Улаан.Ч 2016.04.19 | Сонин: Өдрийн сонин

Эвсэл хэр сайн ажиллахаас алсдаа хоёр нам нэгдэх түүхэн үйл явдал хамаарна

Эвсэл хэр сайн ажиллахаас алсдаа хоёр нам нэгдэх түүхэн үйл явдал хамаарна

МАН, МАХН сонгуульд эвсэж орох талаар ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн тайланг УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар нар өчигдөр танилцуулсан юм. Ажлын хэсгүүдийн тохиролцоонд хүрснээр бол хэрвээ эвсэл байгуулагдвал 25, 51 гэсэн харьцаатай байх аж. МАН жагсаалтад 18 хүн оруулж, тойрогт 33 гишүүнээ өрсөлдүүлнэ. Харин МАХН жагсаалтад 10 хүн, тойрогт 15 хүн өрсөлдүүлнэ гэсэн үг. Мэдээллийн дараа УИХ- ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.

-МАН, МАХН ирэх сонгуульд эвсэж орох талаар ажлын хэсэг байгуулж нэгдсэн тайлан гаргасан байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-МАН-тай эвсэж энэ удаагийн сонгуульд оролцох талаар хоёр намаас дөрөв, дөрвөн гишүүнтэй ажлын хэсэг гарсан. Ингээд бид арван удаагийн уулзалт хийлээ. Санал нэгдсэн гурван асуудлыг онцолж хэлье. Ажлын хэсгүүд ярьж байгаад манай хоёр нам эвсэж нэг субьект болж УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцвол ялалт байгуулах боломжтой байна гэдэг дээр санал нэгдсэн. Мөн энэ сонгуулиудад нэгдэж ажиллахыг намын гишүүд дэмжигчид болоод нийтлэг эрх ашгийнхаа төлөө санаа зовж байгаа бүх хүн хүсч байгаа юм байна. Түүнчлэн бидний эвсэл хэр зэрэг сайн ажиллахаас алсдаа үзэл бодол, зорилго чиглэл нэгтэй хоёр нам нэгдэж нэг субьект болох их том түүхэн процесс шууд хамаарах юм байна. Тийм учраас туйлын хариуцлагатай хандах хэрэгтэй юм байна гэдэг дээр юуны өмнө ажлын хэсгүүд нэгдмэл байр суурьтай байлаа.

Эвслийн талууд МАХН-д 25, МАН-д 51 гэсэн тоог гаргаж ирсэн байна?

-Зайлшгүй шийдэх ёстой хэд хэдэн багц асуудал байсан. Эхнийх нь мэдээж эвсэх эсэх тухай юм. Хоёрдугаарт нь эвсвэл ямар харьцаагаар эвсэх юм гэсэн асуудал үүссэн. Янз бүрийн хувилбар яригдсан. Өнөөдрийн улс оронд бий болсон нөхцөл байдал, шийдэх асуудлын цар хүрээ, 2012 оны сонгуульд авсан суудал болон намын гишүүд, дэмжигчдээс өгсөн саналын тоог харгалзаж үзсэн. Эцэст нь Их хурлын 76 суудлыг 51, 25 гэсэн харьцаагаар хувааж болох юм байна гэж тогтсон байгаа. Хоёр, нэг гэсэн харьцаа гарч байгаа биз дээ. 25 гэдэг 33 хувь, 51 суудал гэдэг 67 хувь юм. Тийм учраас 100 хувь гэвэл 2:1 гэсэн харьцаа гарч байгаа. Энэ харьцаагаараа цаашид хуваарилах асуудлууд яригдана шүү дээ.

-Эвслийн удирдах зөвлөлийг хэрхэн бүрдүүлэх вэ?

