Болд.Л 2016.04.18 | Сонин: Өдрийн сонин

УИХ-ын гишүүн Л.Болд залуусыг дахин сэрэхийг уриаллаа

УИХ-ын гишүүн Л.Болд залуусыг дахин сэрэхийг уриаллаа

Өнгөрсөн баасан гаригт Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн зааланд сонирхолтой уулзалт болов.

Сонирхолтой гэсний учир нь улстөрчтэй хийх уулзалт залуустай байхдаа сонин юм. Тус уулзалтад ирсэн залуус бүгдээрээ 20-30 насныхан. Өнөө УИХ-ын гишүүн Л.Болдын УИХ-д залуусын квоттой болгох санаачилгыг сонирхсон хүмүүс өөртэй нь уулзахаар урьсан нь энэ. Орой 17:00 цагт болсон уулзалтад 200 гаруй хүн ажлаа зохицуулаад очсон байв. Зохион байгуулагчдынх нь хэлж буйгаар бол залуусыг цуглуулахын тулд хүч зарах. шаардлага гараагүй аж. Дандаа залуу хүмүүс байна гээд зарлахад л сонирхох хүмүүс бишгүй байж. Суух суудалгүй болж нэлээд олон хүн зогсож байгаад бүтэн хоөр цагийн турш ярилцаад авлаа. Уулзалт эхлэхийн өмнө цугласан залуус хэдийнэ хоорондоо танилцаж фэйсбүүк хаягаа хүртэл солилцоод авна лээ. Залуу хүмүүс болохоор бусад жирийн уулзалтыг бодвол инээмсэглэл тодруулсан царайнууд л харагдаад байх. Уулзалтын өмнө ийм дүр зураг байдгийг би бол анх харж байгаа юм.

Бидэнд хэн ч ардчилал гэж ийм зүйл байдаг хэмээн зааж өгөөгүй

Ингэж байтал Л.Болд гишүүн ирэв. Тэрбээр уулзалтад урьсанд талархаад 1926 оны энэ өдөр (дөрөвдүгээр сарын 15) тусгаар тогтносон Монгол Улсын Засгийн газар 39 охид хөвгүүдээ дэлхийн өндөр хөгжсөн оронд сургахаар явуулж байсныг ярилаа. 35 нь Германд, дөрөв нь Францад суралцжээ. Тэдний дунд их зохиолч Д.Нацагдорж, Монголын киноны анхны найруулагч Х.Нацагдорж, алдарт зохиолч Д.Намдаг, ардын зураач Намхайцэрэн, ардын багш Батсүх гээд салбар бүрт шинэ салхи авчирсан хүмүүс байлаа. Тэдний ихэнхийнх нь хувь заяа эмгэнэлтэй төгссөн боловч цаг үе бүрийн дуудлагыг залуус авч эх орноо өөрчилдөг жишээ болгон тайлбарлав. Мөн ардчилсан хувьсгалын тухай ярилаа.

Тэрбээр “Бидэнд хэн ч ардчилал гэж ийм зүйл байдаг хэмээн зааж өгөөгүй. С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав гээд олон олон залуучууд тухайн үөд энэ хувьсгалыг манлайлж удирдаад Монголын нийгмийг өөрчилсөн. Дандаа 30 хүрээгүй залуус байсан. Үнэхээр өдөр болгон сурч байлаа. Бид чинь эхлээд юу хийхээ мэдээгүй байсан шүү дээ. Социализмаа буруу байгуулаад байх шиг байна. Түүнийг өөрчлөх хэрэгтэй юм байлгүй дээ гэж гарч ирсэн. Сарын дотор бид ойлгосон. Социализм гэдэг чинь сайжирдаг юм биш байна. Хүмүүст эрх чөлөөг нь олгохгүй л бол энэ нийгэм бидэнд хэрэггүй гэдгийг мэдэрсэн. 1989 оны аравдугаар сарын 10- наас 1990 оны долдугаар сар хүртэл тэр хэдхэн сард бид дэлхий, улс орон, ардчилал, цаашаа ямар замаар явахаа ойлгосон. Түүнийгээ төрийн хууль болгож өөрчлөлт хийсэн. Тэр бол монгол залуусын бас нэг гайхамшиг байсан юм” гэж байлаа. Мөн “Өнөөдөр та нарын үе ирлээ. 1990 онд бид гудамжинд гарч жагссан. Тухайн үед Монголд 100 гаруй мянган гадаадын цэрэг байсан.

