Энэ төслийг зогсоо, боль гэсэн асуудал үүсэхгүй
Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг
2016.04.18

Энэ төслийг зогсоо, боль гэсэн асуудал үүсэхгүй

Нийслэлийн удирдлагуудаас 340 мянга гаруй иргэдийн дунд явуулсан санал агуулгаар "Гэр хорооллын дахин төлөвлөлт"-ийн ажил хамгийн их шүүмжлэл, анхаарал дагуулсан асуудал болох нь харагдсан учраас бид энэ ажлын явц, үр дүн ямар байгаа талаар холбогдох албаны хүнээс тодрууллаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд иргэд шүүмжлэлтэй хандаж, хүлээлттэй байна? Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

Энэ төсөл үргэлжилдэгээрээ үргэлжилж, явдагаараа явна. Манай газрын зүгээс энэ төсөл амжилттай болно гэдэгт итгэл найдвар дүүрэн байна. Төсөл удааширсан гол шалтгаан нь хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсонтой холбоотой. 90-ээд онд барилгын салбар навс унаж, байшин барих нь байтугай засах хүн цөөн болсон.

Аажмаар барилгын салбар сэргэж, эрэлт ихэссэн. Тухайн үед 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 2 тэрбум төгрөг олох боломжтой байлаа. Үүний дараа 2008 оны хямралаар бартерын систем барилгын салбарт хэрэгжиж эхэлсэн. Барилгын гол болон туслах материал нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчидтэй барилгын компаниуд төлбөрөө орон сууцаараа төлсөөр уналтаас давгүй гарсан. Энэ мэт барилгын салбарт өнгөрсөн хугацаанд хэд хэдэн сорилт тулгарсан ч ямар нэгэн аргаар даваад гарчихдаг байсан болохоор хөрөнгө босгох алсын хараатай төлөвлөгөө, туршлага хуримтлуулж чадаагүй. Тиймээс одоогийн хөрөнгө оруулалтын хүндрэлтэй асуудал үүсээд байна.

Өмнө нь барилгын компаниудын захирал гэртээ байхад ажил нь нөгөө талд явдаг байсан бол одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. Тэгвэл гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхэлж, барилгын компаниудыг сонгон шалгаруулснаас хойш барилгын компани, тэдгээрийн захирлууд хариуцлагажиж байна. Олон хүний өмнө орон сууц барьж, тохилог сууцанд оруулна гэж амласан учраас өдөр шөнөгүй ажиллаж байна.

Одоогийн эдийн засгийн хүндрэлийг хямрал гэж харалгүй илүү хариуцлагатай байж, энэ үеийг даваад гараасай гэж боддог. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдлээ, эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг байна гэсэн эерэг мэдээ гарахтай зэрэгцэн хүмүүсийн болгоомжлол үгүй болж, барилгын салбарын борлуулалт, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж боддог.  .

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хэрэгжих шатандаа эргэлт, буцалтгүй орсон. Хүндрэл, бэрхшээл байхын хувьд байна.

Гадаад орчин хүндэрсэн энэ нөхцөлд төлөвлөсөн хугацаа хойшилж байна. Хугацаа хойшлох тусам газраа чөлөөлсөн иргэдэд санхүүгийн эрсдэл үүсч, барилгын компаниуд ч иргэдэд өгөх мөнгөний график хоцроод байна. Энэ бол хамгийн зүрх өвдмөөр зүйл. Учир нь иргэд түрээсийн байранд амьдарч, түрээсээ төлж чадахгүйд хүрээд байна.

Зарим компани иргэдийн газрыг чөлөөлчих, бид хөрөнгө оруулалт босгохоо судалж байна гээд нэг, хоёр жил болдог жишээ цөөнгүй байна. Хөрөнгө оруулалт нь бүтэхгүй болохтой зэрэгцэн газраа чөлөөлсөн иргэд маш хүнд байдалд ордог байх жишээтэй. Тиймээс компаниуд энэ төсөлд маш судалгаа сайтай, хөрөнгө оруулалтын асуудлаа шийдсэн тохиолдолд орох хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.

...Агаарын бохирдлыг бууруулах олон арга байдаг ч хамгийн үр дүнтэйд гэр хорооллын дахин төлөвлөлт ордог. Дахин төлөвлөлтийн ажил хэрэгжиж эхэлснээр гэр хорооллын газар үнэтэй болж эхэлсэн. Түүнтэй уялдан амины орон сууцны тухай ч яригдана. Гэхдээ энэ ажил ч бас сайн явж өгөхгүй л байна...
2013 онд ажил яг юунаас эхлэв?

