Нягтлан бодох, аудит бол өндөр өгөөжтэй мэргэжил
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын дэд захирал Л.Энх-Амгалан
2016.04.11

Нягтлан бодох, аудит бол өндөр өгөөжтэй мэргэжил

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт энэ 20 жилийнхээ ойг тэмдэглэж, ойн хүрээнд бүтэн жилийн турш олон төрлийн арга хэмжээ төлөвлөжээ. Үүний нэг хэсэг болох ММНБИ-ээс салбар бүртээ зохион байгуулж байгаа нээлттэй өдөрлөг юм. Чингэлтэй дүүрэгт зохион байгуулсан нээлттэй өдөрлөгийн үеэр тус институтын зарим төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын дэд захирал Л.Энх-Амгалан

- Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт зохион байгуулж буй аяныхаа талаар танилцуулахгүй юу?

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт бол улс даяар 25 салбартай, 3800 орчим гишүүнтэй том байгууллага. Он гарснаас хойш бид аймгууд дахь салбартаа нээлттэй өдөрлөг зохион байгуулсан.

Харин Улаанбаатар дахь салбар төвийн зургаан дүүрэгт хуваагддаг. Эдгээр салбарын гишүүддээ зориулж ММНБИ-ээс 3 дугаар сарын 28-аас нэг сарын хугацаатай “Мэргэжилдээ баярлалаа” аяныг зохион байгуулж байна. Улаанбаатарын бүх гишүүнийг нэг дор цуглуулах боломжгүй учир дүүрэг болгонд тусгайлан явуулж байна. Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт амжилттай зохион байгууллаа. Энэ сарын 28-ныг хүртэл үлдсэн гурван дүүрэгт аяны арга хэмжээ явагдана.

“Мэргэжилдээ баярлалаа” аян бол ММНБИ-ийн 20 жилийн ойн хүрээнд хийж байгаа цогц ажлуудын нэг бөгөөд гишүүддээ шинэ соргог мэдээлэл хүргэх, аудитын үйл ажиллагааны ололт амжилтыг гишүүдэд мэдээлэх, идэвхийг нь нэмэгдүүлэх, тэдэнтэйгээ салбарын асуудал болон, 20 жилийн ойн хүрээнд ямар ажлууд зохион байгуулж болох талаар санал бодлоо солилцох зорилготой. Мөн гишүүн байгууллагуудын гишүүнчлэлийн татварын асуудлаар ярилцаж байна.

- Ер нь ойн хүрээнд ямар ажлууд төлөвлөж байгаа вэ?

Уламжлалт ажлуудаас гадна “Тогтвортой хөгжилд нягтлан бодох бүртгэлийн үүрэг, оролцоо - 2016” нэртэй Олон улсын эрдэм шинжилгээний хурал, Багш нарын олон улсын хурлыг зохион байгуулна. Мөн “Институт 20 жилд” нэртэй дурсамжийн ном хэвлэн гаргахаар ажиллаж байна. ММНБИ-ээс жил бүр их, дээд сургуулиудын дунд Улсын олимпиад зохион байгуулдаг. Энэ жилийн 19 дүгээр олимпиадыг гавьяат эдийн засагч Л.Дондогийн нэрэмжит болгон Дархан-Уул хотод энэ сарын 15, 16-ны өдрүүдэд явуулна. Үүнтэй холбоотой ном, товхимолууд ч бас хэвлэгдэнэ.

Гишүүдээ идэвхжүүлэх зорилгоор төрөл бүрийн урлаг, спортын арга хэмжээнүүд төлөвлөж байна. Түүнээс гадна Ази-Номхон далайн Мэргэшсэн нягтлан бодогчдын байгууллагын нэгэн хорооны хурал Монгол улсад болно.

- Таны хувьд энэ салбарын хөгжлийг юу гэж харж байна вэ?

