Чөтгөр үү эсвэл ноён Ван уу?
2016.04.01

Чөтгөр үү эсвэл ноён Ван уу?

Хүндэлмээр боловч айдас төрөм Хятадын хоёр дахь нөлөө бүхий удирдагч Ван Цишань гэж хэн бэ? 

Ван Цишаний хамгийн дуртай зэвсэг бол айдас. Тэр БНХАУ-ын коммунист намын түүхэн дэх хамгийн урт хугацааны төдийгүй өргөн цар хүрээг хамарч буй авлигын эсрэг компанит ажлыг толгойлж байгаа билээ. Тэрээр өөрийн гар доорх мөрдөн байцаагчдаас хүртэл “жихүүдэс төрөм байх”-ыг  шаарддаг аж. Түүнийг 2012 оны 11дүгээр сард албандаа томилогдсоны дараахан “Сахилга батыг хянах төв комисс”-ын хурлын үеэр  Хятадын Коммунист намын хамгийн “хатуу” гэгддэг гишүүд хүртэл үйлдсэн нүглийнхээ баримтыг түүнд өргөн барьсан байдаг. Ван Цишаний гол зорилго бол “Хуулийг уландаа гишгэсэн намыг гишүүдийг ангуучлах” байсан юм. Иймд өндөр түвшний авлигыг илрүүлж чадахгүй бол “Албан үүргээ гүйцэтгэж чадаагүй” ялд унаж болохыг анхааруулсаар ирсэн билээ.

Түүний албан намтарт авлигатай холбоотой ажлын түүх нэг ч байсангүй. Банкны орлогч захирал болон Бээжин хотын амбан захирагчийн албыг хашиж байхдаа “хямралын асуудлыг гаргууд зохицуулагч” гэсэн нэр хүндтэй нэгэн байв. 2003 онд үхлийн аюултай SARS өвчин тархахад, 2008-2009 онд дэлхийн эдийн засаг хямрахад өөрийн чадварыг олонд таниулж байв. Гадны эрх баригчид түүнийг маш нөхөрсөг хэмээн тодорхойлж байсан үе саяхан.

Гэвч одоо бол түүний талаар гомдол мэдүүлж зүрхлэх хүмүүс тун цөөрчээ. ХКН-ын Улс төрийн товчооны зургаа дахь нөлөө бүхий хүн Ван Цишань нь ийнхүү 66 насандаа ерөнхийлөгч Ши Жиньпиний дараа орох нөлөө бүхий хүн болжээ. Магадгүй хамгийн айдас хүргэм хүний жагсаалтыг тэргүүлэх байх.

... Тэрээр Хятадын дарга Ши Жиньпиний нэрийн өмнөөс ХКН доторх хамгийн өргөн цар хүрээтэй цэвэрлэлээг хийж байна ...

Ши Жиньпинийг эсэргүүцэгчид түүний овоо хараанд өртсөн боловч үүнийг өшөө авалт гэж үзэх нь өрөөсгөл. Төрийн албан хаагчид болон төрийн өмчит компаниуд тус ажиллагаанд хамгийн түрүүнд өртсөн билээ. Ван Цишаний арми хэдэн мянган байцаагчдаас бүрддэг. Тэдэнд шүүхийн тогтоолгүйгээр сэжигтнийг саатуулах, байцаах эрх мэдэл бий. Ингээд л “Ардын Чөлөөлөх арми”-ийн удирдах албан тушаалтнууд, нөлөө бүхий төрийн өмчит компаниуд, төрийн удирдлагуудад шалгалт явуулж, намын зарим өндөр албан тушаалтнуудыг суудлаас нь буулгасан юм.

Авлигын мөрдлөгийн үеэр нийт мужийн гуравны нэгээс илүү хувь нь хамгийн багадаа удирдлагын түвшний нэг албан тушаалтнаа алдсан байдаг. Нүүрс олборлогч Шаньси муж хамгийн их буюу нийт намын 13 удирдагч гишүүдээ огцруулахад хүрсэн юм. Түүнчлэн өнгөрсөн онд Ван Цишань нь Шаньси муж дахь өөрийн 200 байцаагчид шийтгэл ноогдуулсан байдаг. Мөн тус улсын хамгийн том газрын тосны компани “Хятадын үндэсний газрын тосны корпораци”-ын олон тооны гүйцэтгэх албан тушаалтнууд албан үүргээсээ огцорсон билээ.

