“Тариаланчдын улсын зөвлөгөөн-2016” боллоо
2016.04.15

“Тариаланчдын улсын зөвлөгөөн-2016” боллоо

Энэ жил манай улс 322.9 мянган га талбайд үр тариа тарихаар төлөвлөж байгаа.

Ийм хэмжээний талбайгаас 386.3 мянган тонн үр тариа хурааж авах зорилго тавьжээ. Харин тариаланчид хаврын тариалалтад бэлэн үү, ямар бэрхшээл тулгарч байна вэ, газар тариалангийн салбарт шинээр нэвтрүүлсэн техник, технологи юу байна гэдгийг ярилцахаар улсын зөвлөгөөнөө хийлээ. Уржигдар Дархан хотод болсон энэхүү улсын хэмжээний зөвлөгөөнийг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулсан юм. Зөвлөгөөнд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 500 гаруй компанийн төлөөлөл ирж оролцсон. Мөн техник, тоног төхөөрөмж нийлүүлдэг 20 гаруй аж ахуйн нэгж өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулав.

Зөвлөгөөний талаар ХХАА-н сайд Р.Бурмаа “Энэ жилийн тариалалт Тариалангийн хуулийн шинэ орчинд болно гэдгээрээ онцлогтой. Уг хуульд маш тодорхой байдлаар технологийн шаардлагыг тавьсан байгаа. Хөрсөнд ээлтэй үйл ажиллагаа явуулах, мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах гэхчилэн шаардлагатай. Мөн тариаланчдын хариуцлагын асуудлыг нарийн тусгаж өгсөн. Дээрээс нь тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй ажиллуулах боломжийг олголоо. Ерөнхийдөө газар тариалан эрхэлж буй аж ахуйн нэгж, хувь хүмүүст нэлээн боломж олгосон хууль болсон.

Тухайлбал, газар эзэмших эрх өмнө нь 15 жил байсан бол шинэ хуулиар 40-өөс доошгүй жил болсон. Энэ нь тариалан эрхэлж буй тухайн хүмүүст үе залгамжлуулан газраа эзэмшүүлэх боломжийг олгох юм. Ингэснээр удаан хугацаагаар газар эзэмшиж буй хүн хөрсөө аль болох сайжруулах арга хэмжээ авна. Тэгэхээр өөрсдийнх нь хүсэл эрмэлзэл дээшлэх учиртай. Мөн тариалангийн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг эрчимжсэн мал аж ахуй ч гэсэн газраа эзэмших эрхтэй болж байгаа. Мөн Засгийн газрын хурапдаанаар “Богино хугацааны тогтвортой газар тариалан хөтөлбөр”-ийг батлуулсан. Үүний үр дүнд 100 тэрбум төгрөгийн, хоёржилийн хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг тариалан эрхэлж буй хүмүүст олгохоор боллоо” гэсэн юм.

Зөвлөгөөн эхлэхээс өмнө аж ахуйн нэгжүүд өөрсдийн оруулж ирж буй тоног төхөөрөмжийнхөө үзэсгэлэнг гаргажээ. Хөдөө аж ахуйн салбарын техникүүд ямар хурдацтай, хэрхэн шинэчлэгдэж байгааг эндээс харж болохоор байв. Трактор, комбайн, хадлангийн машин, будаа цэвэрлэгч, будаа ачигч, усалгааны тоног төхөөрөмжийг эгнүүлэн тавьжээ. Бизнес эрхлэгчид жижиг талбайд ашиглаж болох бага оврын трактороос эхлээд хэдэн мянган га талбайд ажиллуулж болохоор том техникүүдийг тариаланчдад санал болгож байсан. Ингэхдээ мөн банкны зээлээр худалдан авах нөхцөлийг хамтад нь танилцуулж байлаа. Түүнчлэн техник, тоног төхөөрөмжөөс гадна янз бүрийн бордоо, бионүүрс, үр тариа ариутгагч, хорхой шавжнаас хамгаалагч гээд ер нь газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэхэд хэрэгтэй бүхнийг нэг дор төвлөрүүлжээ.

