Монгол Улс Хятадтай нэгдэх нь зүйтэй юу?
2016.04.07

Монгол Улс Хятадтай нэгдэх нь зүйтэй юу?

Монгол Улс Хятадтай нэгдэх нь зүйтэй юу гэсэн асуулгад нэг хятад хүн ингэж хариулсан байна.

Ийм асуулт олон нийтийн хэлэлцүүлгийн Quora сайтад тавигдаж олон Хятад хүн үзэл бодлоо илэрхийлжээ. Тэдний дотроос Хятадын угсаатны зүй судлалын мэргэжилтэн Стефэн Яны хариултыг хамгийн их хүн үзэж дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Түүний бичсэн хариултыг орчуулан хүргэж байна.

" Яг одоо бол би ҮГҮЙ гэж хариулна.

Миний бодлоор Монгол бол Хятадад таагүй ханддаг топ 3 үндэстний нэгт баталгаатай орно. “Нэгтгэх” гэдэг үг нь ихэнх Монголчуудад эзлэн түрэмгийлэл гэж харагдах бөгөөд эцэстээ үр дагавар нь ашиггүй, хор хөнөөлтэй байх болов уу. Хэрвээ хэл ярианы ялгаа төдий нь “нэгтгэхэд” хамгийн том саад болж байгаа бол бид Бурханд талархах хэрэгтэй. Хоёр орны албан ёсны харилцаа үргэлж Монголчуудын Хятадаас болгоомжлох болгоомжлолын сүүдэрт дарагдаж ирсэн.

Үүний шалтгаан нь дараах хэдэн үндэслэлтэй:

- Монгол болон Хан үндэстнүүд, Монголын болон Хятадын төрийн хооронд гарч байсан түүхэн зөрчил тэмцлүүд
- Зөвлөлтийн гараас дөнгөж мултарсан Монголчууд дахин өөр нэг коммунист улс болох Хятадын хяналтад орохоос болгоомжилдог. Мөн олон жилийн европжсон соёл дээр Хятадын эсрэг үзлийн (sinophobia) "үнэр" нэмэгддэг.
- Ичгүүргүй Хятад наймаачдын хулхидалт, бүдүүлэг хятад жуулчдын эвгүй харьцаа нь монголчуудын жигшил зэвүүцлийг нэмэгдүүлдэг
- Хятадуудад дургүйцлээ илэрхийлэх монголчуудын арга зам нь маш хатуу ширүүн байх бөгөөд үүнтэй харьцуулбал Хонконг, Тайваний тэмцэгчдийг бяцхан хүүхэд гэж үзэж болно.

Дараах нийтэд тархсан зурагт Хятад цагаачдад хүч хэрэглэдэг Монголын экстремистүүдийг харуулж байна.

Ийм нөхцөлд Монголыг захирна гэдэг маш их зардал чирэгдэлтэй ажил болох ба дараах муу үр дагавартай.

Монголчуудын тусгаар тогтнолын тэмцэл ихээхэн хүчирхийллийг дагуулна. Үүнийг дагаад Төвд, Шинжаан, тэр ч байтугай Хонконгт тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнөж Бээжинд ихээхэн дарамт учруулна. Хэрвээ энэ асуудалд ганц л алдаа гаргавал байдал тогтворгүйтэж Хятад улсын бүрэн бүтэн байдалд аюул учрах юм. Бээжин тэдэнд хатуу хандвал олон улсын хамтын нийгэмлэг таагүй хүлээж авснаар эцэс төгсгөлгүй асуудал ундарна.

Одоогоор Монгол улс Орос, Хятад, Япон, Солонгос болон Барууныхны дунд тогтвортой төвийг сахих бодлого барьж байгаа нь тэдний хувьд хамгийн зөв зам гэж бодож байна. Монголыг нэгтгэх нь бусад улсуудын эрх ашгийг хөндөх нь гарцаагүй. Ингэхийн давуу талыг би л лав олж харахгүй байна ".

Стефэн Ян. Эх сурвалж: Quora.com