Монголын бүх удирдагчдыг Москвагаас томилдог байсан. Үүний эсрэгжагссан юм. Нөгөө талд харийн гүрний барьц сулрах тэр мөчид адилхан л монгол хүмүүс энэ төрийг удирдаж байсан учраас байраа тавьж өгсөн. Одоо жагсаал цуглаанаар хувьсгал хийхгүй юм байна. Жагсаал цуглаанд одоо хүн очихгүй байгаа биз дээ. Хэний эсрэг жагсах юм. Бидний сонгосон Монголын төр шүү дээ. Хэн ч цаанаас нь удирдаагүй. Яахав тэнэг, буруу хүн байгаа биз гэхдээ л монгол хүн. Тиймээс өөрчлөлтийг тархинд хийх ёстой юм байна. Зохион байгуулалтаар хийх хэрэгтэй боллоо. Нийгмийг өөрчлөх бодлого, хөдөлгөөнөөр хийх шаардлага байна. Энэ та нарын гарт байгаа. Уриалаад байгаагийн учир нь энэ. Өнөөдөр яг тэр цаг үе юм. Монголын залуучууд дахиад сэрж, хонхны дуугаа дуулж, харангаа дэлдэх цаг болсон. Ингэхийн тулд та нар эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Сургуулиараа, хамт олноороо, найз нөхдөөрөө, хороогоороо бүгдээрээ хөдөлгөөнд орох хэрэгтэй. Хан-Уулчууд үүнийг хийж чадна. Улаанбаатарын хамгийн бүтээлч сайхан дүүрэг. Үүний төлөөлөл бол та нар учраас хөдлөөсэй, үлгэр жишээ үзүүлээсэй гэж уриалж байна” гэсэн юм.

Мөн 1990-ээд оноос хойш ямар ч парламентад 30 хүртэл насны нэгээс хоёр хүн байдаг байсан. Залуучуудаа төлөөлдөг, тэдэнтэй холбох гүүр нь тэднийхээ дуу хоолой нь болоод явж байж. Өнгөрсөн цагийн нугачаанд бүдгэрсээр сүүлийн хоёр сонгуулийн хугацаанд нэг ч залуу хүн байхгүй болсон гэдгийг учирлаж байв. Энэ байдлыг хуулиар л засах нь зөв аж. Өмнө нь эмэгтэйчүүдийн оролцоо цөөрсөөр сүүлдээ парламентад хоёр, гуравхан эмэгтэйтэй болоод байсныг нэр дэвших 30 хувийн квот гаргаснаас хойш 11 эмэгтэй гишүүнтэй болсноор тайлбарлаж байв. Үүнтэй адилхан намуудыг үүрэгжүүлж намуудад квот өгч эргээд нэр дэвших бололцоо залууст олговол багадаа нэг, хоёр залуу төлөөлөлтэй болно гэдэгт Л.Болд гишүүн итгэлтэй байгаа юм билээ.

Яагаад залуусын төлөөлөл байх ёстой вэ гэдгийг ч тэрээр тайлбарлаж өгөв. Энэ талаар "Залуусын сонгуульд оролцож байгаа хувь хамгийн бага байна. Унэхээр өөрт нь ямар ч оролцоо үр дүн байхгүй байхад аргагүй. Түүний оронд сургуульд сурах, ажил амьдралаа бодохоос эхлээд улс төрийн идэвх маш султай болсон байна. Үүнийг манай Ардчиллын хамгийн том аюул гэж үзэх хэрэгтэй. Залуу үө ийм идэвхгүй байвал улс орны ирээдүй маш бүрхэг байна. Өөрчлөхийн тулд залуусаа аль болох сонгуульд оруулж тэдний хүсэл зорилгыгтөрийн бодлогод тусгаж явах шаардлагатай.

