Ардчилсан нам “Монгол хүн-2020” хөтөлбөрөө үргэлжлүүлнэ
2016.04.12

Ардчилсан нам “Монгол хүн-2020” хөтөлбөрөө үргэлжлүүлнэ

Өчигдөр Ардчилсан намын бүлгийн хурал болсны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийв.

Б.Гарамгайбаатар “Өнөөдрийн бүлгийн хурлаар СЕХ-ны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч хойшилсон. Мөн АН сонгуулийн бэлтгэл ажил болгож 16 дэд хэсэг байгуулсан. Тэдний саналыг өнөөдөр сонслоо. АН “Монгол хүн-2020 хөтөлбөрөө үргэлжлүүлэхээр болж байгаа. Ер нь ямар мөрийн хөтөлбөртэйгөөр сонгуульд оролцохыг ирэх бямба гаригт болох ҮЗХ-ны хурал дээр танилцуулна” гэлээ. Дараа нь сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

-Өнгөрсөн бямба гаригт Их тэнгэрт болсон АН-ын бүлгийн хурал болсон. Уг хурал дээр ямар асуудал яригдсан бэ?

-АН-ын бүлгийн хуралдаанаар бид дотоод асуудлаа ярьсан байгаа. Сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй оролцох, эв нэгдлийн асуудал зэргийг ярилцаж нэгдсэн ойлголтод хүрсэн.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хонгконгт айлчлаад ирсэн. Энэхүү айлчлалын хүрээнд 500 сая ам.доллар Засгийн газрын дансанд хийсэн гэх юм?

-Ерөнхий сайд өнөөдөр болсон бүлгийн хуралд оролцоогүй. Гадуур ажилтай явж таарсан учраас тэр талаар мэдээлэл аваагүй байна.