Тост, Тосонбумбыг тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ
2016.04.07

Тост, Тосонбумбыг тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив.

 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтууд, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Төрөөс экологийн талаар баримтлах бодлого” /1998/, “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” /2001/, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтууд” /2008/, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” /2008/, Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад хамруулахаар судалгаа хийж, үндэслэлийг боловсруулсан байна. Улсын тусгай хамгаалалтад авахаар санал болгож буй дээрх газартай хэсэгчилэн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон байгааг судлаж, тэдгээрийг улсын тусгай хамгаалалтад авах талбайгаас гаргаж, хилийн заагийг тогтоожээ. Дээрх газрыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулсанаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 896 527,44 га-р буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь 0.4 хувиар нэмэгдэх юм байна.

 УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Тост, Тосон бумбын газар нутаг, ургамалдаа дургүй хүн гэж нэг ч байхгүй. Сонгууль ойртож байна гээд сэдэв төдий гаргаад хэрэгждэггүй үхмэл тогтоол баталж болохгүй.   Хэдэн га газрыг тусгай хамгаалалтанд авах гэж байгаа нь тодорхойгүй байна.  УИХ-аас нэг дор хоёр ижил шийдвэр гаргаж болохгүй.

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан “Нийт нутаг дэвсгэрийн 17 орчим хувийг тусгай хамгаалалтанд авсан. Тэнд оршин суугаа малчдын тодорхой эрхүүд хязгаарлагдаж байна. Энэ талаар огт дурдсангүй.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Монгол Улс ардчилсан улс, хуулийн засаглалтай. Парламент, Засгийн газрын бүх шийдвэр хуульд нийцэх ёстой. Гэтэл энэ тогтоолын төсөл нийцээгүй байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хуулиа зөрчсөн Их хурлын тогтоолын төсөл өргөн барьсан байна. Засгийн газраас Монгол орны дөрвөн бүс нутагт тусгай хамгаалалтад авах газраа тодорхойлсон. Нэгэнт оруулж ирэхээр бэлтгэсэн байхад  Их хурлын гишүүд үүнд оролцох ямар ч шаардлагагүй.