Баттулга.Х 2016.04.18 | Сонин: Өнөөдөр сонин

Баянхонгорчууд Улаанбаатарт

Баянхонгорчууд Улаанбаатарт

Ойрын хэд хоногт монгол­чууд УИХ-ын гишүүн, “Женко” Х.Баттулгаар “амьсгалж”, хоёр хуваагдчихаад байгаа.

Х.Баттулга гишүүний ойр дотно хүмүүсийг нэг нэгээр нь цагдан хорьсноос хойш түүнийг дэмжигчдийн уур бухимдал, эсэргүүцэл Төрийн ордныг чиглэх болов. Гэхдээ энэ сарын 11 хүртэл байдал харьцангуй тайван байсан. “Баянгол” зочид буудалд оффистой, Х.Баттулга гишүүний хувь эзэмшдэг “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” компанийг цагдаагийнхан шалгахаар очихдоо сүр бадруулсанаас болж, олон хүн энэ үйл явдлыг Н.Энхбаярын баривчилгаатай адилтган, хэсэг үймцгээсэн.

Сошиалаар “Х.Баттулга гишүүний төлөө тэмцэнэ, босно. Баянхонгорчууд аа сэр, ир” гэсэн хүн ч байв. Үүнээс болоод ирсэн үү, эсвэл өөр зорилготой юу гэдгийг хэлж мэдэхгүй ч Х.Баттулга гишүүнийг өмөөрч, тэмцэхээр баянхонгорчууд 12-ны орой нийслэлд ирлээ. Тэд маргааш нь гишүүнтэй Төрийн ордонд очиж уулзахдаа “Баянхонгорчууд таны ард бат зогсоно” хэмээжээ. 100 гаруйлаа ирсэн тэднийг эмх замбараагүй байдал үүсгэх вий гэж сэрэмжлээд ордонд тэр өдөр хамгаалалт гаргасан байв. Тэгвэл өчигдөр тойргийн сонгогчид нь Ардчиллын ордонд цуглаж, нийслэлд ирсэн шалтгаанаа тайлбарлалаа. 

Г.Баатарсүх (Баянхонгор аймгийн иргэн)

-Х.Баттулга гишүүнийг хууль хүчний байгууллагаар шалгуулж буйд баянхонгорчууд санаа зовниод ирлээ. Удаа дараа сонгосон хүнийхээ эрх ашгийг хамгаалах нь биднийг үүрэг. Эрх мэдэлтнүүд ард түмний өмч, баялгийг хуваан идэж байхад Х.Баттулга гишүүн л эсрэг дуугардаг. Тиймээс л түүнийг улс төрийн тавцангаас шахаж гаргах ажиллагаа явуулж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө тэмцэж байгаа хүн шүү дээ. Улаанбаатар хотод суугаа нутгийн уугуул иргэд бидэнтэй нэгдэж, дэмжиж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, АН-ынхантай уулзаж, шаардлага хүргүүлнэ. Тэд Х.Баттулга гишүүний сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байгаа учраас. Бид энэ сонгуулиар ч гишүүнээ сон­гоно. Ийм нөхцөл бүрдүү­лэхийн тулд нутгийн иргэд энд 21 хоног тэмцэл, эсэргүүцлээ илэр­хийлнэ. Шаардлагыг маань хүлээж авахгүй бол тэмцлийн өөр хэлбэрт шилжинэ.

Д.Цэрэндаш (Баянхонгор аймгийн иргэн)

-Янз бүрийн жагсаал цуглаан, олныг хамарсан үймээн самуун дэгдээх гэж ирээгүй. Нутгаас маань сонгогдсон гишүүнийг хавчин шахаж буйг тэвчиж чадсангүй ээ, бид. Хонгор нутагт төдийгүй улсдаа томоохон бүтээн байгуулалт хийж, улс орноо урагшлуулах гэж хичээн ажиллаж байгаа түүнийг энэ сонгуульд оролцуулж, цаашид явах замыг нь бага ч болов засаж өгөхийг л хүсэж байна. Жагсаал цуглаан зохион байгуулахдаа тулбал тайван замаар хийнэ. 

Д.Бадамхатан (Баянхонгор аймгийн иргэн) 

-Унааны зардлаа хаанаас гаргасан, хоол ундаа яаж зохицуулж байна вэ? гэж сэтгүүлч нар асууж байна. Бид яадгаа алдчихсан хүмүүс биш ээ. Хэн нэгнээс мөнгө авах гээгүй. Бүгд хоол, унааны зардлаа дааж ирсэн. Зарим нь хүүхдүүд, хамаатныдаа байрлаж байна. Энэ бол асуудал биш. Хамгийн гол нь манай цагдаа хүний төлөө биш эрх мэдэлтний талд үйлчилж буйд сэтгэл өвдөж байна. Бидний ард 80 мянган хүн байгаа. Тэд санал нэгтэйгээр Х.Баттулга гишүүний талд.