Эвсэх, эсэхээр удахгүй дүгнэлт гаргана
2016.04.13

Эвсэх, эсэхээр удахгүй дүгнэлт гаргана

МАН, МАХН ирэх сонгуульд эвсэж орох уу, үгүй юү гэдгээ шийдэхээр найман хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч. Улаан ахалж байгаа бөгөөд түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-МАН, МАХН сонгуульд эвсэж орох, эсэх асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг дээр ямар санал дүгнэлтүүд гарч байна вэ?

-Ажлын хэсэг ажиллаж байгаа. Гэхдээ эцсийн дүгнэлт гаргаагүй байна. Тиймээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

-Намууд мөрийн хөтөлбөрөө баталж, аудитаар шалгуулах ёстой. Эвсэл эвслийн мөрийн хөтөлбөр гэж гарах байх. Цаг хугацааны хувьд маш бага боломж үлдлээ?

-Цаг хугацааны хувьд шахуу байгаа нь үнэн. Хуулиараа дөрөвдүгээр сарын 30-ны дотор мөрийн хөтөлбөрөө батлуулсан байх учиртай. Сонгуульд оролцох намууд үндсэндээ мөрийн хөтөлбөрөө гаргачихсан байгаа.

-МАХН мөрийн хөтөлбөрөө гаргасан уу?

Гаргасан байгаа. Бид өнгөрсөн жилээс эхлэн хөдөө орон нутгаар явж, тодорхой асуудлуудаар хэлэлцүүлэг хийж ирлээ. Хэлэлцүүлгййн дагуу санал, онолоо гаргасан байгаа. Одоо нэгтгэх асуудал л байгаа юм.

-Хоёр намын эвсэх асуудлыг намын удирдах байгууллагын хурлаар шийдвэрлэнэ. Хугацаандаа амжих уу?

-Тийм. Удирдах байгууллагууд шийдвэрээ гаргах учиртай. Дээрээс нь эвслийн удирдах бүтэц бий болж, бүрдэх ёстой. Түүний дараа сонгуульд нэр дэвшүүлэх журмаа эвслийн удирдлагын байгууллага батална. Тийм учраас хуульд заасан хоног, хугацааны дагуу ажлууд хийгдээд явах байх.

-Ажлын хэсгийн дүгнэлт хэзээ гарахаар байна?

-Өнөө, маргааш гэхэд гарчихна. Тал талаасаа нэлээд нухацтай хэлэлцсэн байгаа.

-Эвсэл сонгуульд МАН 60, МАХН 40 хувьтай оролцоно гэсэн мэдээлэл байна?

-Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй.