Авто замын ажил итгэлцэл дээр тогтдог
2016.04.14

Авто замын ажил итгэлцэл дээр тогтдог

 Зам барилгын  ажлын улирал эхэлж байгаатай холбогдуулан Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаатай ярилцлаа.

Энэ жил замчдын харьцангуй эрт тодруулбал та бүхний хүсдэг цагт зам, гүүрийн барилгын ажил эхэлж байна. Замчид бэлэн үү?

Харьцангуй эрт эхэлж байгаа нь үнэн. Гэхдээ замчид зөвхөн энэ жил ч биш жил бүр цаг дулаарахтай зэрэгцээд ажилдаа гарахад бэлэн болчихсон, бэлтгэл ажлаа хангачихсан байдаг. 

“Бэлэн болчихсон” гэдгээ та бага зэрэг тодруулаач? 

Тендерээ эрт зарлаад, гэрээ хэлэлцээрээ хийгээд, ажил нь тодорхой болчихсон бол манайхан хоёрдугаар сараас л бэлтгэл ажлаа эхлүүлээд, 3 дугаар сарын сүүлээр, 4 дүгээр сарын эхээр ажилдаа гарчихдаг. Өнөөдөр л гэхэд жил дамнан гүйцэтгэж байгаа замын ажилтай компаниуд аль хэдийн ажлын талбар руу томилолтоо аваад оччихсон байгаа. Энэ жилийнх шиг ажил эрт эхлүүлэх боломж нөхцөлүүд хангагдчихаад байдаг бол улирлын чанартай ажилтай манай салбарынханд үнэхээр хэрэгтэй. 

Тендер эрт зарлагдаад, гэрээгээ байгуулаад, оны эхэнд санхүүжилт ороод ирлээ гэж мөрөөдье л дөө. Тэгвэл? 

Замчдын мөрөөдөл мөн шүү. Тийм цаг удахгүй ирэх болтугай. Цаг цагаараа байдаггүй гэдэг шиг улс орон дандаа энэ хэвээрээ байхгүй шүү дээ. Зам барилгын ажил 11 дүгээр сар гэхэд бүх ажил зогсдог. Гэхдээ бид өвлийн улиралд  инженер техникийн ажилчдын сургалтаа явуулж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, шинэ технологи, техник тоног төхөөрөмжөөр чадамжаа сайжруулах ажил тасралтгүй хийгддэг. Чиний хэлсэнчлэн нөхцөл байдалд бид ажилладаг бол өдийд аль хэзээний ажил эхэлчихсэн, бужигналдаад, ёстой сайхан байна шүү дээ. 

Санхүүжилтын асуудлыг хойш тавиад асуухад төртэй байгуулах гэрээ, хэлцлийн түвшний асуудал бүрэн цэгцэрчих байгаа юу? 

Он дамжиж хийж байгаа ажлуудын гэрээ дүгнэгдээд, үргэлжилж байгаа. Энэ жил шинээр эхлүүлж байгаа ажлуудын хувьд Хөшигийн хөндий рүү тавигдах хурдны зам, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй зээл тусламжаар хийгдэх замуудын гэрээ хэлэлцээр удахгүй эцэслэгдэх гэж байна. Өвөлжингөө л хэлэлцээрүүд үргэлжилсэн. Яг үүн шиг хүйтний улиралдаа тендерээ зарлаад, гэрээгээ эцэслэчихээд байвал хаа, хаанаа үнэхээр хэрэгтэй. Энэ жилийн хувьд улсын төсвийн хөрөнгөөр шинээр эхлүүлж байгаа ажил цөөхөн байгаа. 

Төр захиалагч байдаг онцгой нөхцөлтэй цөөн салбарын нэг нь зам, гүүрийн барилга. Ийм захиалагчтай хамтран ажиллахын давуу, сул тал нь юу байдаг юм бэ?

