АН-ын бодлого алдагдаад, хоорондоо хагралдаад байгаа зүйл байхгүй
2016.04.12

АН-ын бодлого алдагдаад, хоорондоо хагралдаад байгаа зүйл байхгүй

Цаг үеийн асуудлаар УИХ-н гишүүн Я.Санжмятавтай цөөн хором ярилцлаа. 

-Та өнгөрсөн долоо хоногт бүлгийн хаалттай хуралдаанд оролцсон уу. Уг хурлаар АН-ынхан ойлголцолд хүрсэн гэдэг зүйлийг яриад байгаа. Хурлаар ямар асуудллыг ярилцсан юм бэ?

-Манай бүлэг өнгөрсөн бямба гарагт Их тэнгэрт хуралдсан. Энэ хуралдаанаар мөрийн хөтөлбөрийн асуудлаар нэлээд түлхүү ярилцсан. 2016 оны сонгуульд оролцохын тулд хуулийн дагуу мөрийн хөтөлбөрөө аудетын газарт өгөх ёстой. Түүнчлэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн мөн ярилцсан. Үндсэн хуульд гар хүрэх асуудал зүгээр нэг аль нэг намд шаардлага гарлаа гээд өөрчлөөд байдаг зүйл биш. Ард түмнээсээ асууж байж л шийдвэрийг гарах ёстой. Тиймээс энэ асуудлын талаар ирэх зургадугаар сард болох сонгуулийн үеэр давхар санал хураалт явуулах хэрэгтэй. Гэхдээ зөвхөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх тухай биш. Харин сумын Засаг даргыг ард иргэдээс нь сонгох нь зөв үү гэх зэргээр тодорхой асуудлаар санал асуулга авчихвал яасан юм гэсэн зүйлийг ярилцсан. 

-Намынхаа дотоод асуудлыг ярилцаагүй юм уу?

-Мэдээж намын асуудал яригдсан. АН бол ер нь ил тод нам. Гадуур яриад байгаа шиг хагралдаад түнжин муудаад, намаа, төрөө самраад байгаа зүйл байхгүй. Ер нь манай нам их ил тод ярьдаг. Тиймээс ч илэн далангүй хэвлэл мэдээллээр янз бүрийн мэдээлэл цацагдаж байгаа байх. Харин мэдээллийг мушгин гуйвуулаад зүйл байна. Тухайлбал, Н.Алтанхуяг нь Ерөнхийлөгчтэй муудалцаад, Х.Баттулга нь бусадтайгаа муудалцлаа зэрэг хов жив гараад байна. Яахав,  хэвлэл мэдээллээр үнэн зөв мэдээллийг түгээх ёстой байдаг ч хажуугаар нь хачиртай олон янзын зүйл хэн нэгний явуулгаар цацагдаад байж магадгүй. 

Тиймээс эдгээр зүйлүүдийг ярилцах үүднээс нэр дурьдагдаад, яригдаад байгаа хүмүүсийг оролцуулаад 35 гишүүнийхээ дунд ярилцсан. Цаашдаа сонгууль дөхчихсөн байгаа энэ үед эв нэгдэлтэй байхгүй бол аль нэг гишүүн нь янз бүрийн асуудлын талаар илүү эсвэл дутуу зүйл яриад байх нь намдаа ч төрдөө ч хортой юм гэсэн зүйлүүдийг ярилцаад, учир зүйгээ олоод явахаар болсон. Тиймээс энэ асуудал яригдсан, шийдэгдсэн гэж ойлгож болно. Гэхдээ энэ мэт асуудлыг ганцхан яриад төгс шийдэгдчихнэ гэсэн зүйл байхгүй. Сонгууль дөхчихсөн энэ үед улс төрийн намууд нэлээд улс төржсөн үйлдлүүдийг хийж байна. АН-ыг задарчихсан, төр бариад явахаараа засаглаж чаддаггүй юм шиг л зүйлүүдийг яриад байгаа. 

Гэтэл манай нам засаглаад, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд, үр дүнд аль хэдийн хүрчихсэн. Харин цаашдаа Тавантолгой, Оюутолгой зэрэг эдийн засгийн буюу эрдэс баялагтай холбогдолтой асуудлууд дээр энэ яриад байгаа хүмүүсээс гадна магадгүй гадаад, дотоодын тодорхой хүчин зүйлийн явуулгууд байгаа юм биш биз гэсэн асуудлыг яригдсэн. Одоо АСЕМ, УИХ-ын сонгууль болох гэж байна. Энэ үед нэг намын тухай асуудлууд гэхээсээ илүү улс оронтой холбогдолтой асуудал учир би АН-ыг бужигнаад байна гэж яриад байгаа бусад хүчин,  улстөрчдийг уужуу бодолтой байгаасай гэж бодож байна. 

-Сүүлийн үед хүчний байгууллагууд бараг өглөө бүр л нэг хүнийг баривчилдаг боллоо. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?


-Хүчний байгууллагуудын асуудал ил тод болчихсон. Хэвлэл мэдээллийн байгууллагууд байгаа учир бужигнасан л юм болоод байдаг боллоо. Уг нь хуулийнхаа хүрээнд ажлаа явуулах ёстой байх. Гэхдээ нэг тийм довтолгоо явуулж байгаа юм шиг л байх юм. Соёлын довтолгоо гэдэг шиг л зүйлүүд нийгэмд түгчээд байна. Тиймээс тэнд баривчиллаа, энд хорив, цагдав гэдэг асуудал илүү их түгээд байгаа. Ийм байдал нь хуулийнханд ч ажил хийхэд хүндрэлтэй. Нийгэмдээ ч бухимдалтай зүйлүүд байх болов. Тиймээс Монгол төрийн бодлогын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээрээ яриад, хаана ямар ажиллагааг явуулах уу гэдгээ ярилцах хэрэгтэй. Түүнээс хуулийн хүрээнд хийж байгаа ажиллагаагаа зогсоо гэсэн зүйл биш.

-Үндэсний зөвлөлдөх хороо энэ сарын 16-нд хуралдах гэж байгаа. Энэ хурлаар ямар асуудал хэлэлцэх бол?

-Үндэсний зөвлөлдөх хороогоороо мөрийн хөтөлбөрөө батлах учиртай. Тиймээс энэ асуудлаа шийдвэрлэх болно. Үндэсний зөвлөлдөх хороонд гишүүд шинээр сонгогдоод үндсэндээ жил орчим батлагдаж чадаагүй байгаа хэдэн хүн бий. Тэдгээр хүмүүсээ батлах юм. Түүнчлэн тодорхой хэмжээгээр намын дотоод асуудал яригдах байх. 

-УИХ-ын гишүүн Х.Баттулага фракцийнхаа дөрвөн сайдаа буцааж татна гэсэн асуудлыг тавьсан юм уу?

-Албан ёсоор тавьсан зүйл байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа энэ зүйл дээр би хариулт өгөх шаардлага байхгүй. Мэдээж тэвдсэн, бухимдсан үедээ юу ч дугарч болно. Гэхдээ би тухайн хүн өөрийн амаараа ийм зүйл хэлж байгааг хараагүй. Хэдийгээр Х.Баттулга бухимдаад дугарлаа ч гэсэн Засгийн газар тогтвортой байх ёстой гэдгийг тэр хүн ойлгож л байгаа шүү дээ. Ер нь АН-ын бодлого алдагдаад, хоорондоо хагралдаад байгаа зүйл байхгүй. Хэн нэгнийгээ шоронд хориод хаячих гэсэн бодлого алга. Харин ямар ч байсан тогтож суугаад ярилцах шаардлага бол байгаа.