Парламентад суудалтай таван намд ард түмэн итгэхгүй байна
2016.04.07

Парламентад суудалтай таван намд ард түмэн итгэхгүй байна

Бие даагч иргэдийн холбоо”-ны Ерөнхий зохицуулагч, Улс төр менежментийн академийн захирал Д.Уламбаяртай ярилцлаа. 

-Иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд нэгдэж “Эвлэн мандуулах хүч”-ийг байгуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Түмнээ нэгтгэн, төрөө цэвэрлэж, түмнээ мандуулах зорилго тань хөрсөнд хэр бууж байна вэ?

-Өнгөрсөн 10 гаруй жилийн турш газар шорооныхоо төлөө, гадаадын үндэстэн дамнасан компаниудын ашиг сонирхлын болон байгалийн онцгой газруудад ашигт малтмал олборлохын эсрэг тэмцэж байсан, сургалт хөгжлийн төдийгүй соён гэгээрүүлэх чиглэлээр олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан 10 иргэний нийгмийн байгууллага нийлж “Эвлэн мандуулах хүч”-ийг байгуулсан. Бид 2016 оны УИХ-ын сонгуульд одоогийн эрх барьж байгаа улс төрийн намуудыг тэтгэвэрт нь гаргах зорилготой. Ингэхийн тулд мэдээж хоёр хувилбарыг ярьж байгаа. 

-Яг ямар хоёр хувилбар билээ?

-Эхнийх нь 48 бие даагчийг цуглуулж нэг баг болгох. Тэд нэгдсэн мөрийн хөтөлбөртэй байх юм. Тэр ч битгий хэл, адил уриатай байна гэж ойлгож болно. Харин нөгөө нь бие даагчдын төлөө дангаараа өгч байгаа саналыг өнөөгийн улс төрийн намуудад алдахгүй, саналын хуудсыг хүчингүй болгохгүйн тулд хоёроос доошгүй эвслийн саналыг авч, тэдний саналыг хуваах боломж юу байгааг хайж, ярилцаж байна.

-Ажил тань хэр урагштай явж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар маш олон иргэний нийгмийн байгууллага болон улс төрийн нам, хүчнүүдтэй хэлэлцээр хийж байна. Гэхдээ энэ бүхэн цаг хугацааны шалгуураар ямар үр дүнд хүрэх нь удахгүй харагдана. Тэр үед ард түмэндээ тайлагнах болно. 

-Өнгөрсөн сарын сүүлээр “Эвлэн мандуулах хүч”-нийхэн Эрх чөлөөний талбайд тайван жагсаал зохион байгуулсан. Жагсаалд оролцсон иргэд өнөөгийн парламентад муу дүн тавьсан гэж сонссон. Энэ ажил ямар шатандаа явна вэ?
-Бидний хамгийн эхний ажил өнөөгийн УИХ-ын 76 гишүүн болон тэдний үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх байсан. Ажлаа өнгөрсөн гуравдугаар сард албан ёсоор эхлүүлснийг мэдэж байгаа байх. Шуудхан хэлэхэд, иргэд муу дүн тавьсан. 

-Тийм ээ, санаж байна?

-Бид тэрхүү дүнг төрийн гурван өндөрлөг болон парламентийн бүх гишүүнд хүргүүлсэн. Олон нийт өнөөгийн парламентыг тарахыг шаардсан. Тэр ч битгий хэл, хугацаанаас нь өмнө УИХ-ын сонгууль явуулах нь зүйтэй гэдэг үр дүнд хүрсэн. Гэхдээ энэ бүх зүйл бол одоогийн парламентын өөрсдийнх нь бүрэн эрхийн асуудал. Нэг үгээр хэлбэл, тэр хүмүүс бидний хүргүүлсэн шаардлагыг хүлээн авч, ямар шийдвэр гаргах нь өөрсдийнх нь эрх гэж бодож байна. 

-Хэзээ хариугаа авах вэ. Тодорхой хугацаа зааж өгсөн үү?

-Үгүй.

-Яагаад тэр вэ. Тэд ямар нэгэн хариу өгөхгүй бол яах юм бэ?

-Бидэнд ямар ч арга байхгүй. Тэртэй тэргүй УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байна. Бидний зүгээс тэдэнд “Та нар бол энд байх ёс суртахууны болон хууль эрх зүйн үндэслэл байхгүй, ард түмэн чинь тарахыг шаардаж хүсч байна шүү” гэдгийг л хүргүүлсэн, мэдэгдсэн. 

-Саяхан та бүхнийг Дархан, Сэлэнгээр яваад ирсэн гэсэн. Ямар ажлаар явав?

-Өнгөрсөн долоо хоногт Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Зүүнхараад ажиллалаа. “Ноён уул”-ын нөхцөл байдал ямар байгаатай очиж танилцсан. Өөрөөр хэлбэл, зөвхөн “Эвлэн мандуулах хүч”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн бүгд явсан. 

