Баярсайхан.Г 2016.04.01 | Сайт: Olloo.mn

Хөдөлмөрийн сайд орон нутагт ажиллалаа

Хөдөлмөрийн сайд орон нутагт ажиллалаа

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өнгөрсөн долоо хоногт  Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллаж орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Хөдөлмөрийн хэлтэс, МСҮТ, Политехник коллежийн ажил байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх гарцын талаар санал солилцохын хамт зарим нэгийг нь газар дээр нь шууд шийдэж өгсөн юм.

 Говьсүмбэр аймаг дахь Политехник коллеж нь уул уурхайн техникч, баяжуулалтын техникч, хүнд машин механизмын ашиглалтын техникч, уулын ажлын техникч зэрэг найман мэргэжлээр техникийн боловсрол, уул уурхайн нөхөн сэргээгч-ойжуулагч, барилгын засал чимэглэл, өрөг угсрагч, цахилгаанчин, гагнуурчин, автын засварчин зэрэг мэргэжлээр мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалт явуулдаг.

Энэ хичээлийн жилд 797 оюутан сургаж буй бөгөөд төгсөгчдийн 80 орчим хувь нь ажлын байртай болдог тухай сургуулийн удирдлагууд ярьж байлаа. Говьсүмбэрийн Хөдөлмөрийн хэлтсийн хувьд мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн ажлын байрыг дэмжих зорилгоор тоног төхөөрөмжийн гарааны дэмжлэгт хамрагдах найман төслийг шалгаруулж, 40 иргэнийг “Бизнесээ эхэл, хөгжүүл” сэдэвт бүлгийн аж ахуй эрхлэлтийн сургалтанд бүрэн хамруулж буйгаа сайдад танилцуулсан.

Хэнтий аймгийн МСҮТ 2014 онд хичээлийн шинэ байртай болжээ. Ингэснээр хичээлийн болон дадлагын байрны хүрэлцээ багтаамж сайжирсан гэнэ. Одоогоор тус сургууль 18 мэргэжлээр 600 гаруй суралцагчийг 1-2,5 жилийн хугацаатай сургаж байгаа. Хичээлийн дадлага хийх боломжоор бүрэн хангагдсан тус сургуульд автомашины хэрэгцээ шаардлага байгааг салбарын сайддаа дуулгасан. Г.Баярсайхан сайд “Яам хөрөнгө мөнгө тааруу байгаа ч нэн шаардлагатай зүйлд анхаарч, шийдэх талаас нь ажиллана” хэмээн амласан.  Хэнтийн Хөдөлмөрийн хэлтэст өнгөрсөн онд ажил хайж 1041 иргэн бүртгүүлсний 1209-ийг нь байнгын болон түр ажлын байранд зуучилсан байна.

Хэнтий аймгийн хувьд ажил олгогчоос ирүүлдэг захиалга буурч, ажил хайгч иргэдийн тоо өссөн дүнтэй байгаа ч  Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийг  хэрэгжүүлсэн нь үр дүнд хүрчээ. Хүнсний ногоо тариалах хөтөлбөр хэрэгжүүлэхээр 5,0 га газрыг хэлтсийнхээ нэр дээр эзэмших гэрчилгээ авч Хэрлэн сумын ажилгүй 30 иргэнийг бүлгийн зохион байгуулалттайгаар ажиллуулжээ. Хөтөлбөрт хамрагдсан иргэд төмс, лууван, байцаа, цагаан лууван, манжин, улаан байцаа, сонгино, улаан манжин, шар манжин, улаан лооль, өргөст хэмх салатны навч зэрэг 22 төрлийн хүнсний ногоо тарьсан байна. Мөн энэ газартаа 32 метр гүнтэй өрөмдмөл худаг гаргаж, 30квт-ын өндөр хүчдэлийн шугам татан, 1300 м газрыг хашаажуулж, хүлэмжийн ногоо услах дөрвөн усан санг байрлуулжээ. Түүнчлэн 6х18 м хэмжээтэй гурван хүлэмж барьсандаа өргөст хэмх, улаан лооль тариалж тав хоног тутам 80-120 кг өргөст хэмх хурааж, гадаа талбайгаас 800 кг сонгино, 25 кг редиск хураасан нь нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөр үр дүнгээ өгсний илрэл аж.

Энэ бүхэнтэй танилцсан Г.Баярсайхан сайд олон иргэнийг ажлын байраар хангах, үр өгөөжтэй сайн төсөл, хөтөлбөрийг Хөдөлмөрийн яам дэмжих бөгөөд өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн, үр дүнтэй төсөл хөтөлбөр, нөхөрлөл хоршооны үйл ажиллагааг үргэлжлүүлэх ёстой гэдэг үүргийг Хөдөлмөрийн хэлтсийн ажилтнуудад өглөө.
Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн оюутны байрны барилгын хийц хэсгийн  дулаан алдалттай хүйтний улиралд тасалгааны температур нь 0-5 градусын хүйтэн болдог байсныг өөрсдийн хүчээр засч барилгын гадуур нь хөөсөнцрөөр бүрэх ажлыг хийсэн гэнэ. Мөн “Оюутолгой” ХХК-ийн 43 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гагнуур, сантехникийн дадлагын газарт шаардлагатай тоног төхөөрөмжийг бүрэн хангасны зэрэгцээ дадлагын байрыг бүрэн засварласан байна.

Тэднийд ч мөн автомашин хэрэгтэй байгаа гэнэ. Унаатай болгож өгөөч гэсэн хүсэлтийг Хөдөлмөрийн сайдад тавьсан бөгөөд Г.Баярсайхан сайд ч боломжоор нь шийдэхээ амлалаа. Мөн МСҮТ-үүдээс тэтгэвэрт гарч буй багш ажилчдад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч буйг байгууллагын удирдлагууд уламжилсан.  Сүхбаатар аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нь орон нутгийн өмчит байранд үйл ажиллагаагаа явуулдаг. Хуучирсан барилгын дээвэр муудсан тул цас борооны үед дусаал гоожих зовлон байдаг гэнэ. Тиймээс сайдыг ирсэн дээр байшингийнхаа дээврийг засах төсөв хөрөнгө шаардлагатай талаар дуулгаад амжсан. Хөдөлмөрийн сайд ажилтнуудынхаа ажиллах нөхцөл бололцоог хангах үүднээс энэ асуудлыг шийдвэрлэх боломж нөхцөлийг судлах, шаардлагатай арга хэмжээ авахаар болсон юм.