Бизнесийн байгууллагууд олон талт захиалагч, хамтрагчидтай байдаг. Манай салбарын хувьд ихэнхдээ төрийн захиалгат ажил байдгаараа онцлог. Төсвийн хөрөнгөөр барих ажлаас гадна гаднын зээл тусламжийн хөрөнгөөр барих байлаа ч захиалагч нь төр л байдаг. Энэ харилцаанд давуу тал байна. Төрийн оролцоо өндөртэй гэдэг утгаараа гүйцэтгэлийн мөнгө нь хойшилсон ч найдвартай ордог. Сул тал нь бас төр мөнгөгүй болчихвол санхүүжилт хойшилно.

Төрөөс авсан багахан хэмжээний урьдчилгаа мөнгө хүрэлцэхгүй, шаардлагатай санхүүжилт ороогүй ч ажлаа үргэлжлүүлэхийн тулд бид туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч байгууллагуудтайгаа дараа төлбөрт нөхцөлтэйгээр хамтран ажиллах болдог. Тэр ч байтугай компанийн захирлууд маань өөрийн өмч хөрөнгөө барьцаанд тавьж зээл авч ажлаа хийх үе ч олон бий. Ажил хугацаандаа хийгдэхгүй, гэрээний хугацаа хойшилж байгаа нь бараа, материал, тоног төхөөрөмж худалдаж авахад зарцуулж байгаа гадаад валютын ханшийн зөрүү, зээлийн хүү, татвар, нийгмийн даатгалын өр, ажилчдын цалин гээд олон эрсдэлийг зам, гүүрийн барилгынхны нуруун дээр дарамт болж буудаг. Харин ч манай замчид “ажлаа хийсэн л юм чинь ямар ч байсан санхүүжилт ороод ирчихнэ” гэсэн байдлаар маш хүлээцтэй ханддаг. 

Ажлаа хугацаанд нь хийхийн тулд бид ингэж хичээж байгаа шиг, төр хугацаанд нь ажлаа хийхгүй бол “хар дэвтэр”-т бичнэ гэдэг шиг ээ санхүүжилтээ гэрээгээр хүлээсэн цаг хугацаандаа олгох тал дээр илүү л хариуцлагатай ажилламаар байгаа юм. Ер нь л бол манай салбарын ажил итгэлцэл дээр л тогтдог. 

Замын компаниуд өмнөх жилүүдийн гүйцэтгэлийнхээ санхүүжилтыг хэр авч байгаа бол? 

Одоогийн байдлаар аваагүй компаниуд нэлээд байна. Бид энэ талаар Сангийн яам, Хөгжлийн банк, Нийслэлийн удирдлагуудад хандаад байна. Гэхдээ зарим  санхүүжилт  тодорхой хэмжээгээр шийдэгдэж байгаа. 

Төртэй хамгийн нягт харилцаатай байдаг гэдэг утгаараа салбарын сайд, төрийн менежментийн баг солигдох нь та бүхний ажилд хэр нөлөөлдөг бэ?

Мэргэжлийн холбоодтой уулзаж, нөхцөл байдлаа ярилцаж байхад манай салбар харьцангуй тогтвортой үйл ажиллагаагаа явуулдаг, савалгаа багатай байдаг юм байна аа гэх дүгнэлтийг хийдэг шүү. Ажил л байх юм бол салбарын яам нь, сайд нь төрийн бус байгууллага, хувийн компаниудтайгаа ойлголцол сайтай, харилцан дэмжлэгтэй ажиллаж чадаж байна аа гэж бусад салбарынхан хэлдэг юм.  Бидэнд ч энэ байдал мэдрэгддэг. Мөнгө, санхүүгийн асуудал хүндрэлтэй байдаг ч гэсэн одоо ажиллаж байгаа менежментийн баг бодлого, зохицуулалтынхаа тал дээр замчидтайгаа ойлголцож, хамтран ажиллаж чадаж байгаа. Өнөөдрийн байдлаар л гэхэд манай холбоо яамтай гэрээ байгуулаад  төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгуулагаар шилжүүлэн гүйцэтгэх ажлын хүрээнд хэд, хэдэн ажлыг хариуцан  ажилладаг байх жишээтэй. 

Тухайлбал... 

Зам, гүүрийн барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, сургалт гэх мэт чиглэлд бид ажиллаж байгаа. 

