2016.04.11 | Хэвлэл мэдээллийн алба: Засгийн Газар

240 барилгын материалын үйлдвэр ашиглалтад оржээ

240 барилгын материалын үйлдвэр ашиглалтад оржээ

Тоосго, ханын бусад гулдмай, хавтангууд, төрөл бүрийн дулаан тусгаарлах материалууд, хуванцар цонх хаалга, сантехникийн хуванцар хоолой, бетон төмөр бетон хийц эдлэл, бетон зуурмаг, хөнгөн дүүргэгч, засал чимэглэлийн хуурай хольцууд, үйлдвэрлэл, үйлчилгээний барилгын сендвичн дээврийн болон  ханын хавтан, хөнгөн болон хүнд металл конструкциуд, цахилгаан дамжуулах хүчитгэсэн бетон шон, төмөр замын бетон шон, угсрмал барилгын бүх төрлийн хийц эдлэлүүдийн дотоодын хэрэгцээг бүрэн хангахуйц хэмжээний 240 үйлдвэр 2012-2015 оны хооронд ашиглалтад орсон байна.

Эдгээр үйлдвэрүүдэд 2013-2014 оны хооронд Монгол банк, Хөгжлийн банк, Чингис бондын санхүүжилтээр 478,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон технологийн шинэчлэл, үйлдвэрийн өргөтгөл, эргэлтийн хөрөнгийн зээл олгосон байна.

Жилдээ 1,0 сая тонн хүртэл үйлдвэрлэх хуурай аргын технологи бүхий цементийн 3 үйлдвэр /Хөтөлийн ЦШҮ-ийн өргөтгөл, “Монцемент билдинг материалс” ХХК , “Мөнхийн баян гал” ХХК/ 2014-2015 онуудад ашиглалтад ороод байна. МАК компанийн цементийн үйлдвэр 2016 оны сүүлийн хагасаас  ашиглалтад орох төлөвтэй байна. Ингэснээр цементийн импортыг бүрэн зогсоож, дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж улмаар экспортод гарах боломжтой болно.

Өнгө оруулсан эсхүл оруулаагүй, клинкер хэлбэрт оруулсан буюу оруулаагүй, портланд цемент, пуйлсаган цемент (хөнгөн цагаант цемент), шаарган цемент, супер сульфатын цемент болон тэдгээртэй төстэй усжсан цементийн импортын татварыг 20 хувь болгон дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжиж байна.

Барилгын материалын үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй дэд хөтөлбөрийн хүрээнд 2013 онд цемент, арматурын бизнес эрхлэгч 55 компанид 125,4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Дотоодын барилгын материалын үйлдвэрийг дэмжих зорилгоор 71 компанид 174,7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, үр дүнд нь 21 үйлдвэр тоног төхөөрөмжөө  шинэчилж, 11 үйлдвэр шинээр байгуулагдсан байна.