-Ажлын хэсгүүд бүх юманд механик байдлаар биш нөхцөл байдлаас шалтгаалаад бүтээлч хандъя гэж тогтсон. Жишээ нь эвслийн удирдах байгууллагыг байгуулахад хоёр нам тэнцүү харьцаатай байна. Ингэж байж асуудлаа чөлөөтэй ярилцаж, үндэстэй, тооцоотой, итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргах бололцоотой болно гэж үзсэн. Мөн ИТХ-ын сонгууль хамт явна. ИТХ- уудад оролцох харьцааны квот бас ялгаатай байх юм байна. Үүнийг мөн л сонгуульд оролцож байгаа бодит байдал, өмнөх сонгуульд авч байсан сонгогчийн тоогоор авч үзнэ. Хурлуудад байдаг төлөөллөө харгалзан үзээд хувь хэмжээгээ орон нутгийн намын байгууллагууд хоорондоо ярилцаж эцэслэн шийднэ гэдэг зарчим тодорхойлж өгч байна. Өөрөөр хэлбэл суурь зарчмыг нь намын үндсэн бодлогоороо тодорхойлоод тухайн орон нутгийн түвшинд тохирох асуудлуудаа намын байгууллагууд нь хоорондоо тохирч эцэслэн шийдэх бололцоог нээж өгч байгаа. Тэгэхээр асуудалд нэлээд ялгавартай, бүтээлч байдлаар хандлаа. Квот гэхэд адаглаад гурван янзын квот гарах нь.

-Эвслийг хэн тэргүүлэх вэ?

-Эвслийг эвслийн тэргүүн тэргүүлнэ. Мөн эвслийн удирдах зөвлөл хоёр талын төлөөлөлтэй байна. Эвслийн тэргүүнийг өнөөдөр олон суудалтай байгаа МАН-аас томилох, эвслийн удирдах зөвлөлийн даргыг  бол УИХ-д суудалтай МАХН-аас томилох нь зүйтэй юм гэж ойлголцсон байгаа. Дээрээс нь харилцан тэнцвэртэй харилцан хориг тавих бололцоотой байх зарчмыг хадгалан үлдсэн. Өөрөөр хэлбэл санал нэгдсэн тохиолдолд асуудалд шийдвэр гарна.

Хэрэв санал нэгдэхгүй бол цааш нь үргэлжлүүлж хэлэлцэнэ. Эцсийн шийдвэр дээр хоёр намын удирдлага эвслийн тэргүүн болон эвслийн удирдах зөвлөлийн тэргүүнүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар эцсийн шийдвэр гарна.

-Мөрийн хөтөлбөрийн тухайд хэрхэх вэ?

-Улс оронд бий болсон нөхцөл байдалд нухацтай дүгнэлт хийгээд хоёр тал тус тусдаа мөрийн хөтөлбөрийнхөө анхны саналуудыг боловсруулсан байгаа. Энэ саналуудаа нэгтгээд Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцсэн мөрийн хөтөлбөрийг гаргах нь зүйтэй юм гэж тохиролцсон. Энэ үүднээс хоёр нам мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн ахлагч нарыгаа уулзуулсан. Ингээд ажлынхаа түвшинг харилцан ярилцаад нэгдсэн буюу дундын хөтөлбөрийг богино хугацаанд хийх бололцоотой юм байна гэсэн ойлголцолд хүрсэн байгаа.

-Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах янз бүрийн төслүүд явж байна. Ирэх 22-ны өдөр Үндсэн хуулийн Цэц намын жагсаалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар хуралдана. Хэрвээ жагсаалтгүй болбол яах вэ?

-Хоёр намаас гарсан ажлын хэсгийн үйл ажиллагаа өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд л явсан. Түүнээс биш ийм санал ирсэн, тийм төсөл яригдаж байгаа, тэгчихэж магадгүй гэдгийг харгалзаж үзэх бололцоо байхгүй. Цаг хугацаа ч хязгаарлагдмал байсан.

Хуулийнхаа хүрээнд л ярьсан байгаа. Мэдээж эрхзүйн зохицуулалтад өөрчлөгдвөл үндсэн суурь зарчмаа хадгалаад хуульдаа нийцүүлэх арга хэмжээг хаа хаанаа л авах байх гэсэн нэгдсэн ойлголттой байна.

-Дөрөвдүгээр сарын 20 гэхэд нам эвслийн бүлэг мөрийн хөтөлбөрөө бүртгүүлсэн байх ёстой. Эвслийн мөрийн хөтөлбөр гэж тусдаа гарах уу?