-Зорилго нь?

-Байгаль орчинд хор хөнөөлтэй үйл ажиллагаа явуулах, магадгүй “Ноён уул”-ын хайгуул болон түүнтэй холбоотой газар нутаг ямар байдалтай байгаа талаар өөрсдийн биеэр үзэж, тодорхой дүгнэлт өгөх зорилготой. Дараагийнх нь тухайн тойргуудаас сонгогдсон УИХ-ын гишүүдийг ард түмэн юу гэж үзэж байна, тэд үнэхээр тэндээ юм хийсэн эсэхийг тодруулахаар яваад ирлээ. 

-Тэгээд ямар дүгнэлтэд хүрэв дээ?

-Өнөөдөр парламентад суудалтай таван намд ард түмэн итгэхээ байжээ. Тэдэнд итгэх иргэдийн итгэл үнэхээр сул болсон байна. Яах вэ, магадгүй хувь улстөрч дээр янз бүр байж болно. Гэхдээ л эдгээр нэр бүхий таван нам цаашид Монголын төрийг авч явах ёс суртахууны эрхгүй болсон гэж үзэж байгаа. Өнгөрсөн хугацаанд ямар үнэт зүйлийг бий болгосонгүй. 
Өөрөөр хэлбэл, улс эх орноо өөд нь татах, хөгжүүлэх ямар ч мөрийн хөтөлбөр, үзэл санаа алга. Нөгөөтэйгүүр өнөөгийн парламентад байгаа нөхдүүд 1990 оноос хойш улс төрийн засаглалыг жолоодож явчихаад эх орноо хөгжүүлж чадсангүй. Цаашид ч хөгжүүлж чадахгүй гэдэг нь харагдлаа. Гэтэл анх өнөөгийн парламентад суудалтай улс төрийн хүчнүүдийн хамгийн шилдэг гэсэн хүмүүсийг нь иргэд сонгож байсан. Харамсалтай нь, өнөөгийн дүр зургийг авч ирлээ.

-Яг ямар дүр зургийг хэлээд байна?

-Эрх барьж байгаа намууд нь хоорондоо дайтаж байна. Голлох удирдагчид нь. Тухайлбал, МАН нэг л их мөнгө ярьж байна. Мөнгөөр тойргуудыг хувьчилж авах гэсэн өнгө аяс ажиглагдаж эхэллээ. Үүний үр дагаварт улс эх орны маань эдийн засаг, ард иргэдийн амьдрах чадвар алдагдаж байна. Тиймээс бид өөр замаар явах ёстой.

-Та нарынхаар бол ямар замаар замнах ёстой гэж вэ?

-Өөр замаар явахын тулд юу хийх ёстойгоо тодорхой болгох хэрэгтэй. Хамгийн эхэнд Үндсэн хуульд зарчмын өөрчлөлтийг хийх ёстой. 

-Яагаад заавал Үндсэн хуульд зарчмын өөрчлөлтийг хийх ёстой гэж?

-Одоогийн ийм эрх мэдэлтэй 76 гишүүн цаашид бүтэхгүй гэдэг нь харагдсан. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт хийх хэрэгтэй. Гэхдээ зарчмын өөрчлөлтийг хийхдээ сум, хороо бүрээс сонгогддог дээд, доод танхимтай хоёр парламентыг бүрдүүлэх шаардлагатай. Дээд танхимаа Ардын их хурал гэж хийж байсан.Тэр хэлбэрээр байж болно. Доод танхим нь бага хурал нэртэй зөвхөн хууль тогтоодог, байнгын үйл ажиллагаатай байх хэрэгтэй. Тэнд зөвхөн мэргэжлийн хуульчид, төрийн хар хүн байх нь зөв. 

-Өршөөгөөрэй, ийм үед засаглал­ыг хэн барих юм бэ?

-Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч байж болно. Эсвэл Ардын их хурлаасаа томилогдсон Ерөнхийлөгч байж болно. Энэ бүхнийг ард иргэдийнхээ дунд хэлэлцүүлж, шийдэх ёстой.

-Бүгд санал нийлсэн гэж ойлгож болох уу?

-Тийм. Дээр нь Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эрх барьж байгаа бүх улс төрийн намуудыг хуулиараа таслан зогсоох процессыг бий болгох нь чухал юм. Намуудын өмч, хөрөнгийг төрд шилжүүлэх ёстой. 
Тэр ч битгий хэл, тухайн намын нэрийг дахин ашиглахыг хориглох нь зөв. Магадгүй үүний дараа намын гишүүнчлэлгүй болох ёстой. Яах вэ, нам шинээр байгуулагдаж болно.

-Гишүүнчлэлгүй юу?

-Тийм, тэд зөвхөн үндэсний хэмжээний лидерийг бий болгох тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. 

-Өөрөөр хэлбэл, намууд улс төрийн боловсон хүчин бэлдэх үндсэн үүргээ л биелүүлэх ёстой гэж үү?

