Даваадорж.Г 2017.12.04 | Сайт: Vip76.mn

Дэлхийн улс орнууд цаазаар авах нь олширч байна

Дэлхийн улс орнууд цаазаар авах нь олширч байна

(Vip76.mn сайтаас 2016.04.14 өдөр бичиж байсан нийтлэлийг хүргэж байна)

Олон улсын хүний эрхийн Amnesty International байгууллагын мэдээлж буйгаар өнгөрсөн  онд дэлхийд 1600 орчим хүн  цаазлуулсан нь сүүлийн 25 жилд байгаагүй өндөр тоо ажээ. Ялтан цаазалсан тоогоор Иран, Пакистан, Саудын Араб тэргүүлж байна. Энэ гурван улсад бүх цаазын 90 хувь ногдож байна. Хятадын хувьд цаазлуулагсадын тоо төрийн нууцад хамаардаг ч үнэн хэрэгтээ хятадууд дэлхийд хамгийн олон цааз үйлддэг гэж судалгааны байгууллагууд үзэж байна.

Хүний эрхийн байгууллагуудын мэдээгээр Иран улсад 2015 онд 977 хүнийг цаазалжээ.

Ираны эрх баригчид голдуу хар тамхины хэрэгтнүүдийг цаазалсан гэж мэдэгддэг. Гэхдээ цаазын ялтай гэмт хэргийн жагсаалт бага биш. Аллага, хүчирхийлэл, зэвсэглэсэн дээрэм, шашинд тэрслэх, сексийн гаж үйл хийх, биеэ үнэлэх, эхнэр, нөхрөө хуурах, урвах, тагнах, порно бичлэг тараах гэх мэт.

Цаазын ялыг гүйцэтгэх үндсэн хэлбэр нь дүүжлэх.

Саяхныг болтол олны өмнө цаазалдаг байв. Дүүжлүүрийн оронд өргөгч кран хэрэглэдэг. Харин эхнэр, нөхрөө хуурсан гэмт хэрэгтнүүдийг чулуугаар нүдэж алдаг байв. Ингэхдээ эмэгтэйчүүдийг цээжээр нь, эрэгтэйчүүдийг бүсэлхийгээр нь газарт булна. Үүнтэй холбоотой Ираны Эрүүгийн хуулийн заалтад ингэж бичсэн байдаг. “Чулуугаар нүдэж цаазын ял гүйцэтгэхэд чулуу нь  гэмт хэрэгтэн нэг, хоёр цохилтын дараа үхчихээр том биш, гэхдээ хэтэрхий жижигхэн байж болохгүй” гэсэн заалттай.

Цаазын ял гүйцэтгэх энэ хэлбэрийг Ираны эрх баригчид хоёр удаа түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байсан ч шүүхээс заавал иймэрхүү байдлаар цаазын ял гүйцэтгэх шийдвэр гаргадаг байв. Ираны эрх баригчид 2002 оноос хойш чулуугаар нүдэхээ больсон гэж мэдэгддэг.

... Ираны хуульд хүүхдийг цаазлах заалтууд бий. Хүүхдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаар хүйсээс хамаардаг. Охидууд ес, хөвгүүд 15 наснаасаа эрүүгийн хариуцлага хүлээх бөгөөд ялын дээд хэмжээгээр хүртэл шийтгүүлж болно ...Amnesty International-ийн олж мэдсэнээр өнгөрсөн жил Иранд дөрвөн хүүхэд цаазлуулжээ.

Пакистанд өнгөрсөн жил 320 хүнийг цаазалсан байна.

Ийм үзүүлэлтээр тус улс анх удаа эхний гуравт  оров. 2008-2014 онд цаазыг ялыг түр хорьсон. Харин 2014 онд болсон террорист халдлагаар 140 хүн, тэр дундаа олон хүүхдүүд алагдсаны  дараа хоригийг цуцлах шийдвэр гарсан байна. Хоригийг цуцалснаар 8000 хүн үхлийн ялтай болжээ. Тэднийг нь бүгдийг нь дүүжилсэн (Пакистанд зөвхөн дүүжилж цаазалдаг) эсэх нь тодорхойгүй.

Пакистанд хамгийн их цаазын ял оноодог гэмт хэрэг бол шашинд тэрслэх. Уг ойлголтыг олон янзаар тайлбарладаг бөгөөд заримдаа шүүгчид алдаа гаргадаг.

.... Нэг удаа зохион бичлэгтээ шашинд тэрсэлсэн агуулгатай өгүүлбэр бичсэн 17 настай сурагчийг баривчилсан байна. Чухам ямар өгүүлбэр бичсэнийг багш нар нь хэлэхээс татгалзжээ ...

Угтаа тэд ч бас гэмт хэрэгтнийг хаацайлсан учир шашинд тэрсэлсэн үйлдэл гаргасан гэж болно. 1986 онд “Шашны тэрслүү үзлийн тухай” хууль хэрэгжиж эхэлснээр хойш энэ мэт зүйл ангиар 4000 орчим хүнийг цаазалжээ. Заримдаа хүмүүс өрсөлдөгчөөсөө хагацахын тулд хуулийн байгууллагынханд нэгнээ матаж энэ зүйл заалтаар цаазлуулах тохиолдол байдаг.

Гуравдугаар байрт Саудын Араб орж байна.

Тус улсад өнгөрсөн онд 158 хүн цаазалсан нь 2014 оноос 76 хувиар өссөн үзүүлэлт юм. Цаазын ялтай гэмт хэргийн тоо Ираныхтай бараг адил. Цаазлахдаа голдуу толгойг нь цавчдаг. Эмэгтэйчүүдийг буудан хороодог. Ихэнх цаазыг олны өмнө гүйцэтгэдэг.

... Саудын Арабт удмаараа зандалчнаар ажилласан хүмүүс  ч бий. Ерөнхий зандалчинг Хаан өөрөө томилдог ...
Харин Хятад бол тоо баримт байхгүй ч дэлхийд хамгийн их цаазын ял гүйцэтгэдэг орон гэж үздэг.

Хятадын Эрүүгийн хуулийн 69 зүйлд цаазын ял оноохоор заасан байдаг. Онц хүнд гэмт хэргүүдээс гадна авлига, бусдын биеийг үнэлүүлэх, хуурамч мөнгө үйлдвэрлэх, хуурамч эм үйлдвэрлэх, зарах, дэлбэрэх бодис, зэвсэг хулгайлах, хадгалах зэрэг гэмт хэрэг нь цаазын ялтай.

Цаазын ялтнуудыг голдуу бууддаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд үхлийн тариа хэрэглэх болжээ. Олны өмнө цаазлахаа ч больсон байна.

Найман хүүхдийн амийг хөнөөсөн хэрэгтэн цаазын ялын өмнө