хэрэгт  холбогдон сэжигтэн  буюу  яллагдагчаар  татагдаж  эхэлсэн  цагаасаа эхлэн  тухайн  хэргийг  шүүхээр  шийдвэрлүүлж  дуусах хүртэл  хугацаанд  өөрийн  хууль  ёсны  эрхийг  улсын өмгөөлөгчөөр хамгаалуулна гэсэн үг юм  ...

Улсын өмгөөлөгч гэж хэн бэ?

Хууль зүйн туслалцааны төвд сонгон шалгаруулалтын үндсэн дээр гэрээ байгуулан ажилладаг, цалин авдаг, төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа өгөх үүрэгтэй, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрх авсан мэргэжлийн хуульчийг “Улсын өмгөөлөгч” гэнэ.

... Улсын өмгөөлөгч зөвхөн өөрийн зорилтот бүлэгт хууль зүйн туслалцаа үзүүлнэ. Хөндлөнгийн этгээдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, давхар ажил эрхлэх хориотой ...

Хэрэв улсын өмгөөлөгч хууль зүйн зөвлөгөө өгөхөөс татгалзсан бол үйлчлүүлэгч Эрх зүйн туслалцааны төвд, өмгөөллийн үйлчилгээ үзүүлээгүй бол хуульчдын холбоонд хандаж асуудлаа тавина. Харин Эрх  зүйн  туслалцааны  төвийн  үйл  ажиллагааны  талаарх гомдлыг  Хууль  зүйн  яаманд  гаргана.

Түүнчлэн шийдэх боломжгүй шалтгааны улмаас улсын өмгөөлөгч төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй байвал үйлчлүүлэгч хувийн өмгөөлөгчид хандах боломжийг энэ хуулиар олгожээ. Энэ тохиолдолд Хууль зүйн туслалцааны төв хувийн өмгөөлөгч ажиллуулахдаа төлбөрийн чадваргүй яллагдагчид өмгөөллийн үйлчилгээг сайн дурын үндсэн дээр үзүүлэх хувийн өмгөөлөгчдөөс, байхгүй тохиолдолд үйлчлүүлэгч нь тухайн нутаг дэвсгэрт өмгөөллийн үйлчилгээ явуулж байгаа өмгөөлөгчид хүсэлт гаргаснаар оролцуулах бөгөөд хувийн өмгөөлөгч ажиллуулах нөхцөл бий болсон тохиолдолд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах аж. Хэрэв гэрээ байгуулж, ажиллуулахаар тохирсон тохиолдолд хууль зүйн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран тогтоосон жишгээр ажлын хөлс олгох бөгөөд энэ нь Төвд ажиллаж байгаа улсын өмгөөлөгчийн цалин хөлсний жишгээр тогтоогдох учиртай юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.