Жил бүр тариаланчдын улсын зөвлөгөөний үеэр болдог энэхүү үзэсгэлэн жилээс жилд өргөжиж байгаа бөгөөд өнөө жилийн онцлох зүйл нь усалгааны системүүд болон Чинаагийн Галсан сангийн оруулж ирсэн бороо оруулах төхөөрөмж байлаа. Үүл хуримтлуулж эргэн тойрныхоо 50 км газарт бороо оруулах боломжтой тоног төхөөрөмжийг тариаланчид тун ихээр сонирхож байв. Ер нь цаашдаа яам болон Засгийн газрыг царайчлалгүйгээр бороо оруулдаг тоног төхөөрөмжтэй болгоё хэмээн бизнесийн байгууллагууд өрсөлдөж эхэлсэн бөгөөд ийм төрлийн техникийг эхнээсээ оруулж ирж байгаа юм байна.

Бас нэг онцлох зүйл нь мэргэжлийн хүрээлэн, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож судалгаа шинжилгээний үр дүн, таримал ургамлын нутагшсан болон ирээдүйн сорт, технологийг танилцуулах байлаа. Бас бордоо, ургамал хамгааллын бодисыг хэрхэн зөв хэрэглэх талаар арга зүйн зөвлөгөө өгч байсныг тариаланчид олзуурхаж байна лээ. Үзэсгэлэнгийн дараа зөвлөгөөн албан ёсоор эхэлсэн юм. Улсын зөвлөгөөнөө хийж буй тариаланчдад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг баяр хүргэн өөрийн илгээлтээ ирүүлснийг танилцуулсны дараа тус салбарынхан илтгэл тавьж эхпэв. Эхлээд ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд “Газар тариалангийн өнөөгийн байдал болоод эрхзүйн зарим зохицуулалт” сэдвээр илтгэсэн. Тэрээр “Энэ жилийн тухайд ургац хураалтыг өөдрөгөөр харж байгаа. Ургац хураалтыг

47.8 хувиар өснө хэмээн тооцоолж буй. Хүнсний ногоог 17.8 хувь, тосны ургамлыг бага зэргийн бууралттай байлгахаар тооцож байгаа. Харин тариаланчдад олгодог дэмжлэгийг бууруулахгүй. Тариалан эрхлэх сан дээр үрийн будааны нөөц 114 мянган тонн байгаа. Үүнээс гадна импортын компанийн дамжуулан зээлдүүлэх гэрээтэй буудай энэ сарын 15 гэхэд ороод ирчих байх.

Тракторын тухайд 2800 гаруй байгаа. Засгийн газраас үрийн улаанбуудай, ХАА-н техник тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хууль баталж өгсөн нь тариалан эрхлэхэд томоохон дэмжлэг болж байгаа. Мөн Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлж хэрэгжүүлэх ажлын тогтоолыг УИХ-аар гаргуулсан. Үүний үр дүнд 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдсэн байгаа. Үүнээс 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдэж өчигдрөөс эхлэн арилжааны дөрвөн банкаар дамжуулан олгогдохоор боллоо” гэдгийг дуулгасан юм. Мөн тэрээр тариалангийн эрхзүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажпуудыг танилцуулав.

Үүний үр дүнд 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдсэн байгаа.

Яам тариалангийн даатгалын тухай хуулийн төсөл, “Тариалангийн бүтээгдэхүүний хадгалалтын үеийн хэвийн хорогдлын норм тооцох" журам, таримал ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ, газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг ажлууд дээр анхааран ажиллаж байгаа тухай мэдээлсэн юм. Түүний дараа ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун илтгэлээ тавив. Тэрээр энэ жилийн тариалалтад шаардлагатай үрийн хангамж, шатахуун, ургамал хамгааллын бодис, бордооны хангамж, техникийн хангамж, техникийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөөврийн услах системийн тухай мэдээлэл өгсөн. Өнөө жилийн тухайд нийт 48.1 мянган тонн үрийн буудай шаардлагатай байгаа бөгөөд нөөцөлсөн нь 35.5 мянган тонн байгаа ажээ. Нэмж Тариалан эрхлэлтийг дэмжих сантай дамжуулан зээлдүүлэх гэрээгээр дөрвөн аж ахуйн нэгжид найман мянган тонн импортын үрийн квот олгоод байгаа юм байна. Мөн тариалан бүхий 16 аж ахуйн нэгжид 12 мянган тонн импортын үрийн квот олгожээ.

