Даваадорж.Г 2016.03.31 | Сайт: Vip76.mn

Бүх төрлийн зөрчлийг нэг хуулиар зохицуулна

Бүх төрлийн зөрчлийг нэг хуулиар зохицуулна

Зөрчлийн хууль нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад 220 гаруй хуулинд байдаг захиргааны бүх зөрчлийг төрөлжүүлэн нэгтгэсэн, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг шингээсэн хууль юм.

Зөрчлийн хууль нь Ерөнхий болон Тусгай ангиас бүрдэнэ.

Ерөнхий анги

Зөрчил үйлдсэн этгээдэд оноох шийтгэлийн төрөл, хэмжээ нь зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна. Зөрчилд хамтатгаж биш, тус бүрд нь шийтгэл хүлээлгэнэ. Зөрчлийг хамтран үйлдвэл этгээд тус бүрд шийтгэл бодно.

... Түүнчлэн зөрчил үйлдсэн хувь хүн, хуулийн этгээд нэг зөрчлийг байнга, эсхүл  3 ба түүнээс дээш удаа үйлдсэн бол тухайн зөрчилд заасан хэмжээг нэмэгдүүлж шийтгэл хүлээлгэдэг байхаар тусгажээ ...

Сэтгэцийн эмгэг, оюуны хомсдолтой, эрх зүйн чадамжгүй хүнийг хэрэг хариуцах чадваргүйд тооцно.

Аливаа шийтгэлд торгууль ногдуулахдаа төгрөгөөр биш тооцооны бодож тооцно.

... “Тооцооны нэгж” гэж бараа, ажил, үйлчилгээний үнэ нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханштай уялдан өөрчлөгдөж байхаар илэрхийлсэн үнийн санал юм ...

Хэрэв 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлтэй зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн, 500-10 000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэлтэй зөрчлөөс хойш нэг жил өнгөрсөн, 10-50 мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл зөрчлөөс хойш хоёр жил өнгөрсөн бол зөрчил гаргасан этгээдэд шийтгэл оногдуулахгүй.

... Хуулийг биелүүлэх боломжтой байсан ч түүнийг хангах талаар зохих арга хэмжээ аваагүй бол зөрчил гэж үзнэ ...

Зөрчлийн шийтгэл нь “торгох”, “эрх хасах” гэсэн хоёр хэлбэртэй байхаар хуулийн төсөлд заасан байна. Торгох шийтгэлийн хувьд хувь хүнийг зөрчлийн шинж, хохирлын хэмжээнээс шалтгаалаад 10-10 мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 500-50 мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Харин эрх хасах шийтгэл гэдэг нь тухайн этгээдийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсвэл тодорхой эрхийг зургаан сараас хоёр жилээр хасах, тусгай зөвшөөрлийг цуцлахыг хэлж байгаа юм.

Зөрчил гаргасан этгээдэд албадлагын арга хэмжээ авахдаа дараах аргуудыг хэрэглэнэ. Үүнд:

  • Орлого, эд зүйл хураах,
  • Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах (тээврийн хэрэгсэл, багаж гэх мэт),
  • Хохирлыг нөхөн төлүүлэх,
  • Албадан эмчлэх,
  • Нийтэд тустай ажил хийлгэх (зам, талбай цэвэрлэх, мод суулгах гэх мэт)
... Нийтэд тустай ажлыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 20-80 цагаар хийлгэнэ ...

Жирэмсэн эмэгтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнээр нийтэд тустай ажил хийлгэхгүй.

Тусгай анги

Зөрчлийн хуулийн Тусгай ангийг Эрүүгийн хуулийн Тусгай ангитай адил байдлаар бүлгүүдэд хуваажээ. Тусгай ангид 220 гаруй хуулийн захиргааны бүх зөрчлийг төрөлжүүлэн нэгтгэснээр аль ч төрлийн зөрчилд шийтгэл оноохдоо зөвхөн нэг хууль хэрэглэх боломжтой болсон юм. Ингэснээр ижил зөрчилд хоёр хуулинд хоёр өөр төрлийн шийтгэл оноодог, ял завшуулдаг байдал арилжээ.

Зөрчлийн хуулийн Тусгай анги нь дараах бүлгүүдээс бүрдэнэ. Үүнд:

Тавдугаар бүлэг. Хүн амын эрүүл мэнд, орчны аюулгүй байдлыг хамгаалах журмын эсрэг зөрчил;

Зургадугаар бүлэг. Байгаль орчныг хамгаалах журмын эсрэг зөрчил;

Долдугаар бүлэг. Нийгмийн ёс суртахуун, хэв журмын эсрэг зөрчил;

Наймдугаар бүлэг. Нийтийн эзэмшлийн хөрөнгийн талаар тогтоосон журмын эсрэг зөрчил;

Есдүгээр бүлэг. Аж ахуйн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчил;

Аравдугаар бүлэг. Үнэт цаас, банк санхүү, гааль, татварын журмын эсрэг зөрчил;

Аравнэгдүгээр бүлэг. Барилга, үйлдвэрлэл, эрчим хүчний журмын эсрэг зөрчил;

Арванхоёрдугаар бүлэг. Хөдөө аж ахуйн журмын эсрэг зөрчил;

Арвангуравдугаар бүлэг. Мэдээлэл, харилцаа холбооны журмын эсрэг зөрчил;

Арвандөрөвүгээр бүлэг. Тээврийн хэрэгслийн ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг зөрчил;

Арвантавдугаар бүлэг. Төрийн албаны хэвийн үйл ажиллагааны эсрэг зөрчил;

Арванзургадугаар бүлэг. Төрийн байгуулалтын эсрэг зөрчил;

Арвандолдугаар бүлэг. Бусад гэсэн зөрчлүүд орно.