Монголын эдийн засаг хос морьтой урагшлах ёстой гэв
Эдийн засгийн форум 2016
2016.03.31

Монголын эдийн засаг хос морьтой урагшлах ёстой гэв

Чуулган өнөөдөр хоёр дахь өдрөө салбар хуралдаануудаар үргэжилнэ.

Өнгөрсөнд авсан сургамж, өнөөдөр тулгамдаж буй сорилт, ирээдүйг харсан шийдэл эрэх энэхүү чуулган эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн, гадаадын хөрөнгө оруулалт буурсан хүндхэн цаг үед болж байгаа гэдгээрээ онцлог.

Тиймдээ ч 2017 оноос эхлэн Монгол Улсын төлөх өр, өнөөгийн өр зээлийн харьцаа, өнгөрсөн сургамжаас бид юуг шийдэл болгож харах вэ гэдгийг чуулганд оролцогчид онцолж байв. 

Тэр тусмаа дан ганц уул уурхайгаас хамааралтай байсан эдийн засгийг солонгоруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд анхаарахыг чуулганд оролцогчид захиж байлаа. Эхний өдрийн хуралдаан Дэлхийн болон бүс нутгийн эдийн засаг нэгдсэн хуралдаанаар эхэлээ. Энэ хүрээнд Дэлхийн болон бүс нутгийн эдийн засагт гарч буй гол үйл явдал, гол зорилтуудыг даван туулах боломжуудын талаар хэлэлцлээ.

Тодруулбал, бүс нутгийн эдийн засагт гарч буй томоохон өөрчлөлтүүд, цаашдын хандлага, Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал /2016-2017 онуудад/, Макро эдийн засгийн бодлогоос үлдсэн сургамж /2009 оноос хойш/, цаашид хэрхэн бодлогын залгамж халааг хадгалах, урт хугацааны шийдэлд хэрхэн хүрэх сэдвээр нэгдсэн хуралдаан үргэлжилсэн юм.

Үүний дараа Хөгжлийн төлөө түншлэл-25 жил, цомхон, чадварлаг төр, нийгмийн даатгалын шинэчлэл, уул уурхайн салбарын алсын хараа, хууль эрх зүйн тогтвортой байдал, хуульчдын өрсөлдөх чадвар, мэргэжлийн ёс зүй, ногоон бизнес, монгол мөрөөдөл зэрэг сэдвийн хүрээнд салбар хуралдаанууд үргэлжилсэн юм. Өнөөдөр Эдийн засгийн форумд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар оролцох бөгөөд аюулгүй хүнс-тогтвортой, ашигтай бизнес, инноваци-бизнесийн боломж, бизнесийн хууль, тогтоомжийг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага зэрэг сэдвүүдээр салбар хуралдаануудад хуваагдан хуралдах болно.

Б. Цогтгэрэл: Бусад салбар байдаг гэдгийг ярих цаг нь болсон

-Монгол Улсын алдаа нь зөвхөн уул уурхайгаас эдийн засгаа хамааралтай байлгасан явдал гэдгийг чуулганд оролцож буй гадны эдийн засагчид онцолж байна. Үнэхээр тийм./МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, эдийн засагч/

Сүүлийн 7-8 жил нүүрсэн толгойтой, зэсэн биетэй л явлаа. Энэ бүгдийг өөрчлөх ёстой. Бусад салбар бас байдаг гэдгийг одоо ярих цаг нь болсон. Мянга, мянган жил тасралтгүй явж байгаа хүнс, хөдөө аж ахуйн салбар байна. Энэ салбараас ямар их ашиг олох вэ гэдгийг олж харахгүй байгаа.

Хамгийн багадаа л 10 тэрбум ам.долларын потенциал байдаг. Энэ салбарынхаа учрыг олоод хөгжүүлчихэж чадахгүй байгаа нь туйлын харамсалтай. Уул уурхай, эрдэс баялгийн үнийн уналт бидэнд нэг зүйлээр давуу тал бий болголоо. Бусад салбараа хөгжүүлэх, тэр тусмаа хүнс хөдөө аж ахуйн чиглэлээ хөгжүүлэх боломжийг бий болгож өглөө. 

Өнөө жилийн форумын зорилт сургамж, сорилт, шийдэл уриантайгаар өрнөж байгаа. Угаасаа ч бид маш их сургамж авсан. Өвдөлтийг хангалттай мэдэрлээ. Цаашдаа ямар сорилт тулгарч байгааг ард түмэндээ хэлэх ёстой. Нэлээд олон жилийн хүндрэл эдийн засагт бий болчихоод байна. Дан ганц энэ дөрвөн жилээр хүндрэлийг хэмжиж болохгүй.

Хоёр ч сонгуулийн хугацаанд үргэлжилсэн хүндрэл үргэлжилж байна. Бид бүх зүйл дээр зардлынхаа бүтцийг өөрчлөх хэрэгтэй болчихоод байна. Мөнгө их олж байсан үедээ тулгуурлаад бүх зүйлийнхээ зардлыг өндөр төлөвлөж ирсэн. Гэтэл одоо тэр зардлаа нөхөж чадахгүйд хүрч, түүнийг нь гүйцэх санхүүгийн урсгал байхгүй болчихсон. 

Хөрөнгө оруулалт ч гэсэн нэмэгдэхгүй нь тодорхой болчихлоо. Тиймээс хаа хаанаа зардлаа хэмнэх ёстой. Дээрээс нь өрсөлдөх чадвараа нэмэгдүүлье. Өрсөлдөх чадвар буюу дотоодын үнэ цэнийн хэлхээг бий болгох хэрэгтэй байна.

Гадаад үнэ цэнийн хэлхээний нэг эд эс нь болж хавчуулагдаж чадвал хүссэн ч эс хүссэн ч чирэгдээд, татагдаад явчихна. Хэт популизм эдийн засагт асар их хохирол учруулж байгаа. одоо бодит байдлыг дүгнэж ярилцах нь зөв.

Том төсөл явж л байвал явуулах нь зөв шүү дээ. Хэрхэн яаж илүү нягтарч, тэр мөнгөөс эдийн засагтаа хэрхэн илүү ихийг шингээх вэ гэдгээ ярилцмаар байна. Гарч байгаа доллар, зарцуулж байгаа ам.доллар бүрээс ихийг шингээж авах нь зөв. 

Уудаг цаас гэж байдаг даа. Үзэгний бэх асгарахаар шингээж авдаг цаас. Яг түүн шиг маш их мөнгөний урсгал ороод ирэхэд түүнээс бид ихийг шингээж авах ёстой юм. Чингис, Самурай бондоо зөв зарцуулж, ингэснээр уул уурхайн асар том төсөлд ядахдаа л цементийг нь, шаарыг нь нийлүүлмээр байна.

Барилгын туслах материалыг ядахдаа Монгол Улс 100 хувь нийлүүлдэг болчихвол эдийн засагт шингэх шингэц нь нэмэгдэнэ. Хоосон тоо л яваад байхаас биш мөнгөний урсгалыг тогтоох, шингээж үлдээх талаар манайхан хангалтгүй байгааг нуугаад яахав.