Энхтүвшин.Ө 2016.03.30 | Сонин: Өдрийн сонин

МАН, МАХН-ын саналыг хувааж, дөрөв дэх удаагаа гаръя гэдэг сонирхол байна

МАН, МАХН-ын саналыг хувааж, дөрөв дэх удаагаа гаръя гэдэг сонирхол байна
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшиний өнгөрсөн баасан гаригт ТВ-9 телевизийн “Энэ өдрийн зочин” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна. 

-МАН, МАХН сон­гуульд хамтран оролцохтухай хэлэлцээ хийх ажлын хэсэг бай­гуулсан. Ажлын хэс­гийн явц ямар байна вэ.Өнөөдрийн байдлаар ямар шийдвэрт хүрэв?

-Ажлын хэсгийн яв­цын талаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэл надад алга. Ямартай ч хоёр талаасаа дөрөв, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй аж­лын хэсэг гаргаад ажиллаж байгаа гэж сонссон. Ганц, хоёрхон удаа уулзаад тохиролцоонд хүрчих хэмжээний асуудал бол энэ биш. Ажлын хэсэг гаргаж байна гэдэг нь том дэвшил, ярилцаж байгаа нь том алхам. Ийм шаардлага байгаа юу гэвэл байгаа. Энэ цаг үеийн хамгийн том асуудал шүү дээ.

-Ер нь МАН, МАХН-ын ахмад гишүүд “Хоёрнам хамтраач, нэгдээч” гэ­дэг саналыг удаадараа өгч байсан. Та хувь улстөр­чийн­­хөө хувьд энэ асуудлыг яаж хүлээж авч бай­на вэ? 

-Ахмад гишүүд тө­дий­гүй залуу, дунд үеийн­хэнд ч ийм бодол санаа давамгайлж байгаа. Би үүнд итгэлтэй байгаа. Дөнгөж саяхнаас ч ингэж ярьсан юм биш. Хоёр, гурван жилийн өмнөөс ингэж ярьж, хандаж бай­сан. Миний байр суурь гэвэл “Энэ хоёр нам учраа олох хэрэгтэй” гэж үзэж байгаагаа телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгс­лээр шууд хэлж бай­гаа. Бид учраа олж чадал­гүй­гээр гурван сонгуулийг үзлээ. Гурван сонгууль болоход манай хоёр нам саналаа хуваагаад алдлаа. 

Энд хоёр нам гэхээсээ илүү ард түмэн хожигдлоо. Тиймээс том эрх ашгаа бодоод энэ хоёр нам учраа олж, хүчээ нэгтгэх ёстой. Яг нэг нам болж, нэрээ өөрчлөх асуудал хугацаа, хууль, эрх зүйн хувьд өн­гөр­сөн байж магадгүй. Гэх­дээ л хүчээ нэтгэх ямар хэлбэр байна вэ. Түүнийг бүх талаас нь шавхаж бо­доод нэгдэж чадах, ча­дахын төлөө ажиллах ёс­той. Нэгдвэл юуг бүтээж чадах вэ гэдгээ эхэлж ярих хэрэгтэй. Түүнээс биш шууд 20х80 уу, 30х70 уу гээд сандал ширээний төлөө ярианаас эхэлвэл буруу.

 -Гэтэл МАХН-ыг 2016 оны сонгуульд оролцуу­лахгүй байх сонирхол хэсэг бүлэг хүнд байна уу даа гэжхарагдаад байна. Үүнийг юунаас харж болох вэ гэвэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг Авилгатай тэмцэхгазраас баривчилна гэдэг асуудал нийгэмд яриг­даад байна. Гэтэл хоёр нам нэгдэхээр ажлын хэсэг бай­гуулчихсан. Ингэхэд Авилгатай тэмцэх газрын ард хэн байна вэ? 