Энэ оноос Нягтлан бодох бүртгэл болон Аудитын тухай хууль хэрэгжиж эхэлсэн нь энэ салбарыг нэгэн шинэ шатанд гаргасан. ММНБИ-ийн зүгээс хуулийн төсөл боловсруулахад салбарыг хариуцсан ТББ-ын хувьд голлох үүрэгтэй оролцож, олон саналыг тусгасан. Цаашдаа манай байгууллага салбарынхаа мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, гадаадын ижил төстэй байгууллагуудын туршлагыг судлах, гишүүдээ тэдэнтэй холбож өгөх, гишүүддээ мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, ном товхимол хэвлэх, хурал, семинаруудыг тогтмол зохион байгуулах зэргээр олон чиглэлд ажиллах болно.

... Өнгөрсөн хугацаанд хийж бүтээснээ бид чамладаггүй. Өнөөдөр Монголын мэргэшсэн нягтлан бодогчид дэлхийн түвшинд ойртож ирлээ. Олон улсын хэмжээнд аудитын үйлчилгээ үзүүлэх эрхтэй монгол компаниуд бий болж  байгаа нь үүнийг гэрчилнэ ....

- Энэ мэргэжлийн үнэ цэнийг та юу гэж тодорхойлох вэ?

Ямар ч байгууллагын үйл ажиллагааг нягтлан бодогчгүйгээр төсөөлөхөд бэрх. Зах зээлийн эдийн засагт аливаа бизнесийн үйл ажиллагаа нийтэд ил тод байх нь чухал. Ил тод байх ёстой тэр мэдээллийг нягтлан бодогч гаргаж өгдөг. Харин аудиторууд тэр мэдээллийг үнэн зөв гэдгийг албан ёсоор баталгаажуулдаг. Ингэснээр тухайн компанид итгэх итгэл дээшилж, хөрөнгө оруулалт татахад дөхөм болох зэргээр олон давуу талыг бий болгодог.

... Энэ мэргэжлийг эзэмшсэн хүн маш олон чиглэлд ажиллаж чаддаг ...

Төрийн болон бизнесийн байгууллагад, татвар, хяналт, шалгалт, нягтлан бодох, аудит гэх зэрэг олон төрөл, чиглэлээр ажиллах бололцоотой. Энэ бол өндөр өгөөжтэй мэргэжил. Тиймдээ ч бид энэ аянаа “Мэргэжилдээ баярлалаа” гэж нэрлэсэн

Б.Даваабаатар

ММНБИ-ийн Чингэлтэй дүүрэг дэх байнгын ажлын хэсгийн дарга

Чингэлтэй дүүрэгт нийтдээ ММНБИ-ийн 513 гаруй гишүүн байдгаас 60 орчим нь идэвхтэй. Энэ аяны хүрээнд идэвхгүй байдаг гишүүдээ 20 жилийн ойн хүрээнд институтээс зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдэд оролцуулахыг хичээн ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн хувьд жил бүрийн олимпиадад амжилттай оролцдог, өнгөрсөн жил түрүүлсэн. Энэ жил ч бас энэ амжилтаа ганцаарчилсан болон багийн төрөлдөө бататгах зорилттой ажиллаж байна. Урлаг, спортын арга хэмжээнүүдэд ч бас гишүүдээ идэвхтэй оролцуулна. Түүнээс гадна 513 гишүүнийхээ шинэчилсэн бүртгэлийг хийнэ.

- Таны бодлоор энэ мэргэжлийн үнэ цэнэ юу вэ?

... Аливаа бизнесийн байгууллагын амжилт санхүүгийн үйл ажиллагаанаас ихээхэн хамаардаг. Харин санхүүгийн үйл ажиллагаа зөв явах эсэх нь нягтлан бодогчдоос хамаардаг ....

Чингэлтэйн мэргэшсэн нягтлан бодогчид татвар, нийгмийн даатгал, тагнуул гэх зэргээр олон чиглэлд ажилладаг.