УИХ-ын дарга З.Энхболд “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” үндэсний чуулганы нээлтэд оролцов
2016.04.04

УИХ-ын дарга З.Энхболд “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” үндэсний чуулганы нээлтэд оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.04.04/ “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт үндэсний чуулганд оролцлоо. 

Тус чуулганд 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, нийслэлийн ИТХ-д сонгогдон ажиллаж буй 2200 гаруй эмэгтэйчүүдийг төлөөлөн 450 гаруй төлөөлөгч эмэгтэй, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна. Чуулганы нээлтэд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкман, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар тэргүүтэй хүндэт зочид оролцлоо.  

Улсын Их Хурлын дарга З.Энхболд үндэсний чуулганыг нээж үг хэлсэн юм. Тэрээр “Монгол Улсын анхны ардчилсан сонгууль болсны 25 жилийг ойг өнгөрсөн онд бид тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ хугацаанд бид ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хангалттай туршлага, сургамж хуримтлуулсан байна. Хамгийн чухал нь ардчилсан хөгжлийн замыг Монголын ард түмэн бүрэн, эргэлт буцалтгүй сонгон авсан нь ардчиллын том амжилт юм. Ардчиллыг ийнхүү эргэлт буцалтгүй болгоход өрх гэр бүлийн үнэт зүйлийг бий болгож, хадгалан, уламжлуулагч эмэгтэйчүүдийн нөлөө, оролцоо асар их үүрэгтэй байсан.

Эмэгтэйчүүд өнөөдөр нийгмийн бүхий л салбарт идэвхтэй үүрэг гүйцэтгэж, төрийн албан хаагчдын 60 гаруй хувь, улс төрийн намын гишүүдийн 50 гаруй хувийг бүрдүүлдэг хэрнээ шийдвэр гаргах түвшин буюу Улсын Их Хурал, Засгийн газар, ИТХ, улс төрийн намын удирдлагад тэдний төлөөлөл хангалтгүй байдаг. 

 

Монгол Улсын Их Хурал энэ асуудлыг шийдвэрлэх талаар шат дараалсан арга хэмжээ авч байгаагийн нэг нь Улсын Их Хурлаар 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хуралд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж 30 хувь болгож чадлаа” хэмээн хэлсэн юм. Түүнчлэн 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтод жендэрийн тэгш байдлыг хангах зорилт дахин тэргүүлэх зорилтын нэг болж байгаа нь эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах бүхий л түвшинд үргэлжлүүлэн, тогтвортой дэмжих ёстойг бидэнд сануулж байгааг тэмдэглэн хэлэв. Төгсгөлд нь улс орноо удирдах цаашдын үйл ажиллагаанд  улам бүр идэвхтэй оролцож, нийгмээ шинэчилж, өөрчлөхөд эмэгтэйчүүд илүү их амжилт олно хэмээн найдаж байгаагаа тэмдэглээд үндэсний чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэв. 

Энэхүү үндэсний чуулганыг Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл, Канадын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй Олон улсын бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа юм. 

 

Нээлтийн арга хэмжээний үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкман хэлсэн үгэндээ, энэхүү чуулган нь цаг үеэ олсон арга хэмжээ болж буйг онцолж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг энэ үеэр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын 11 эмэгтэй гишүүн 5 намын төлөөлөлтэй боловч нам харгалзахгүй хамтран ажиллаж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн чиглэлээр олон ажлыг хийж амжуулсан болохыг хэлж байлаа.

 

Мөн цаашид хийхийг зорьж буй маш олон ажил үлдээд байгааг хэлж, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг нээж, Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 30 хувь болгосон талаар онцолж хэллээ. 

Нээлтийн арга хэмжээний дараа чуулган “Улс төрийн дээд түвшинд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо”  салбар хуралдаанаар  үргэлжилж байна. Салбар хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг даргалж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол “Эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт илтгэл, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол Улс дахь Суурийн төлөөлөгч Ашлей Вэйлэн “Эмэгтэйчүүд ардчилсан өөрчлөлтийн түүчээ болох нь” сэдэвт илтгэл, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга “Эмэгтэйчүүд нийгмийн шинэчлэлд” сэдэвт илтгэл, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг “Эмэгтэйчүүд ба засаглал” сэдэвт илтгэлийг тус тус танилцууллаа.

 

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл энэхүү салбар хуралдаанд “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжихэд хэвлэл мэдээллийн үүрэг”  сэдэвт илтгэл танилцуулах юм. Үүний дараа “Орон нутгийн түвшинд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт  тус чуулганы хоёрдугаар салбар хуралдаан болно. Хоёрдугаар салбар хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл даргалах бөгөөд Баянхонгор, Ховд, Завхан аймгуудын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.