Бурхан багшийн хөшөөг доромжилсон Дагестаны бөхийг эрүүгийн хариуцлагад татав
2016.04.05

Бурхан багшийн хөшөөг доромжилсон Дагестаны бөхийг эрүүгийн хариуцлагад татав

Энэ сарын нэгнээс хоёронд шилжих шөнө ОХУ-ын Халимагийн БНУ-ын Элстэй хотод чөлөөт бөхийн тэмцээнд ирсэн Дагестаны 22 настай бөх Османов Сайд гэгч этгээд тус хотод шөнө зугаалж яваад Бурхан багшийн хөшөө рүү шээж, хамар луу нь өшиглөж доромжилсн хэрэг гарсан. Түүгээр зогсохгүй энэ үйлдлийнхээ дүрс бичлэгийг интернетэд байршуулсан нь халимагуудын зэвүүрхлийг төрүүлж Османовын хоноглож байсан зочид буудлаас түүнийг чирч гарган олны өмнө уучлал гуйлгасан.

Энэ хэрэгтэй холбоотой ОХУ-ын Дагестаны БНУ-ын тэргүүн Рамазан Абдулатипов Элстэйд биечлэн ирж Халимагийн Ерөнхийлөгч Алексей Орловоос албан ёсоор уучлал гуйжээ.

Түүнчлэн Халимагийн сүсэгтнүүдэд хандаж уучлал хүссэн захиаг нийтлүүлжээ. Тус захианд “Бүх дагестанчууд болон өөрийн нэрийн өмнөөс болсон явдалд гүнээ харуусан уучлал хүсч байна” гэжээ.

Османовын үйлдлээс болж түүний багийн дасгалжуулагч ажлаасаа халагдаж, Дагестаны Спортын сайдад сануулга өгчээ.

Харин Элстэй хотын шүүх Османовыг хүний шашин шүтэх эрх чөлөө, сүсэг бишрэлд халдсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татжээ.