-Тэр, энэ гэж өнөөдөр шууд хэлэхэд хэцүү. Би ерөн­хийдөө гадарлаж бай­гаа. Үйл явдлын өр­нөлийг ч харъя. Хоёр нам нэгдэхээр ажлын хэсэг гаргаад ажиллаж бай­хад иймэрхүү асуудлыг сөх­нө гэдэг улс төрийн зорил­го­той л байна. Зүв зү­гээр байснаа хоёр нам нэг­дэх тухай ярингуут Н.Энхбаяр даргыг барих, хорих тухай л шуугиж эхэл­лээ. Тиймээс ажлын хэс­гийн ажлыг зогсооё, хоёр намын нэгдлийг болиулъя гэдэг санаархал үүний цаана байна уу даа гэж хараг­даж байна. 

Асуудал нь Н.Энхбаяртаа ч биш, МАН, МАХН-даа ч биш. Хоёр намаар саналыг нь дахиад хувааж дундаас нь дөрөв дэх удаагаа гарч ирье гэдэг сонирхолд чиг­лэсэн үйл ажиллагаа. Яагаад гэвэл, Н.Энхбаяр дарга ямар аймаар гэмт хэрэг хийчихсэн болохоор нь барих гээд байгаа юм бол гэдгийг хэвлэлүүдээр гар­сан мэдээллүүдээс харж үзлээ. 

Гэтэл барьж хориод байхаар айхтар мэдээлэл алга. Намын байрны мөн­гийг нэг хүнд өгөөгүй ч гэдэг юм уу. Үнэн худал нь мэдэгдэхгүй нэг иймэрхүү зүйлүүд яваад байгаа юм. Тэр нь үнэн байлаа гэхэд энэ бол иргэний шугамаар шийдэгдэх асуудал. Тэгэх тусмаа Монголын өмчийг авсан нэг гадаадын нөхөр нэхэмжлэл гаргасны тө­лөө, тэр иргэний шуга­маар шийдэгдэх байтал шууд  эрүүгийн болгож хут­гаад байгаа нь тэр тус­маа сонгууль дөхсөн үед огт итгэл үнэмшил төрүүлэхгүй байна.

 -Олон ч хуульч тантай ижил байр суурьтай бай­сан. Энэ нь эрүүгийн биш иргэний асуудал. Гэтэл улс­төр­жүүлж байна гэж хэлж байсан. Тэгвэл хууль хяналтынхны аливаа асуу­далд хандахдаа улстөр­жүүлдэг,нэг хүн рүү чиг­лүүл­дэг асуудлыг яаж таслан зогсоох вэ? 

-Ялангуяа УИХ, түүн дотор сууж байгаа хүмүүс, Ерөн­хийлөгч хууль хянал­тынхны л бодох ёс­той асуудал шүү дээ. Ту­хайл­бал, нэг асуудал бүр их анхаарал татаж бай­на. Н.Энхбаяр дарга телевизээр долоо удаа ярина билээ. Эрүүгийн хуулийн 263.2 гэдэг зүйл анги бол 2009 онд өршөөлд хамрагдчихсан. Өршөөлд хамрагдсан гэ­дэг бол түүгээр ямар ч хүнийг шийтгэхгүй, ийм асуудлаар шалгаж байсан бол зогсооно гэсэн үг. 

Гэ­тэл 2012 онд өнөөх Өр­шөөлийн хуульд хам­рагд­чихсан зүйл ангийг зөвхөн Н.Энхбаяр даргад сэргээж хэрэглэсэн гэж яриад байгаа. Тиймээс би үүнийг үнэн юм уу, худал юм уу гэдгийг нэлээд хэдэн хуульчаас асуусан. Монголын хуулийг ин­гэж айхтар завхруулж бай­гаа хүмүүс өөрсдөө ха­риуц­лага хүлээх ёстой. Үүнд даруйхан хариулт өг­мөөр байна. Хэд хэдэн удаа телевизээр өршөөлд хамрагдчихсан зүйл ангиар хүнийг шийтгэчихсэн бай­на гэдгийг хэлж яриад байхад л үүнд ямар ч хариу байхгүй байна шүү дээ. Эсвэл 263.2 гэдэг зүйл анги чинь 2009 оны өршөөлд ороогүй байсан юм уу гэдэг асуудлын уч­рыг мухарламаар байна. УИХ-ын гишүүд нэг хүнд хэрэглэж болдог хачин хууль гаргачихсан юм уу.