Энэ мэтээр баригдсан албан хаагчид хүнд шахалтанд орж, заримдаа эрүү шүүлтэнд өртдөг тул өндөр нууцлал бүхий хүмүүсийн нэрсийг хэлэхээс өөр аргагүйд хүрдэг аж. Үүнийг “швоанг-ю систем” хэмээдэг. Цэргийн генералууд, намын зөвлөхүүд, өмнө нь тэтгэмж, хахууль авч байсан хүмүүс тус системийн занганд оржээ. Швоанг-ю системийг зарим хүмүүс маш хэрцгий хэмээдэг.

... Албаныхны хэлж буйгаар тэд “Ван Цишантай нүүр тулснаас чөтгөртэй уулзсан нь хамаагүй дээр” хэмээн үздэг аж ....

Ши Жиньпин болон Ван Цишань нарын хийж буй алхмууд нь эрсдэл өндөртэй. Хятадын дарга болсон анхны өдрөөсөө л ХКН-ыг авлигад идэгдсэн болохыг олноо тунхагласан. Түүний өмнөх удирдагчид иймэрхүү хүчтэй мэдэгдлүүд хийдэг байсан боловч Ши Жиньпин шиг асуудлыг маш нухацтайгаар авч үзэж байсангүй. Авлигын эсрэг тэмцсэнээс хойш чамлахааргүй хэмжээний хөрөнгийг хураасан. Хамгийн гол нь тус улсын ирээдүйн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад авлига хамгийн том саад учруулна хэмээн улс төрийн үүднээс үзэж уг ажлыг эхлүүлсэн байдаг. БНХАУ-ын амин цэг бол  төрийн өмчит компаниуд. Иймд авлигатай тэмцэх ажлын нэн тэргүүний бай нь эрчим хүчний салбар болов. 

Одоогийн байдлаар Ши Жиньпин, Ван Цишань нар тойрон хүрээлэгчдийнхээ дэмжлэгийг авч байгаа тул ХКН-ын Улс төрийн товчооны Байнгын хороог 2012 оноос хойш хараандаа авч, хамгийн өндөр албан тушаалтнуудыг огцруулж чадсан.

БНХАУ-д Коммунист намын “язгууртнууд” буюу хуучин удирдагчдын хамаатнуудын харьяалагддаг нэгэн сүлжээ байдаг. Энэ бол “Улаан язгууртан”. Ши Жин Пинь болон Ван Цишань нар нь өөрсдөө уг сүлжээний гишүүд юм. Улаан язгууртны гишүүд, тэдний гэр бүл, хамаатан садан нь авлигын эсрэг харгис аяны хамгийн аймшигтай хэсгээс хол өнгөрч чадсан. Гэвч тэднээс хууль бус хөрөнгөө хураалгахыг шаардсан юм. Хамгийн сонирхолтой нь тэдгээрийн дунд Ши Жиньпин, Зянь Земинь нарын хамаатнууд багтсан байдаг.

... 2017 онд Ван Цишаний албан үүргийн хугацаа дуусгавар болно. Тэр болтол олон хүчирхэг баруудыг барихыг зорьж буй тул бусад агегтлагуудаас мөрдөгчид, төрийн өмчит компаниудаас нягтлан бодогчдыг хөлсөөр ажиллуулж байгаа юм ...

Мөн авлигатай тэмцэх албыг хянах шинэ, илүү хүчирхэг нэгжийг байгуулсан юм.

Ван Цишань авлигыг гурван алхмаар дарах аж. Эхний алхам нь айдас төрүүлэх. Хоёр дахь нь авлига бий болох боломжгүй хууль зүйн орчинг бүрдүүлэх. Эцсийн алхам нь Хятадын улс төрийн соёлыг өөрчлөх. Уг орчинд албан хаагчид авлигын талаар огт бодохоо болих аж.