-Мэдээж эвслийн мөрийн хөтөлбөр гэж гарна. Хуулийн хугацаа нэлээд шахуу байгаа. Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр багтааж Үндэсний аудитын газарт нам сонгуульд оролцох бол хөтөлбөрөө, эвсэл болж оролцох бол эвслийнхээ хөтөлбөрийг өгч аудитын дүгнэлт гаргуулах ёстой. Үүний наана нэгэнт эвсэл болох нь зүйтэй гэж санал оруулж байгаа болохоор хоёр намын дээд төлөөлөх байгууллагууд шийдвэрээ гаргана. Энэ хүрээнд өнөөдөр (өчигдөр) МАН-ын бага хурал хуралдаж байна. Маргааш (өнөөдөр) манай намын бага чуулган хуралдана. Шийдвэрийг намын төлөөлөх байгууллагууд гаргана. Хэрэв шийдвэр гарчихвал нэн тэргүүнд эвслийн тэргүүнээ томилж, эвслийн удирдах зөвлөлөө бүрдүүлнэ. Эвслийн удирдах зөвлөлөөр эвслээс сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж батална. Намаар биш байх нь байна шүү дээ.

-МАН, МАХН бол тус тусдаа мөрийн хөтөлбөрөө гаргасан байгаа. Эвслийн мөрийн хөтөлбөрөө зохиоход квот ч юм уу тогтоож өгөх болов уу?

-Мөрийн хөтөлбөр боловсруулахад квот гэсэн асуудал яригдахгүй гэж бид ойлголцож байгаа. Ерөөсөө шийдвэрлэх асуудлынхаа хүрээгээр л бодлогоо томьёолно. Өнөөдрийн улс орны эдийн засгийн байдал туйлын амаргүй байна. Тийм учраас улс орныг хямралаас гаргах хамгийн зөв дөт замыг л бид олох ёстой шүү дээ. Өнөөгийн нөхцөл байдалд тохирсон, ард иргэд, улс орны өмнө зайлшгүй шийдвэрлэх ёстой тулгамдсан гол асуудлуудыг тусгана. Хэрвээ олонх болоод Засгийн газраа бүрдүүлбэл эвслийн мөрийн хөтөлбөрөө нарийвчлан асуудал болгоноор дэлгэрүүлж Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлуулна. Тэгэхээр сонгуульд оролцох эвслийн мөрийн хөтөлбөр дараа нь Засгийн газар бүрдүүлэх мөрийн хөтөлбөр тусдаа байна гэдэг зарчим дээр ажлын хэсэг ойлголцсон байгаа.

-МАХН-ын хувьд Ногоон намтай эвсэх асуудлыг ярьж байсан. Бусад намуудтай давхар эвсэх үү?

-Манай нам бол 2016 оны сонгуульд оролцохдоо хүчээ нэгтгэж хамтарч ажиллая гэдэг бодлогын хүрээнд бусад намуудтай ч санал тавьж хамтарч ярилцсан. МАН-тай ажилласан ажлын хэсгийн санал дүгнэлтийг та бүхэнд танилцуулж байна. АН мөн

Ногоон намтай ажиллах ажлын хэсгүүд ч томилогдсон. Бид анхнаасаа аль нийтлэгэрх ашгаар нийцсэн хувилбартай л сонголтоо хийнэ. Аль нэг нь бие биедээ зөрчилдөхгүй, үгүйсгэхгүй гэдэг байдлаар хандсан. МАН-тай эвсэж орохоор болбол бусад намуудтай хамтрах ажил аяндаа зогсоно л доо.

-Эвслийн удирдах зөвлөлд орох гишүүдийнхээ нэрийг тогтсон уу?

-Бид нэр гаргаагүй. Хэд хэдэн хүний төлөөлөлтэй байх вэ гэдгийгхараахан шийдээгүй байгаа. Зарчмын шийдвэр гарчихвал удирдах зөвлөл байгуулагдаад тэр түвшинд энэ асуудал яригдах байх.

-Жагсаалтад дээгүүр бичигдэх тусмаа УИХ-д орох магадлал өндөрсөнө. Эвсэж орох хоёр нам дарааллаа яаж тогтсон бэ?

-Гурав, гурваар нь багцална. Тэр гурав дотор нь хоёр Ардын нам, нэг Хувьсгалт нам байна. Жишээ нь гурван хүн нэг багц гэвэл МАН бичигдээд дараагийн багц дээр нь манай намын хүн бичигдээд сөөлжүүлэх ч юм уу аль болох шударга зарчим руу явна. Өнөөдөр ярилцаад ажлын хэсгийн түвшинд шийдвэр гаргаагүй. Яагаад гэвэл зарчим тодорхой байна. Түүнийг дотроо ярих ёстой. Хамгийн ойлгомжтой зүйл бол хоёр нэг зарчмаа бариад шударга байх юм.