Ардчилсан хувьсгалын өлгий нутаг Ховд аймагт МоАН санаачилгын салбар байгуулагдлаа
2016.04.14

Ардчилсан хувьсгалын өлгий нутаг Ховд аймагт МоАН санаачилгын салбар байгуулагдлаа

Тэртээ 1990 онд Ховд аймгийн Багшийн дээд сургуулийн багш, оюутнууд Ардчилсан хувьсгалын хамгийн анхны жагсаалыг зохион байгуулж ардчилал, хүний эрхийн төлөө үгээ хэлэн Улс төрийн товчоог огцруулах шаардлага тавьж байсан билээ.

Ардчилсан хувьсгалын өлгий Ховд нутагт энэ сарын 12-ны өдөр МоАН санаачилгын салбар албан ёсоор байгуулагдлаа.
УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Батхүү, А.Бакей, Ц.Оюунгэрэл нарын дэвшүүлсэн ардчиллынхаа үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, гажуудлыг нь засах замаар эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг бататгах санаачлагыг Ховд аймгийн иргэд дэмжиж сайн дураар нэгдэн аймагтаа салбар байгуулахаар шийдвэрлэжээ.
МоАН Ховд салбарыг байгуулах хуралд тус аймгийн сум бүрээс иргэд, төрийн албан хаагчид, залуус цугларсны дотор 1990 оны анхны жагсаалд оролцон орон даяар цуурайтах үйл хэргийг эхлүүлж байсан ардчилсан хувьсгалын партизанууд маш олноор ирсэн байв. Тэд бидний эхлүүлсэн ардчилал өнөөдөр хийсэн гавъяа ихтэй ч хийх ажил, засах зүйл их байна тэрбайтугай зарим талаар гажууджээ, Тиймээс МоАН бол цагаа олсон маш чухал санаа, санаачилга байна хэмээн хэлж дэмжиж буйгаа илэрхийлж байв. 


МоАН санаачилгын Ховд аймаг дахь салбарын анхны хуралд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл тэргүүтэй тус ТББ-ын гишүүд, удирдлагууд оролцон батламж гардуулав. 
Тус хурлаар олон үндэстэн ястан, ажил мэргэжил, насны бүлгийг төлөөлсөн 11 гишүүнтэй зөвлөлийг сонгон байгуулж Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч Ю.Азаматыг тэргүүнээр сонгосноор Ховд аймагт МоАН санаачилгын үйл ажиллагаа амжилттай эхэллээ.