Өнөөдөр 16 нас хүрээд иргэний үнэмлэхээ авч бүх эрх нээгддэг. Гэтэл төр хамгийн гол эрхийг нь аваад үлдчихдэг. Сонгох эрхийг нь 18 нас гээд заагаад өгчихсөн. Хэрвээ 16 настайгаас эхэлбэл эрүүл торгон насандаа улс төрийн эрхээ эдэлж, сонголт хийж сурна. Ингээд бүх насныхаа зам мөрийг зөв тавих бололцоотой болно. 18 наснаас хойш гэхээр юун сонгууль дээд сургууль, конкурс, тэгээд цаашаагаа ажил, амьдрал гэсээр хүний хамгийн үүрэгтэй 24 хүртэл насны үе дутчихаж байна. Ингээд нийгэмд хамгийн эрүүл, хөдөлгөөнтэй сэтгэлгээтэй үе нь монголын улс төрийн бүтээн байгуулалтад сох дутаад байгаа юм. Үүнийг бид засах хэрэгтэй. Түүний тулд залуус өдрийн 24 цагаас улс төрд 30 минут, нэг цагийг зарж яагаад болохгүй гэж. Улс орныхоо нийгмийн бодлогыг уншиж судалж, дүгнэлт хийж хоорондоо фэйсбүүкээр пост тавих хэрэгтэй” гээд энэ хөдөлгөөнийг Хан-Уулын залуучууд нийт Улаанбаатар, Монголын залуучуудад хийж өгөхийг уриалж байв.

Энэ үеэр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны төлөөлөл болсон залуус асуулт тавьж хариулт авч байсан юм. Бүр “Таныг олон гадаад хэл мэддэг гэдэг. Хэрхэн хэл сурах вэ” зэргээр энгийн яриа ч өрнүүлээд авч байна лээ. Хариуд нь Л.Болд гишүүн “Нэг гадаад хэлийг сайн сурсан байхад дараагийнх нь 50 хувь, 25 хувь гээд сул ороод ирдэг юм шүү” гэх зэргээр хариулах аж. Бүхий л асуулт хариултыг багтаана гэвэл нэлээд урт бичвэр болно. Тэгэхээр заримаас нь дурдаад өнгөрьө. Солонго хэмээх нэг эмэгтэй "Бид сургуулиа төгсөөд нэг газар очиход та ажлын туршлага хуримтлуулаад ир гэдэг. Хөдөлмөрийн хэлтсээс 30-аас дээш насныханд тусламж зээл олгож байна.

