Чуулганд хоцорч үзээгүй гишүүдийн жагсаалтыг Ц.Баярсайхан, А.Бакей “өнгөлжээ”
2016.04.11

Чуулганд хоцорч үзээгүй гишүүдийн жагсаалтыг Ц.Баярсайхан, А.Бакей “өнгөлжээ”

УИХ-ын сонгууль дөхөж улс төрийн намуудын үйл ажиллагаа ч идэхжиж байна.

З.Энхболд даргын удирдсан парламент өнгөрсөн дөрвөн жилд багагүй дуулиан шуугиантай, хэрүүл тэмцэлтэй дөрвөн жилийг үдлээ. 

Хэлэлцэж баталсан хуулийн төслийг нь тэдэн хувьтай гэж хувилж ярих боломжгүй ч юутай ч бүрэн эрхийн хугацаандаа энэ парламент чамгүй олон ажил амжуулж, нөгөө талаар чамгүй олон хуулийн төсөлд тээг садаа болжээ. 

Тэгвэл өнгөрсөн дөрвөн жилд жинхэнэ улстөрч шиг, эрхэлсэн ажлаа нэртэй төртэй хийж байсан улстөрчдийг нэрлэ гэвэл тун ч цөөхөн аж. Тэр тусмаа улстөрч хүний баримтлах зарчим бол төрийн ажлаа хэнээс ч дутахгүй хийж, эрхэлсэн ажилдаа эзэн болох. Харамсалтай нь УИХ-ын 76 гишүүн дотор чуулганы танхимдаа тоотой морилдог, бараг суудаггүй гэж хэлж болохоор гишүүд чамгүй олон бий. УИХ дахь АН-ын бүлгийн Б.Наранхүү гишүүний хуралд суугаагүй гэхээс илүү хуралд суусан цагийг нь тоолвол амархан гарч ирнэ. 

Тэгвэл өнгөрсөн дөрвөн жилд хамгийн их идэвхтэй, ирцээ бүрдүүлдэг цагийг яс баримталдаг гишүүдийг ирцнээс шүүж үзэв. АН-аас ямар ч тохиолдолд өглөө эртлэн ирж хамгийн түрүүнд хуралдаа суудаг хоёр л гишүүн байдаг нь УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, А.Бакей нар. Араас нь М.Батчимэг, Ц.Оюунгэрэл нар цагийг яг таг барьдаг бол сайд болоод “хүмүүжиж” цагаа хамгийн их барьсан, өглөө эртлэн ирдэг болсон нь М.Зоригт гэнэ. 

Харин МАН-аас УИХ-ын гишүүн А.Тлейхан яг таг цаг баримталдаг бол Шударга ёс эвслээс Ц.Цолмон, Д.Тэрбишдагва нар байдаг юм байна. Тэд өнгөрсөн дөрвөн жилд ганц нэг удаа зайлшгүй шалтгаанаар хуралдаа ирээгүй байж болох ч өглөө хамгийн түрүүнд ирцдээ ордог гэнэ шүү.