Сандуй.Ц 2016.04.18 | Сонин: Үндэсний Шуудан

Амьдралд нийцсэн мөрийн хөтөлбөр болсон

Амьдралд нийцсэн мөрийн хөтөлбөр болсон

Нийслэлийн МАН-ын хорооны   3-дугаар хуралдаан өнгөрсөн бямба гарагт боллоо. Энэ үеэр Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйгаас дараах зүйлийг тодрууллаа.

-Өнгөрсөн бямба гарагийн хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэв. Хуралдааны гол зорилго юу байсан бэ?

-Сонгуулийн хуулийн дагуу нам эвслүүд мөрийн хөтөлбөрөө энэ сарын 20-ны дотор Үндэсний аудитын газар өгч хянуулах учиртай. Манай намын бага хурал өнөөдөр болно. Энэ утгаараа Нийслэлийн намын хороо 2016 оны ШТГХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө гарган хуралдаанаараа баталсан байх ёстой юм,

-Хуралдаанаар мөрийн хөтөлбөрөө эцэслэн баталж чадав уу?

-Мөрийн хөтөлбөр батлах хуралдаанд нийслэлийн намын хорооны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо. Өнөөдөр Монгол Улсад эдийн засаг, засаглалын хямрал нүүрлээд байна. Тэгвэл хямралыг хэрхэн зогсоох вэ, энэ үед бид ард, иргэдийнхээ амьжиргааг хэрхэн өөд татах вэ гэдэг дээр гишүүд санаа зовнин ярилаа. Бид 40 жилд хийх зүйлийг дөрвөн жилийн хугацаанд хийнэ гэж худал амлаж чадахгүй. Бидний гол зорилго бодит хөрсөн дээр буусан мөрийн хөтөлбөр боловсруулах байсан.

Мөн нийслэлийн МАН-ын хороо анх удаа сөрөг хүчний зүгээс мөрийн хөтөлбөр боловсрууллаа. Энэ ч утгаараа бид жилийн өмнөөс мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулж намын гишүүд болон иргэдийн санал бодол, эрдэмтэн мэргэдийн зөвлөгөөг тусгалаа. Хаврын чуулганы нээлтийн өмнө МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд нийслэлийн есөн дүүрэгт ажиллан тайлангаа тавьсан. Энэ үеэр нийслэлийн МАН-ын хорооны даргын хувиар гишүүдтэйгээ хамт явж олон иргэнтэй нүүр тулан уулзаж санаа бодлыг нь сонссон нь мөрийн хөтөлбөрийг эцэслэхэд их дэм боллоо.

-Мөрийн хөтөлбөр батлах хуралдаанд цөөнгүй УИХ- ын гишүүн оролцсон гэсэн. УИХ-ын болон нийслэлийн намын хорооны гишүүд мөрийн хөтөлбөрөө хэрхэн дүгнэв?

-Хуралдаанд оролцогсод мөрийн хөтөлбөрийг бодит боломжид тулгуурласан болжээ хэмээн дүгнэсэн. Ингээд баталсан. Иргэд сонгогчид маань сонгуулийн сурталчилгаа эхлэхээр мөрийн хөтөлбөртэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байгаа.

-Мөрийн хөтөлбөр хэдэн бүлгээс бүрдэж байгаа вэ?

-Мөрийн хөтөлбөрөө хүнээ дээдэлсэн зарчимд суурилан үндсэн таван чиглэл, долоон бүлэгтэйгээр боловсруупсан. Мөн амьдралд нийцсэн, хэт мөрөөдлийн биш хөтөлбөрийг боловсрууллаа гэж хэлэх байна.

-МАН, МАХН-тай эвсэж сонгуульд орох талаар ярилцаж байгаа. Хэрэв эвсэж сонгуульд орвол мөрийн хөтөлбөрөө дахин өөрчлөх үү?

-Эвсэх эсэх асуудлаар ажлын хэсэг гараад одоог хүртэл хураддаж л байна. Хэрвээ эвсэхээр болбол эвслийн мөрийн хөтөлбөр дахин гарч таарна.