Хаврын тариалалтыг хэвийн явуулахад зургаан мянган тонн шатахуун хэрэгтэй бөгөөд тариаланчид “Тариалан эрхлэлтийг дэмжих сан"- гаас 50 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр зээлээр авч болох юм байна. Тус сангаас мөн үр ариутгалын бодис, бордоог урьдчилгаа төлбөртэйгөөр зээлээр авч болно гэдгийг дуулгав. Харин зөөврийн услах системийн тухайд нэг услалтаараа 0.4 га талбай услах хүчин чадалтай, 10 тоннын багтаамжтай, Франц улсад үйлдвэрлэсэн төхөөрөмжийг тариаланчдад санал болгож буй ажээ. Уг төхөөрөмжийг тариаланчид 20  хувийн урьдчилгаа төлбөртэй, дөрвөн жилийн хугацаатай лизингээр худалдан авч болно гэсэн. Үнэ нь 4.7 сая төгрөг юм билээ. Мөн энэ жилийн тухайд яамны зүгээс хүлэмж, чацарганын аж ахуй эрхэлдэг хүмүүсийг дэмжихийн тулд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хөнгөлөлттэй зээл олгохоор судалж байгаа гэдгийг онцолсон юм.

Холбогдох албаны хүмүүс ийн илтгэл тавьсны дараа тариаланчид өөрсдөд нь тулгарч буй асуудпын талаар нээлттэй ярилцсан. Тэд албаны хүмүүсээс сонирхсон зүйлээ асууж байв. Харин энэ удаагийн зөвлөгөөнд Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооныхон оролцоогүй. Зөвлөгөөний төгсгөлд тариаланчдын салбарынхаа яам болон бусад холбогдох хүмүүсээс асуусан зарим асуултыг хариултын хамт хүргэж байна.

-Арилжааны банкууд зээл өгнө гэдэг боловч барьцаа хөрөнгөн дээр маш өндөр шалгуур тавьдаг. Хэдийгээр зээл өгнө гэж байгаа нь сайхан боловч шилний цаанаас чихэр долоолгохтой ижил байна. Энэ асуудал дээр яам ямар нэгэн бодлого гаргах уу. Мөн арилжааны банкууд барьцаа хөрөнгөө багасгах боломжтой юу?

Төрийн банкны эдийн засагч :-Манай банк 2500 гаруй салбартай. Зээл олгохдоо, ялангуяа тариаланчдад зээл олгохдоо ямар нэгэн байдлаар гацаадаггүй. Аль болох богино хугацаанд түргэн шийдвэрлэхийг зорин ажилладаг. Харин тариаланчид нэг зүйлийг сайн ойлгохгүй байна. Бидэнд хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гарсан гээд хүрээд ирдэг. Хэдийгээр хөнгөлөлттэй ч гэлээ зээл л бол зээл. Барьцаа хөрөнгө шаардах нь банкны зүгээс зайлшгүй авах ёстой арга хэмжээ.

Н.Ариунболд (ХХААЯ- ны Төрийн нарийн бичгийн дарга): -Яамны зүгээс Төрийн банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ хийсэн. Барьцаа хөрөнгөний тухайд банкны шийдэх асуудал. Үүнд яамны зүгээс шууд оролцох боломж байхгүй.

