Сталины ач охин
2016.03.30

Сталины ач охин

Энэ бол Иосиф Сталины ач охин Крис Эванс (Chrese Evans). Тэр өнгөрсөн жил олон нийтийн сүлжээнд дээрх этгээд зургийг тавьснаар олны анхааралд өртсөн юм.

Түүний өвөө фашистуудыг бут цохиж, ЗХУ-ыг аж үйлдвэрийн гүрэн болгосон. Бас хэлмэгдүүлэлт, өлсгөлөнгөөр хэдэн арван сая хүнийг үхэлд хүргэсэн. Крис Эванс АНУ-ын Ореган мужийн Портленд хотод амьдардаг. Сүүлийн жилүүдэд тэр гэр ахуйн барааны дэлгүүр ажиллуулж байсан бөгөөд голдуу ярилцлага өгөхөөс татгалздаг. 2011 онд ээжийгээ нас барсны дараа “Пари Матч” сонины сурвалжлагчтай уулзахыг зөвшөөрч, өвөөгөө “араатан” гэж нэрлэжээ.

Дээрх зурган дээр гарсан эмэгтэйн судсаар Сталины цус урсаж байгаа гэдэгт итгэхэд бэрх. Гэхдээ зөвхөн гүржүүдэд байдаг нүүрний хэлбэр, ясархаг бие, нүдний гал түүнд бий. Крис Эванс 43 настай. Жаахан байхдаа Ольга Петерс гэсэн нэртэй байжээ. Түүний ээж буюу Сталины охин Светлана Аллилуева Уильям Петерс гэдэг хүнтэй цөөн хэдэн жил ханилахдаа Эвансийг төрүүлжээ.

Светлана Аллилуева эцгийн хамт. 1935 он

Светлана Аллилуева 2011 оны 11 дүгээр сард нас барсан. Тэрээр нас барахдаа Лана Петерс гэсэн нэртэй байв. Учир нь амьдралынхаа сүүлийн жилүүдэд өөрийн овгоос татгалзах болжээ. Хамгийн анх тэр хүйтэн дайн ид өрнөж байхад Светлана ЗХУ-аас зугтсаныхаа дараа АНУ-аас улс төрийн орогнол хүсэхдээ овгоосоо татгалзах оролдлого хийжээ. Моника Згустова (Monika Zgustova) хэмээх зохиолч эмэгтэй  “Сталины сарнай” нэртэй романдаа энэ тухай тодорхой бичиж, дарангуйлагчийн охины амьдралаар дамжуулж “хорьдугаар зууны эмгэнэл”-ийг дүрсэлжээ.

Крис Эванс Орос, Украйнд дэлгэрсэн борщ шөлөнд дуртай аж. Тэр энэ хоолыг ээжийгээ дурсахын тулд хийдэг. Бага байхаасаа Ольга гэсэн нэрэндээ дургүй болж, Кристина гэсэн шинэ нэр сонгожээ. Хэдийгээр нэрээ сольсон ч сэтгүүлчид түүний гэр бүлийг олж чаджээ. Тэд зөвхөн Англид л хэсэг хугацаанд хэвлэлээс хол тайван амьдарчээ. Крисийг орос нутагтай холбож буй цорын ганц зүйл бол түүний ээжийн өнгөрсөн амьдрал. Ээж нь амьдралдаа таван удаа гэрлэсэн. Түүнийг Зөвлөлтийн КГБ, Америкийн Тагнуулын алба байнга ажигладаг байв. Нэг үгээр хэлбэл энэ эмэгтэй хүйтэн дайны билэг тэмдэг болжээ. Нэг хэсэг Пристоны их сургуульд багшилж байв. Дараа нь АНУ-д суурьшихаасаа өмнө хэд хэдэн оронд амьдарч ном бичиж олсон мөнгөө үрж дуусав. Эцэст нь 1978 онд АНУ-ын иргэн болов. 1984 онд Зөвлөлт рүү буцах гэсэн боловч бүтээгүй ажээ.

Крис АНУ-д нягтлан бодогчийн боловсрол эзэмшжээ. Түүний найзууд болон ажлынхан нь сэтгүүлчдийг түүнд ойртуулах дургүй, голдуу “Кристэд Зөвлөлтийн талаар ярих юм байхгүй” гэж хэлдэг байна.

Охиноо насанд хүртэл өвөөгийнх нь талаар ярихыг хүсдэггүй байсан ээж нь өндөр настны асрамжийн газар нас барсан. Светланаг зургаан настай байхад түүний ээж буюу Сталины эхнэр амиа хорложээ. Крисийн хувьд Сталин тэдний гэр бүлийн нэг хэсгийг сүйтгэж, ээжийнх нь хайртай байсан залууг цөллөгт явуулсан гэж ярьдаг.

Крисийн энэ мэт үгэнд Оросын Коммунист намынхан тийм ч дуртай биш байдаг ажээ.

Сталин эхнэр буюу Крисийн эмээгээс 23 насаар ах байжээ.