Үгүй бол УИХ-ын гишүүд гаргасан хуулийнхаа хэрэгжилтийг хангуулахын төлөө ажиллах ёстой. Үүн дээр яагаад таг чиг суугаад байна вэ. Гэтэл саяхан Авилгатай тэмцэх газраас 263.2-оор ялласантай хол­боотойгоор 263.3-аар ялтай байх хугацаа үргэл­жилж байна гэдэг бичиг өгсөн байна билээ. Үүнийг би бүр гайхаад байгаа юм. Харин 2009 оноос хойш шинээр асуудал үүссэн бол ондоо шүү дээ. 

-Яг тан шиг ингэж зааг ялгааг нь гаргаж ярихгүй л байна. Нийгэмд мэдээ­лэл тараахдаа Өр­шөө­лийн тухайхууль бат­лагд­лаа. Гэхдээ энэ хууль нэг хүнд зориулж бат­лагд­сан хууль гэдэг мэдээллийг тараажбайсан. Тэгэхээр мэдээллийг иргэдэд өгөхдөө зохион байгуулалттайгаар буруу ташаа өгдөг асуудал байна уу?

-Үнэхээр ингэж зо­риудаар мушгин гуйвуул­сан бол, нэг хүнд таа­руул­сан бол, улс тө­рийн зорилгоор ингэж хэ­рэг­лэ­сэн бол энэ нь маш том асуудал болно. Ганц Н.Энхбаярын тухай асуу­дал энэ биш. Яг үүгээр ял үүсгэсэн, мөрдсөн, ял өг­сөн шүүх, прокурор, Авил­гатай тэмцэх газар, үүнд хяналт тавих ёстой УИХ нь бүгдээрээ том асуудалд унана. 

Энэ хэрэв үнэн бол цаашид Монгол Улсад ямар ч хууль гаргах хэрэггүй. Хэн нэгэн эрх дархтай хүн хууль зөрчиж болно, түүндээ хариуцлага тооцож чадахгүй улс болжээ гэдгийг л харуулах болно. Тиймээс үүн дээр эхлээд хоёрдмол утгагүй хариултыг олон нийтэд өгөх ёстой. Няцаалт өгөх зүйлдээ тэр өдөрт нь, бүр цагийн дотор хариулт өгдөг шүү дээ. Гэтэл энэ асуудал яригдаад маш олон сар болж байна. Тэгэхэд аль ч газраас ямар нэгэн хариу алга. 263.2-оор ял өгсөн юм, эсвэл өгөөгүй юм аа ч гэдэг хариу алга. Тэгсэн хэр нь Н.Энхбаяр даргыг баривчлах тухай л яриад байдаг. Одоо сонгууль дөхөж байгаа энэ үед хэн нэгнээ барив­чил­на, хорино гэдэг асууд­лыг зогсоох хэрэгтэй. Ард түмнээ хүндэтгэх хэрэг­тэй. Үнэхээр аюултай хэ­рэг хийчихсэн юм бол үүнээс өмнөх хугацаанд барьж аваад шийтгээд, бүгд найрамдахыг нь ун­шаад явуулахгүй яасан юм. 