-Юуны өмнө тариаланчдын улсын зөвлөгөөнийг зохион байгуулж буй яамныхаа хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Надад нэг санал байгаа юм. Энэ жилийн цаг агаарын урьдчилсан мэдээнээс харахад зун нэлээн хуурайшилттай байх юм билээ. Цаг агаар яаж ч өөрчлөгдөж болно. Харин тариаланчид түүнд бэлэн байх ёстой. Сүүлийн үед манай тариаланчид хоёр, гуравхан өдөр нар гарахаар ургац алдаж, хоёр гуравхан шөнө шуурахаар малын тэжээлгүй боллоо гэдэг болж. Бид ийм арчаагүй байдлаасаа салах хэрэгтэй. Тариа тархин дотор ургадаг гэж үг бий. Гантай, хуурайшилттай жилийг бодож үзээд тариагаа тарих ёстой. Хамгийн гол нь тариа тарих технологийг шинжлэх ухаантай нийлүүлж хөгжүүлмээр байгаа юм. Оросын эрдэмтний нэг ном байдаг. Тэр номонд гантай, хуурайшилттай жил ямар технологиор тариагаа тарих вэ. Үрээ хэрхэн суулгах вэ. Яаж арчлах вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй маш ойлгомжтой бичсэн байдаг. Яамнаас асуухад тариа  тарих асуудлыг хэзээнээс эхлэн шинжлэх ухааны ололт амжилттай нийлүүлж хөгжүүлэх вэ?

Н.Ариунболд: -Таны саналыг сонслоо. Санал болгож буй номыг орчуулж тариаланчдад хүргүүлье. Бас яамны зүгээс тантай хамтарч тариаланчдад өгөх зөвлөгөөг боловсруулж байя.

-Манай улсад одоогоор хэдэн пуужин байгаа вэ. Ирэх зун хэрэглэх пуужин бий юу?

Ц.Болорчулуун (ХХААЯ- ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга):

-Пуужингийн тухайд манай яаманд шууд хамаардаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ улсын нөөцөд одоогоор 800 пуужин бий.

Дахиад 1000 пуужин авахаар тендер зарлаад байгаа юм билээ. Одоо шалгарсан компанитайгаа гэрээ байгуулах шатандаа явж байгаа байх.

-Манайд сүүлийн үед газар тариалангийн техник, тоног төхөөрөмж маш их орж ирж байгаа. Гэвч төмс, хүнсний ногооны тоног төхөөрөмж бараг алга. Яамны зүгээс үүн дээр хэрхэн анхаарч байна вэ. Мөн төмс, хүнсний ногоонд урамшуулал олгох уу?

Н.Ариунболд:-Яамны зүгээс хэрэгжүүлсэн “Төмс” хөтөлбөр дууссан. Тиймээс төмс, хүнсний ногоонд урамшуулал олгох боломж байхгүй. Техник, тоног төхөөрөмж оруулж ирэх тал дээр аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцье.

-Дарханы Ургамал, газар тариалангийн хүрээлэнг хөгжүүлэхээр санхүүжилт хүссэн. Тэр юу болсон бэ?

-2015 онд Дарханы УГТХ-г хөгжүүлэхэд тодорхой хөрөнгө тавих нь зүйтэй юм байна гэж  шийдсэн. Улмаар 100 сая төгрөг төсөвлөж Сангийн яаманд хүсэлт гаргасан боловч хасагдаад 50 сая төгрөг ирсэн байна лээ. Үүнийг удахгүй зохих журмын дагуу олгоно.

Ийнхүү асуулт, хариултаар “Тариаланчдын улсын зөвлөгөөн-2016” өндөрлөсөн юм. Төгсгөлд нь ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд “Яамны зүгээс та бүхэнтэй хэзээд хамтарч ажиллах болно. Болж бүтэхгүй зүйлээ бидэнд хэлж бай. Миний гар утас 93205233. Та бүхэн тэмдэглээд аваарай. Асуух зүйл зөндөө гарах байх. Над руу шууд залгаж байгаарай. Би зарим үед утсаа авахгүй байсан ч эргээд заавал залгаж байна” гэлээ.