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зөвхөн манай газар хариуцдаггүй. “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар”, “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар”, “Нийслэлийн Захирагчийн ажлын алба” зэрэг байгууллагууд бүгд хамтран хэрэгжүүлж байна. Манай байгууллагын гол үүрэг бол эдгээр байгууллагын үйл ажиллагааг хооронд нь уялдуулах, зангидах юм.

Бидний ажил эхлээд өөрсдөө төслийн мөн чанараа ойлгох, дараа нь иргэдэд ойлгуулахаас эхэлсэн.

Олон улсын туршлага судалсан. Герман, Япон, Солонгос, Хятад зэрэг улсууд дахин төлөвлөлтийн ажилд арвин туршлагатай. Гэхдээ тэднээс авах юм ч бий, гээх юм ч бий. Жишээлбэл, Япон улсад газрын харилцаа үүсээд маш олон жил болсон. Манайд дахин төлөвлөлт хийхэд иргэд, компани, төрийнхөн хамтран 1-2 сарын дотор эхний тохиролцоонд хүрч байгаа бол Япон улсад 10 хүртэл жил иргэдтэй тохиролцсон тохиолдол цөөнгүй байна.

Энэ улсад 7 га газарт дахин төлөвлөлт хийхийн тулд 500 өрх, иргэдтэй 10 жил, хотын захиргаатай 3 жил нийт 13 жилийг яриа, хэлэлцээ, тохиролцоонд хүрэхэд зарцуулж, 3 жилийн дотор бүтээн байгуулалтын ажил өрнүүлсэн байна. Тэдний хувьд бүх талын оролцоо, сэтгэл ханамжийг хангасан шийдвэр гаргасан байгаа юм. Япончуудын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлсэн нь зорилгын хувьд ч манайхаас тэр өөр.

Тэд эдийн засагтаа хахсан мөнгөө яаж үр ашигтай зарцуулах вэ гэж бодсоны эцэст гаргасан нэг шийдэл нь энэ байсан. Тус улс гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлсэн хэсгээ зугаа, цэнгэлийн бүс болгон ашигласан. Харин тэнд оршин сууж байсан иргэдэд тусад нь, өөр газар орон сууц барьж өгөөд оруулсан байгаа юм. Орон сууцны үлдсэн зай талбайд худалдаа үйлчилгээний төв, номын сан, театр зэргийг байгуулсан. Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүснээр эдийн засагт тодорхой эргэлт гарч, төсөл хэрэгжсэн газар орчимд газрын үнэ үнэтэй болсон байгаа юм.

...Манай гэр хорооллын иргэдийн хувьд орон сууцтай болох хүсэл эрмэлзлэл байсаар байна. Тиймээс хурдан байртай болох юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөж, барилгын компаниудтай сайтар ярилцаж, тохиролцолгүйгээр гэрээнд гарын үсгээ зурчихдаг. Энэ тал дээр иргэд ч, барилгын компаниуд ч хариуцлагатай хандах хэрэгтэй...

Барилгын компаниуд хоосон амлахгүй, иргэд хэтэрсэн их мөнгө нэхэхгүй байх нь зүйтэй. Гэхдээ иргэд төслийг ойлгож дэмжээд, өөрийн гэсэн байртай болохоор газраа чөлөөлж байна гэдэг нэг талын ололт.  

Иргэдэд ойлгуулах үүднээс ямар ямар алхмууд хийж байв?

Эхний ээлжинд иргэдээ нэг дор цуглуулсан. Төслийнхөө талаар танилцуулга хийж, оршин суугчдын одоогийн нөхцөл байдлыг зургаар харуулж, газраа чөлөөлж, дахин төлөвлөлтөд хамрагдсанаар ямар давуу талтай болохыг ярьж, таниулж байлаа. Ирээдүйн амьдрах газар орчин, орон сууцны хорооллын төлөвлөлтөд иргэдээс санал сонсож, түүнийгээ зураг төсөлдөө тусгаж байлаа.