Чимээгүй байж бай­чихаад яг сонгууль дө­хөөд ирэхээр, хоёр нам нэг­дэхээр ажлын хэсэг бай­гуулангуут ийм асуу­дал үүсгэж байгаа нь үнэ­хээр олон нийтийн дур­гүйцлийг төрүүлж байна шүү. Би хувьдаа үүнийг хөндлөнгөөс нь нэлээд харлаа. Хууль хяналтынхан аль нь зөв, аль нь буруу яриад байгааг хэлж, нэг тийш нь болгоно байх гэж хүлээсэн. Гэтэл тэгсэнгүй. Тиймээс улс төрийн зо­рил­готой гэдэг нь ойл­гог­дож байна. Үүнийг тас­лан зогсоох зорилгоор дуу­гарч, ажиллаж байгаа хүн алга л даа. Энэ нь хэл­мэг­дүүлэлтэээр зогсохгүй том асуудал.

Ер нь манай нам 1996-1997 оны үед Бага хурлаараа яг энэ асуудлыг яриад тэр 1930-1960-аад оны үед ямар нэгэн байд­лаар хэлмэгдүүлж байс­ныхаа төлөө ард түм­нээ­сээ уучлалт гуйсан. Хэл­мэгдсэн хүмүүсийн үр хүүхэд, ач зээ, төрөл садан, ард түмнээс уучлалт гуйх­даа үүнээс хойш, түүнээс цааш бие махбодь, оюун санаа, эд хөрөнгөөр нь хэл­мэг­дүүлдэг ийм муу­хай түүхийг ахиж давтах­гүйн төлөө бүх хү­чээ­рээ ажиллаж, ал­даа гаргахгүйгээ андгайл­сан. Үнэхээр ийм хэлмэг­дүү­лэлт гарах гээд байгаа бол Н.Энхбаяр байх нь хамаа­гүй бид бүгдээрээ үнэнээрээ босч тэмцэх хэрэгтэй. 

-Яг ийм асуудал ярьж байгаа үед бас нэг зүйлийг асуу­маар байна. 1996 онд Ардчилсан нам эрх барьжбайхдаа улс орныг бус­ниул­сан гэж ахмад, дунд үеийнхэн ярьдаг л даа. Одоо яг ийм зүйл давтагдах нь гэжяриад байна. Үнэхээр ийм зүйл болсон уу? 

-Би 1937 он тэр үедээ өн­гөрсөн гэж бодож бай­сан. Сүүлийн жилүүдэд болж байгаа зүйлүүдийг хараад байхад 1937 он руугаа буцах гээд байна уу даа гэдэг болгоомжлол үе үе төрж байна. 1937 оны зарим нэг шинж тэм­дэг, адилхан зүйлүүд нь өнөөдөр сэргэчихсэн бай­на. Жишээлбэл, хуульт ёсыг үл тоож, уландаа гиш­гэдэг. Хууль хүчний бай­гуул­лагуудыг хэн нэг эрх мэдэл­тэй хүн өөрийнхөө зо­рилгын төлөө мах­ны машин болгож ашиг­ла­даг.

Хууль хүчний бай­гуул­лагынхан хуулиа ба­рилгүй тэр хүмүүст ашиг­лагддаг. Тэдэнд хөт­лөг­дөж, даалгаврыг нь гүй­цэт­гэхээр явдаг. Тэ­гээд ард иргэдийг хэлмэг­дүүлдэг. Нэг бариад ав­сан бол заавал түүнийг бу­руутгах гэж оролддог. Олон сар, жилээр хорьдог. Ямар ч мөрдөн байцаалт хийхгүйгээр ямар нэгэн буруу олох гэж суулгаж суулгаж байгаад, нэг зүйл ангиар шалгаж байснаа шал өөр зүйл ангиар шийтгээд явдаг. Үгсэж хуйвалддаг. Хувийн болон улс төрийн зорилгоор бие биенээсээ өшөө авах гэж оролддог. Эдгээр зүйл 1937 оны үед байсан гэдгийг би түүхч хүний хувьд мэдэж байна. 