Өнөөдөр бизнесээ эхлүүлэх гэж байгаа, энэ салбарт хөрөнгө оруулахыг хүсэж залууст энэ салбарт хүч үзэх орон зай, боломж хэр байдаг юм бол? 

Мөнгөтэй л бол шороо овоолоод, тэгшлээд, зам барьчхаж болох юм шиг амархан ойлгодог. Хүмүүсийн гаднаас нь хараад ойлгож байгаа шиг тийм ч амархан салбар биш ээ. Зам барих ажил өдөр бүр ард түмний нүдэн дээр, өдөр бүрийн хяналт, өдөр бүрийн хэрэгцээн дунд өрнөдөг юм ш дээ. Тэр ч хэрээр мэргэжлийн хийгээд хүндхэн салбар шүү. Яг өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөлтэй 500 гаруй компани байна. Замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нь, тэр дундаа үндэсний бүтээн байгуулалтад мэргэжлийн түвшинд оролцож байгаа нь цөөхөн байна. Мөнгөтэй бүхэн ч хийчихдэг ажил биш, эрсдэлтэй салбар. 

Эрсдэлтэй байгаагийн хэрээр төрийн зохицуулалт, бодлогын дэмжлэг илүү их хэрэгтэй байх? 

Тийм ээ. Төр санхүүжилтээ аль л болох цагт нь олгодог болоосой. Үүнээс гадна бодлогын хүрээнд төрийн дэмжлэг цаг ямагт хэрэгтэй. Жишээ нь энэ жил замын салбарт хийгдэх томоохон ажлууд БНХАУ-ын зээл, тусламж, концесийн гэрээгээр хийгдэх гэж байгаа. Гэрээ ёсоор тухайн улс орнуудын гүйцэтгэгч нар хийнэ. Харин энэ ажилд үндэсний компаниудаа  30 хувьд оруулах гэрээний заалтаа бариад ажиллавал тэр хэрээр компаниудад дэмжлэг болно. Монгол Улсын Их Хурлаас 2010 онд Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөр баталж, авто зам, гүүрийн ажилд нэлээд өргөн хүрээнд, алсын хараатай зорилт дэвшүүлсэнтэй холбогдуулаад замын барилгын компаниуд маань техник, технологийн паркаа нэлээд гайгүй шинэчилсэн. Яг одоо өндөр хөгжилтэй орнуудад  ашиглаж байгаа бетон хучилтын машин, хүйтнээр дахин боловсруулах  технологийн машинууд гээд маш өндөр өртөгтэй тоног төхөөрөмжүүд зээл, лизингээр авчихсан байх жишээтэй. 

Гадаад компаниудтай нэг төсөл дээр хамтарч ажиллах нь боловсон хүчний чадамжийн хувьд дэвшил авчирдаг байх? 

Тэгнэ ээ. Гэхдээ манай үндэсний компаниудын өнөөдрийн чадамж, ажиллах боловсон хүчний мэдлэг боловсрол дэлхийн хэмжээнд үнэлэгдэхүйц, ашиглаж буй техник тоног төхөөрөмж, мөрдөж буй технологи, стандарт нь ижил түвшинд байгаа. Цаг хугацааны хувь зам, гүүрийн ажлын шаардлагатай цагт эхэлдэг, мөнгө санхүүжилт нь хуваарийнхаа дагуу ороод байгаа тохиолдолд гадныхнаас дутах зүйл алга. Шинээр барьж байгаа нисэх буудлын хөөрч буух талбай, зам барилгын ажлыг үндэсний авто зам барилгын компаниуд хийж байна, чадаж байна. 

Сонсголонгийн бетон  замыг манай замчид нийлээд барьсан. Өнгөрсөн 10 дугаар сард Германы инженерийн нийгэмлэгийн төлөөлөгчид манай байгууллага дээр ирж ажиллахад Сонсголонгийн замыг үзүүлсэн. “Яг л манай түвшинд, стандартын дагуу хийдэг юм байна. Ийм богино хугацаанд, цаг улирлын эрс тэс нөхцөлд бетон зам барьж байгаа та нараас харин ч бид суралцах зүйл байна” гэж хэлсэн. Монгол инженерийн ухаан, Монголын замчдын хөдөлмөр хаана ч гологдохгүй гэдгийг нэг тод илрэл мөн биз дээ. Бид бусад салбараас түрүүлээд өөрсдөө хөндлөнгийн хяналтаа хийдэг болчихсон гээд ахиц дэвшил олон байгаа. 