 Залуу хүнийг заавал ажилд авах хэрэгтэй гэдгийг хуульд л зааж өгөх хэрэгтэй

Нөгөө талаар төгсөх курсын оюутнуудад ажлын байранд зуучлах дэмжлэг үзүүлж байгаа. Ингээд яг ажил хөдөлмөр хийе гэсэн 30 хүртэлх насны залуус орхигдож байгаа юм. Намуудад залууст чиглэсэн хөтөлбөр боловсруулж байгаа юу. Таны санаачилж байгаа залуусын квотыг бид маш их дэмжиж байгаа" хэмээхэд Л.Болд гишүүн “Та нарын төлөөлөл парламентад байхгүй учраас хэн та нарын эрх ашгийг хуульд суулгах вэ. Бүгдээрээ эцэг, эх учраас боловсролын асуудпыг их ярьж байна. Нэг хэсэг нь 30-аас дээш насны ажилгүйдэл эсвэл тэтгэврийн асуудлыг анхаарлын голд оруулдаг. Тэр бүхнийг мэддэг төлөөлөл парламөнтад байна уу. Та бүхний насны төлөөлөл байсан бол та нарын асуудлыг хууль болгон дээр дуугарна. Нэг ёсондоо дуу хоолой дутагдаад байгаа юм. Залуу хүнийг заавал ажилд авах хэрэгтэй гэдгийг хуульд л зааж өгөх хэрэгтэй. Энэ хуулийн төлөө явж байгаа хүн байхгүй. Яагаад гэвэл энэ хуулийн хүрээлэлд хамарч байгаа нэг ч гишүүн өнөөдөр УИХ-д алга. Үүнийг өөрчлөхгүй бол энэ байдал бахь байдгаараа байх болчихоод байгаа юм. Тэнд нэг хүн байнга дуугарч байх хэрэгтэй. Эмэгтэйчүүд парламентад 11-үүлээ болчихсон чинь яаж байна гээч. Хүүхэд харах үйлчилгээний хууль, эмэгтэйчүүдийн эрхийн хууль, гэр бүлийн хүчирхийллийн хууль сүүлдээ архийг, тамхийг хориглох хууль гээд бүх

л хууль гарч байна. Яагаад гэвэл эмэгтэйчүүд өдөр болгон дуугарч байгаа юм. Сүүлийн 20 гаруй жил мөдгүй дээ гэсэн бүхий л хууль гарлаа. Үр дүнг нь та нар хараарай. Яг үүнтэй адилхан 20-30 насны залуусын хоёр, гурван төлөөлөл байхад болно. Та нарыг өөр хэн ойлгох юм. Тиймээс та бүхэн улс орон даяар хөдөлгөөн өрнүүлээд, твиттер фэйсбүүкээрээ хэлэлцээд шилдгээ шалгаруулчих хэрэгтэй. Гарын үсэг цуглуулаад хамгийн сайнаасаа гаргаад ирээч. Та бүхний дунд шилдэг залуус өчнөөн бий. Бид дэмжээд өгье. Намын мөрийн хөтөлбөрийн төсөлд залуусыг дэмжсэн нэлээдзүйл оржбайгаа. Олон санаачилга гарсан. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр гээд зөндөө юм бий. Гэхдээ тэр бүхнийг эргээд хэрэгжихэд залуучуудаа төлөөлдөг хүн УИХ-д байхгүй бол хэцүү. Та нар нийлж байгаад нэг бие даагч гаргаад ир л дээ. Болно шүү дээ. Тэгэх л юм бол энэ чинь төрийн хууль болж гардаг.

Парламентын засаглалын жам энэ. Тэнд хөгжлийн бэрхшээлтэй хүн орвол хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих хууль маш эрчимтэй гарна. Байхгүй бол дэмждэг, тэр чиглэлээр ажиллаж байсан хүмүүс байвал тэдний хүсэл зоргоор л гарна. Ийм л санааг дахин дахин та бүхэндээ хэлэх зайлшгүй шаардлага гараад байна" гэсэн юм. Уулзалтын төгсгөлд тэрээр “Та бүхэн боловсрол, ажилгүйдэл олон зүйлд санаа зовж явдаг юм байна. Тийм болохоор боловсролд санаа зовдог хэсэг нь фэйсбүүкээрээ нэгд. Ажилгүйдэлд дуу хоолойгоо хүргэх гэсэн хэсэг нь нэгд. Тэгээд хоорондоо ярилц. Сүүлд нь бүгдээрээ нэгдэх хэрэгтэй. Ганц хүн ганцаараа л байдаг. Тэгэхээр нэгдэх л хэрэгтэй. Монголын олон зуун мянган залуусаас багадаа гу- рав нь парламентад орчих бололцоотой. Т а бүхэн тэднийгээ дэмжээд өгөх нь зүйтэй. Ингэж байж төлөөллөөрөө дамжуулан нийгэм, амьдрапаа зөв болгоно” гэдгийг онцолж байлаа.