Иргэдийн нэг хэсэг нь төслийг анхнаас нь дэмжиж, нөгөө хэсэг нь газраа үнэд хүргэх сонирхол байсан ч дахин төлөвлөлтийн ажлыг эсэргүүцэж байгаад байр ч үгүй, газар ч үгүй болох вий гэсэн болгоомжлол ч тэр хэсэгт нь байсан.  

Бид иргэдтэй уулзалт хийгээд явж байхад иргэд хувийн хэвшилд бүрэн дүүрэн итгэдэггүй гэдгээ илэрхийлсэн. Харин гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд нийслэл оролцож байгаа учраас иргэд итгэж байна гэдгээ хэлж байсан.

Зарим байршилд иргэдийн холбоо байгуулагдаж, нэгдсэн журмаар барилгын компаниудтай гэрээ хийж байлаа.
...Нэг талд, гэрээний эрх зүйн харилцаанд суралцаагүй иргэд нэгэнт байгуулсан гэрээгээ цуцлах, нэмэлт өөрчлөлт оруулах явдал их байлаа. Нөгөө талд, барилгын компаниуд ч иргэдийн газрыг чөлөөлөхийн төлөө улайж байсан тохиолдол, үе бий...

Иргэд газрын үнээ хөөрөгдөж, үймээн дунд шахалт үзүүлдэг хэсэг нөхөд ч гарч ирсэн.

Барилгын компаниудын эзэд, менежерүүдээс өөрийгөө оршин суугчдын өмнө нэр хүндтэй мэтээр ойлгуулж, газар чөлөөлөх асуудлыг иргэдээр зөвшөөрүүлж чадна гэсэн хэсэг бүлэг нөхдүүд мөнгө салгахыг оролдож, салгаж ч чадсан. Эцэст нь барилгын компаниуд тэдгээр шахалт үзүүлдэг иргэдийн зорилгыг ойлгож, энэ асуудал намжсан.

Гэхдээ л газар чөлөөлөхийг зөвшөөрсөн грээнд гарын үсгээ зурахаар ирсэн оршин суугчдад шахалт үзүүлэх,  тэдэнд саад болох үзэгдэл мэр сэр гарч байлаа. Энэ бүхнээс үүдээд хэд, хэдэн байршилд олон нийтийн дунд үймээн, үл ойлголцол гарч байсан. Одоо эдгээр асуудал цэгцэрч, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил зөв голдрилдоо орж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлт бол агаарын бохирдлыг бууруулах үр дүнтэй арга гэлээ. Үнэхээр бодитоор бууруулж чадах уу?

Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрчихээд байгаа учраас түүнд нөлөөлөгч томоохон хүчин зүйл болох гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах номер нэг шийдэх ёстой асуудал. Хүн амаа эрүүл, аюулгүй орчинд амьдруулах Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ Монголын төр гүйцэтгэх ёстой гэдэг үүднээс энэ ажлыг эхлүүлсэн. Мөн газрыг үнэ цэнэтэй болгох нь бас нэгэн зорилго байсан.

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлагдсан ч, хэрэгжүүлэх ажлуудад төсөв хуваарилагдаагүй. Энэ шалтгаанаар төсөл мөн л удаашрахад хүрсэн. Гэр хороололд амьдарч буй хүүхэд, залуусын сурч боловсрох, хөгжих орчин нөхцөл орон сууцны хорооллоос дутмаг учраас хүүхдийн чадамж, ирээдүйн хөгжил нь дагаад бүрхэг болж байна. Энэ бол бодит үнэн, бодит байдал. Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг урагшлуулах л хэрэгтэй.

Газар чөлөөлсөн хэсгийн агаар өмнөхөөсөө арай эрүүл, цэвэр болж байна гэж ойлгож байгаа. Тухайлбал, Халдвартын эмнэлгийн орчим 300-гаад айлын газрыг чөлөөлөхөд тэр орчмын агаарын бохирдол багассан гэдгийг оршин суугчид илэрхийлж байсан. Дахин төлөвлөлтийн ажил төлөвснөөсөө хоцорч байгаа нь үнэн. Гэхдээ энэ төслийг дуусгах л хэрэгтэй.

Энэ хүрээнд батлагдсан бага, дунд, урт хугацааны хөтөлбөрүүд хэрэгжих шатандаа эргэлт буцалтгүй орсон. Өөрөөр хэлбэл ямар ч цаг үе, нөхцөл байдал үүслээ энэ төслийг зогсоо, боль гэсэн асуудал үүсэхгүй.