Замын салбарын техник, технологи үргэлж сайжирч байгаа гэлээ. Боловсон хүчний хувьд нэгдсэн бодлогоор гадаадад сургах, мэргэшүүлэх, мэргэжилтэй ажилчин бэлтгэх талаар ямар ажил хийж байна вэ? Хараад байхад орон нутгийн ажилгүй яваа залуусыг улирлын чанартай ажиллуулах нь л их байгаад байх шиг байдаг. Би буруу ойлголттой ч байж магадгүй юм. 

МСҮТ –ээр авто замын техникч, замчин бэлтгэх анги нээгдэж, сургалтууд эхэлсэн. Авто замын инженер бол эрэлт ихтэй мэргэжил. ШУТИС, Техник технологийн коллежид бэлтгэдэг байсан бол одоо Батлах хамгаалахын их сургууль, Үндэсний технологийн сургууль, Барилгын технологийн сургууль гэх мэт найман сургууль тус мэргэжлээр элсэлт авч, зарим нь төгсөлтөө хийгээд эхэллээ.

Дээрх сургуулиудын сургалтын хөтөлбөр, багшлах боловсон хүчин ,төгсөгчдийн чадварын асуудалд бид анхаарал хандуулж, шаардлага хангахгүй байгаа зарим тохиолдолд Боловсрол Соёл Шинжлэх ухааны яаманд хандаж, албан бичиг өгсөн байгаа. Салбарын сайд ч энэ асуудалд анхаарал хандуулж, гадаадад инженер бэлтгэх талаар ярилцаж байгаа юм билээ. Тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ч энэ талаар санаачилгатай ажиллаж, инженер техникийн ажилтнуудаа  сургаж байгаа. Авто замын холбоо ч энэ тал дээр байнга анхаарал хандуулж, ажилладаг. Манай холбоо 2010 оноос зөвлөх, мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалт, геодезийн туслах, лаборант, замчин, механизмчин бэлтгэх сургалтыг өөр дээрээ шилжүүлж авсан.

Германы инженерийн нийгэмлэгтэй энэ тал дээр хамтарч ажиллаж, даамал, мастер, инженерүүдээ дадлагажуулах ажил яриа, хэлэлцээрийн түвшинд явж байгаа. Мөн Зам Тээврийн Яам, Бээжингийн зам харилцааны их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан 2013 оноос эхлэн  сургалтын төлбөрийн 100%, 50% тэтгэлэгтэйгээр оюутнуудыг сургаж байна. Үүнээс 20 нь авто зам, гүүрийн барилгын инженерээр  бэлтгэгдэж байна.  Эдгээр оюутнуудаас  хичээл сурлагаараа тэргүүлж байгаа 8 оюутны 4 жил суралцах хугацааны  байрны зардал, тэтгэлэгийг замын компаниуд гэрээ байгуулан олгож байгаа.

Хамгийн ойрын хугацаанд л гэхэд 4-р сард багтаагаад 17 замын инженерийг Японд дадлагажуулах ажилтнаар явуулах гэж байна. Японд очоод яг мэргэжлээрээ дадлагажина. Инженерүүдээ хэлний сургалтад суулгаж, Японы талаас хоёр удаа хэлний шалгалт аваад 40 мэргэжилтнээс 17 хүн нь шалгарчихаад байна. Мөн Японд авто зам, гүүрийн мэргэжлээр инженер бэлтгэхээр ажиллаж байна. Эдийн засаг хүнд, ажил хумигдмал байгаа энэ үед хэцүү байна гээд суугаад байх биш цаг хугацаагаа ашиглаад боловсон хүчнээ бэлтгээд, мэргэшүүлээд авна л гэсэн зорилготой ажиллаж байгаа. 

Ярилцсанд баярлалаа.