Гэтэл энэ чинь өнөө үед байхгүй болчихсон гэж хэлэх үндэсгүй болжээ. Тиймээс бүгдээрээ сэрэмжлэх хэрэгтэй. Ахиад 1937 оныг давтвал аймшигтай шүү. Ийм л зүйлийг бага дээр нь тас цохиж байхгүй бол нэг мэдэхэд хяналтаас гараад явчихсан байх тийм цаг ирж магадгүй. Ялангуяа хүний эрхэнд халддаг хууль хүчний байгууллагуудын нарийн ширийн дотоод хэрэгт нь оролцохгүй хэдий ч ерөнхийд нь хуулийн дагуу байна уу үгүй юу гэдэгт иргэд ч, хэвлэл мэдээллийн байгууллага ч байнга хяналт тавьж байх ёстой. Ийм байгууллагыг дураар нь тавьбал том машины араанууд чинь эргэх гээд байдаг зүй тогтолтой. Өөрсдөө ч мэдэлгүйгээр эргүүлэх гээд байдаг. 

-Тэр том машиныг эргүүлэхэд нөлөөлж байгаа хүчин зүйл нь юу вэ. Эрх мэдэл үү, эд хөрөнгө үү? 

-Аль аль нь. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн туршлага дутуугаас ч болж байна. Эсвэл өөрсдийнх нь шударга бус байдлаас ч болж байна. Их олон хүчин зүйл нөлөөлж байгаа.                     

-2016 оны сонгуулиас өмнө хоёр намын эвсэх ажлын хэсэг үр дүнд хүрэх болов уу?

-Өнөөдөр улс орны өмнө зайлшгүй шийдэх ёстой томоохон асуудлууд овоорчихсон байна. Бүр шийдээсэй гэж хүлээж байна. Үүнийг шийдэхийн тулд хоёр нам нэгдвэл илүү үр дүн гаргах уу, эсвэл тус тусдаа байвал үр дүнд хүрэх үү гэдэг дээр ажиллаж, цаашид зорилго дээрээ нэгдэж чадвал дараа нь суудал 60х40 уу, 70х30 уу гэдэг нь жижиг асуудал гэж би ойлгож байгаа. Ер нь цөөхөн монгол хүчээ нэгтгэх ёстой. Үзэл бодлын хувьд ч шал өөр чиглэлийн хүмүүс биш. Нийгмийн хамгаалал, төрийн зохицуулалт, ард түмний ядарсан хэсгийг илүү хамгаалъя гэж ярьдаг. Гэтэл зорилго нэгтэй хэр нь өөр нам болчихоод л яваад байгаа. Муудалцсан хоёр хүн ч гэсэн учир зүйгээ ололцож эвлэрэхэд гоё л байдаг биз дээ. 

-УИХ-ын намрын чуулганы завсарлагын хугацаа явж байна. Энэ хугацаанд та тойрогтоо ажиллав уу.Тойргийн иргэд тулгамдаж буй гол асуудлаа юу гэж хэлж байна вэ?

-Надад тухайлан энэ тойрог гэх юм байхгүй. Гэхдээ намын жагсаалт гэдэг бол Монгол Улсын бүх нутаг дэвсгэр, газар нутагт ажиллана гэсэн үг. Би сүүлийн үед иргэдийн хүсэлтээр дүүргүүдэд ажил­лаж байгаа. Баян­зүрх, Чингэлтэй дүүрэгт ажил­лаж байна. Баянзүрх дүүрэгт иргэдтэй томоо­хон уулзалтуудыг хэд хэ­дэн удаа хийсэн. Энд нэ­лээд том асуудлууд хуримт­лагдсан байгааг мэдсэн. Томоор зогсохгүй маш ноцтой асуудлууд бий болсон байна.  