-Яг зөв. 

-Ингэхэд шинээр баталсан Сонгуулийн тухай хуулийг эргэж харах ёстой гэж үзэж байна уу. Учир нь, энэ удаагийн хууль жижиг нам болон бие даагч гишүүдэд халгаатай гэж яриад байгаа шүү дээ. Энэ тал дээр та бүхэн ямар байр суурьтай байна вэ?

-Мэдээж маш муу хууль. Гэхдээ хоёр асуудал бий.

-Ямар хоёр асуудал билээ?

-Муу хууль баталсан гээд өөрчлөх гэж оролдох юм бол ямар ч утагагүй. Өөрөөр хэлбэл, сонгууль дөхсөн энэ үед Сонгуулийн тухай хуульдаа гар хүрвэл улам л эрх баригчдад ашигтай. Тэд өөрсдөдөө ашигтай хуулийг батлах эрсдэлтэй. 

-Хуулиа сайжруулах биш улам л дордуулна гэж үү?

-Тийм. Нөгөөтэйгүүр Сонгуулийн тухай хуульд дахин өөрчлөлт орууллаа гэж бодоход цаашдаа муу зуршил бий болно. Тодруулбал, сонгууль болохоос долоохон хоногийн өмнө ч юм уу хамаагүй хуулиа өөрчлөөд л өөрсдөдөө ашигтай байдлаар батлах эрсдэл их. 
Тиймээс хэдий маш муу хууль батласан ч гэсэн нэгэнт баталчихсан хуулийг дагах нь хамгийн зөв гаргалгаа байх гэж бодож байна. 

-Сонгуулийн мандатын тоог нэмнэ, хасна гээд л маргалдаад байна. Дээр нь жагсаалтаар парламентын гишүүн болохыг нэг хэсэг нь эсэргүүцэж байхад нөгөө хэсэг нь дэмжиж байх жишээтэй. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ жагсаалт гэдэг зүйлийг огт байхгүй болгоосой гэж хүсч байна. Харин нийслэлийн тойргыг нэмэх асуудлыг одоо хийвэл юу болох нь тодорхой. Хэрэв тойргийг хөдөлгөөнд оруулаад эхлэх юм бол одоо тойрогтоо багтахгүй алалцаж байгаа хүмүүс яах нь ойлгомжтой. 
Үүний үр дүнд үндэсний хэмжээний томоохон эмх замбараагүй байдлыг бий болгох аюултай. Үнэхээр ийм зүйл болчих вий гэж айж байна. Энэ улсыг яаж ийж байгаад бүтнээр нь, нэг ч хүний амийг хохироохгүйгээр өнөөгийн парламентын гишүүдийг суудлаас нь сугалж л авах хэрэгтэй. Бүгдийг нь төрийн эрх мэдэлд үлдээхгүй байх тэр л замыг олох ёстой гэж бодож байна даа. 

-Ингэхэд парламентад нэг үзэл санаа, нэг уриатай олон бие даагч байвал намын гишүүдээс ялгаагүй юм биш үү?

-Бие даагчдад сул тал бий. Тэр нь намын захиргаа гэдэг шиг нэг удирдлага, системд орохдоо тааруухан. Энэ алдааг л залруулах хэрэгтэй. Тиймээс тэдний мөрийн хөтөлбөрт нэг ижил зүйлийг тусгах шаардлагатай гэж бодож байна. 

-Тухайлбал, ямар?

-Зөвхөн Үндсэн хуульдаа л зарчмын өөрчлөлтийг оруулах хэрэгтэй. Улс төрийн намуудыг татан буулгаж, шинэ хүмүүст шинээр ажлаа эхлүүлэх боломжийг нээж өгөх нь чухал юм. 
Өөрөөр хэлбэл, тухайн бие дааж нэр дэвшиж байгаа нөхөр сонгогчдодоо нэг зүйлийг амлачихаад тэр нь алсдаа бусад бие даагчтайгаа нийлж байвал зорилгоо нэгтгэж болно. Ингэж байж зорилгоор нь уялдуулж, нэг зүйл рүү тэмүүлэх боломжтой болно. Тийм ч учраас бие даагчдаа дэмжинэ. 

-Тэгвэл яагаад заавал бие даагчийг сонгох ёстой гэж?

-Оны өмнөхөн эрх баригчдын өөрчлөлт оруулсан Сонгуулийн тухай хуулийн төсөл, Улс төрийн намуудын тухай хуулийг ард түмэн үзэж, танилцсан байх. Тэр хуулийн төсөлд олигтой дэвшилттэй зүйл харагдаагүй. 
Тиймээс бие даагчдад илүү нээлттэй, намаар биш бие даагчдаар дамжуулж улсдаа хэрэгтэй зүйл хийлгэвэл илүү найдвартай юм. Тийм ч учраас Бие даагчдын холбоог байгуулсан. “Эвлэн мандуулах хүч” маань ч гэсэн бие даагчдыг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн билээ.