Чингэлтэйчүүд биеийн тамирын хувцсаа өөрсдөө үйлдвэрлэж байна
2016.03.30

Чингэлтэйчүүд биеийн тамирын хувцсаа өөрсдөө үйлдвэрлэж байна

Нийслэлийн дүүрэг бүрт жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжсэн төв байдаг.

Энэхүү төв нь өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж, бодит туслалцаа үзүүлэхэд гол мөн чанар нь оршдог. Энэ удаа бид байгуулагдаад таван жил болж буй Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих “Бизнес инкубатор төв”-ийн үйл ажиллагаанаас товч сурвалжлага бэлтгэлээ.

Тус төвийн байранд 13 үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулдаг аж. Ер нь Чингэлтэй дүүргийн хэмжээнд 400 гаруй үйлдвэрлэл эрхэлдэг хүн байдаг гэнэ. Тэдний олонхи нь гэр хороололд бий. Борлуулалтын тал дээр дүүргээс дэмжлэг үзүүлж “Алтжин бөмбөгөр”-т есөн лангуу болон 40 мянгатад “Чингэлтэйд үйлдвэрлэв” нэртэй дэлгүүр байдаг юм байна. Үүнээс гадна зарим нь хувиараа “Нарантуул” олон улсын худалдааны төв дээр борлуулалтаа хийдэг аж. Түүнчлэн зөвхөн захиалгын дагуу хувцас, арьсан эдлэл хийдэг бизнес эрхлэгч ч байна. Бид Чингэлтэй дүүргийн БИТ-д үйл ажиллагаа явуулдаг ганц, хоёр үйлдвэрээр орлоо. Хамгийн түрүүнд ажлын хувцас болон спорт хувцасны үйлдвэрлэл эрхэлдэг хүний ажилтай танилцлаа.

Түүний хувьд Солонгост спорт хувцасны үйлдвэрт ажиллаж байсан туршлага дээрээ тулгуурлан энэ чиглэлээр бизнес эрхэлж байгаа аж. Түүнчлэн ажлын хувцас ч захиалгаар үйлдвэрлэж байна. Тус үйлдвэр нь гимнастик, сагсан бөмбөг, волейболын өмсгөл, хослол хийдэг аж. Одоогоор манай улсад хамгийн их олдоцтой материалтай нь дээрх хувцаснууд гэнэ. Усан спорт л гэхэд материал нь Монголд байдагтүй учраас хийх боломжгүй байдаг юм байна. Ер нь манай улсын хувьд хамгийн их захиалга авдаг сагсан бөмбөг, волейбол, гимнастикийн хувцас.

Мөн биеийн тамирын хослол ч мөн эрэлттэй байдаг тухай үйлдвэрлэгч ярилаа. Тэдний хувьд биеийн тамирын хослол 75000, өмсгөл 25000 төгрөгөөр хуцалдаалдаг. Энэхүү спорт хувцасны үйлдвэр нь БИТ-д үйл ажиллагаа явуулаад нэг жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд 19 байгууллагын хувцас захиалгаар хийсэн гэнэ. Үйлдвэрлэгчид “Бидний хувьд тухтай ажлын байртай байна гэдэг л хамгийн том боломж юм.

Түүнээс биш ажлын байргүй бол хэцүү шүү дээ. Ажлын байртай байхад бага багаар захиалга аваад болоод л байна. Мөн ажлынхаа хажуугаар сургалтад хамрагдана. Тэр бидэнд нэлээд тус болдог. Мэдэхгүй зүйлээ сурна гэдэг жижиг дунд бизнес эрхлэгчдэд олдох завшаан юм даа” гэв. Үйлдвэрлэл эрхлэгчдийн БИТ-д байрлах хугацаа хоёр жил. Энэ хугацаанд түрээс төлөх чадвартай болдог тухай тус төвийн захирал С.Энхтайван ярилаа.  Яагаад гэвэл метр квадрат нь 2000 төгрөгийн үнэтэй байдаг  бөгөөд зургаан сарын хугацаанд бизнес төлөвлөгөө гаргаж ажилладаг юм байна. БИТ-ээс ажлын байраар хангах тал дээр олон асуудал шийдвэрлэж өгчээ. Энэхүү төвөөс 670 үйлдвэр эрхлэгчид ямар нэгэн байдлаар туслалцаа үзүулсэн байна. БИТ-д арьсан цүнх, түрийвч, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг цехээр орлоо. Уг цех нь борлуулалт гэхээсээ илүүтэй шууд захиалга авч ажилладаг аж. Гэхдээ сүүлийн үед эдийн засгийн хямралаас үүдэн захиалга, борлуулалт эрс муудсан гэдгийг хэллээ.

Түүний хувьд заримдаа боломжоо ашиглан гадаад руу бүтээгдэхүүнээ экспортлох арга зам хайж байгаа гэнэ. Биднийг очих үеэр Англи руу дэвтэрний хавтас нийлүүлэх захиалга аваад ажиллаж байв. Тус цехийн эзэн хэлэхдээ ‘Танил, найз нөхдөөрөө дамжуулан гадаадаас       захиалга авах санаатай. Эхний ээлжинд Англиас тэмдэглэлийн дэвтрийн хавтасны захиалга авсан. Түүнийгээ нийлүүлэх гээд ажиллаж байна. Миний хувьд дөрвөн жилийн турш энэ       чиглэлээр бизнес эрхэлж байгаа юм.

Дэмжлэг маш сайн байгаа ч зээлийн асуудал хүндрэлтэй. Бидний яг хүссэн хэмжээгээр зээл гардаггүй. Тэгэхээр эргэлтийн хөрөнгөгүй болчихно. 10 сая төгрөгийн зээлийн хүсэлт гаргахад талыг  нь л баталдаг. Зээлийн асуудлыг хугацаанд нь, хүссэн хэмжээгээр шийдээд өгчихвөл болно доо. Мөн ажлын байрны асуудал хүндрэлтэй. Миний хувьд энэ байранд хоёр жил болж байгаа. Гэрээний дагуу бол хоёр жил болоод байраа суллах ёстой. Эндээс гараад хаачих вэ гээд л бодож сууна” хэмээн ярилаа. Тус цехийн үйлдвэрлэдэг нийт бүтээгдэхүүний 70 хувь нь цүнх, үлдсэнийг нь түрийвч, бусад жижиг бараа эзэлдэг байна.

Ингэхдээ нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 80 орчим хувь нь зөвхөн захиалгынх. БИТ-ийн зүгээс аль болох уян хатан, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд олон талт хэмжээн зохион байгуулдгаараа бусад дүүргийн ижилхэн үйл ажиллагаатай байгууллагаас ялгаатай гэнэ. Сүүлийн жилүүдэд өрхийн үйлдвэртэгчийн тоо эрс нэмэтдсэн ч бордуулалт хангалтгүй байх болжээ. Энэ нь эдийн засгийн хямралтай холбоотойг бизнес эрхлэгчид хэлж байна. Түүнчлэн арилжааны банкуудын зээлийн нөхцөл хатуу болсон тухай ярилаа.