Түүний нэг нь дөрвөн жил явж байгаа гэр хорооллын дахин төлөв­лөлтийн ажил байна. Хүний хашаа, байшин, ТҮЦ-ийг нураагаад дараа нь 1-2 өрөө байр өгнө гэж гэрээ хийсэн тухай юм. Яахав, газар чөлөөлж өгсөн иргэдийн нэг хэсэг нь байрандаа оржээ. Олонх нь 1-2 өрөө байр ч байхгүй, газар ч байхгүй, ТҮЦ ч байхгүй, бүр хашаа ч үгүй, гэр ч үгүй гудамжинд тэнэж явна. Айл айл, ах дүү нараараа хэсээд явж байна. Уйлаад ярьж байна. Би нэг удаа 500 хүнтэй уулзсан. Тэр уулзалтан дээр хүмүүс зөвхөн энэ асуудлыг л ярьсан. Бусад асуудал руу ороогүй. Үүнийг Хотын захиргаа анхаарах ёстой. “Бид ийм хугацаанд та нарын асуудлыг шийдэж өгнө” гэж хариугаа өгөх ёстой. Өнөөдөр хариу өгөхгүй, утсаа ч авахгүй, тэнд улсууд уйлаад бухимдаад явж байна. Нөгөөдүүл нь зүв зүгээр бизнес хийж байгаа хү­мүүс байна.  

Шар хад, “Да хүрээ” зах хавийнхан. Тэд их үүрэг гүйцэтгэж бай­гаа хүмүүс. Төрөөс юм шаар­дахгүйгээр татвараа төлөөд олон хүнийг ажлын байртай болгоод гэр бүлээ тэжээгээд явж бай­гаа. Тэднийг хүчээр Улаан­баатараас баруун тийш хүйтэн, ямар ч дэд бүтэцгүй, цэвэрлэх бай­гууламжийн муухай үнэртэй газар руу хүчээр нүүл­гэнэ гээд байгаа юм. Би газар дээр нь очиж үзсэн. Энэ бол үнэхээр ноцтой асуудал. Төрийн байгууллага болоод ир­гэдийн хооронд мөр­гөл­дөөн ч гарч магад­гүй юм билээ. Би Хотын захиргаан дээр очиж уул­зан энэ асуудлыг хөндөж тавьсан.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг нийслэлийн ИТХ-аас гаргасан журмаар зохицуулдаг. Үүнийг хуульч­­лаад өгч болдоггүй юм уу гэсэн саналыг иргэд гаргадаг. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ? 

-Хуульчиллаа гэхэд маш ерөнхий л болно байх. Энэ бол цэвэр хот гэдэг том айлын өөрийнх нь шийдэх асуудал. Юуны төлөө хот гэдэг том айл байгаа билээ. Юуны төлөө хурал байгаа билээ. Юуны төлөө мундаг эрх мэдэлтэй, мөнгөтэй Засаг дарга гэдэг хүн байгаа билээ. Харин шийдэхдээ ард түмнийхээ санал дээр тулгуурлаж, ялангуяа бизнес эрхэлж буй хүмүүсийнхээ санал бодлыг сонсч, их л ухаалаг шийдэх ёстой асуудал. Шар хадны авто худалдааны зах орчимд нийт 12 мянган айл өрх захуудтай холбоотойгоор амьдарч байгаа юм билээ. Лангуу түрээслэдэг хүмүүсээс гадна тэднийг дагасан жижиг бизнес эрхлэгчид гэж байна.  

Хоолны газар ажиллуулж, угаалга, онош­логоо ажиллуулдаг хү­мүүс бий. Энэ бол тэндээс хоолоо олж идэж буй 12 мянган хүний эрх ашгийн асуудал юм. Энэ хүмүүсийн эрх ашгийг хөндөж, тэнд ч аж­лын байргүй, энд ч аж­лын байргүй болгож, болж байсан юмыг нь бүр үй­мүүлж болохгүй. Өнөө­дөр Монгол Улсын эдийн засаг хүнд байна шүү дээ. Ийм үед ядахдаа болж бай­гаа, амьдралаа аваад явж байгаа хэсэгт нь гай болох­­гүйхэн шиг холхон байх хэрэгтэй гэж бид үзэж байгаа.