Оросын хэвлэл: Шүрэнгийн УЦС-ыг баривал газар хөдлөх аюултай
2016.04.19

Оросын хэвлэл: Шүрэнгийн УЦС-ыг баривал газар хөдлөх аюултай

Оросын Буриад улсын хэвлэлүүдэд Сэлэнгийн Шүрэнгийн УЦС-ийг барих ёсгүй, энэ нь Байгаль нуурын экосистемд сөргөөр нөлөөлнө гэсэн агуулгатай нийтлэлүүд олонтаа нийтлэгддэг. infpol.ru сайтад нийтлэгдсэн материалыг орчуулан хүргэж байна.

2012 онд монголчууд өөрийн усан цахилгаан станц барих болсон тухайгаа мэдээлсэн Дэлхийн банк уул уурхайн аж үйлдвэрийн дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Үүнтэй холбоотой Сэлэнгэ болон Орхон гол дээр нэг нэг УЦС барих тухай яригдаж эхлэв. 2013 онд Эгийн гол дээр УЦС барих бас нэг төсөл бий болов. Ийм байдлаар монголчууд эрчим хүчний дутагдлаа нөхөхөөр шийдсэн юм.

“Та нар надад итгэх ёстой”

2015 оны хоёрдугаар сард Монголын Засгийн газар Сэлэнгэ дээр цогц УЦС барих болсон тухай хэвлэлээр бичиж эхэлсэн нь Оросын экологичдын санааг зовоож эхэлсэн юм. Тэдний үзэж буйгаар Сэлэнгийн УЦС тус голын экосистемд нөлөөлж, энэ нь Байгаль нуурын хувьд сөрөг үр дагавар авчирна. Тэгээд ч Байгаль нуурны усны түвшин нь доошилж байгаа учраас олон нийтийн санаа түгшиж эхлэв.

Сэлэнгэ дээр Шүрэнгийн УЦС барих нь экологийн хувьд эрсдэлтэй гэдгийг Оросын Байгаль орчны сайд Сергей Донской сануулж байсан.

... Харин 2015 оны тавдугаар сард одоо Монголын зам тээврийн сайдын албыг хашиж байгаа, УИХ-ын гишүүн М.Зоригт “УЦС барихгүй. Бүх дэлхий Байгаль нуурыг хамгаалах ёстой. Орос, Монгол хоёрыг хагаралдуулах гэсэн хүмүүс цөөнгүй бий. Гэхдээ Байгаль нуур монголчуудын хувьд адилхан үнэ цэнэтэй гэдэгт оросууд та нар итгэх ёстой” гэж хэлсэн ...

Гэвч хагас жилийн дараа монголчууд энэ төслөөс татгалзах санаагүй нь тодорхой болов. 2016 оны нэгдүгээр сард Монголын тал байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ болон төслийн бүс нутгийн экологийн үнэлгээг боловсруулах техникийн зорилтыг гаргасан. Гэхдээ энэхүү баримт бичигт орон нутгийн иргэдийн эрх ашгийг тусгаагүй.

... Зарим санаачлагатай иргэн Буриад улсын даргад захидал бичжээ. Тэд уг захидалдаа буриад олны болгоомжлол, саналыг Монголын Засгийн газар, хөрөнгө оруулагчдад хүргэхийн тулд Буриад улсын Кабаны районд нийтийн сонсгол зохион байгуулахыг хүсчээ ...

Түүнээс гадна Оросын экологичид Шүрэнгийн УЦС-ийг санхүүжүүлэх Дэлхийн банкны Хяналтын хороонд гомдол мэдүүлсэн. Үр дүнд нь санхүүжүүлэгч тал Буриадын талд орсон гэдгийг Байгаль нуурыг хариуцсан Буриадын хэсгийн захирал Сергей Шапхаев мэдэгдсэн.

УЦС-ын хөрөнгө салхинд хийснэ

Энэ оны хоёрдугаар сард Шүрэнгийн УЦС-ын төсөл түр зогсов. Одоогийн байдлаар төсөл идэвхгүй байдалд байна. Санхүүжилтгүй болсон учраас монголчууд цаашид яахаа сайн мэдэхгүй.

... Саяхан Оросын Байгаль орчны яамны нэгэн хурал дээр шинжээчид Шүрэнгийн УЦС-ийн техникийн зорилтыг судалж үзээд энэ төсөл нь байгалийн гамшиг дагуулах эрсдэлтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үүний нэг нь газар хөдлөлт ...

Орос, Монголын шинжлэх ухааны академиудын биологийн хамтарсан экспедицийн ахлагч, профессор Петр Гунины хэлснээр Сэлэнгэ дээр УЦС баривал тэр хавийн газрын чичирхийллийг ихэсгэх аюултай. Учир нь Сэлэнгийн орчим тектоник хавтангуудын зааг оршдог бөгөөд 10-11 баллын хүчтэй газар хөдлөлт болж байсан удаа бий. Гэвч техникийн зорилтод үүнийг тусгаагүй аж.

Түүнээс гадна 300 мянган га орчмын сэргэсэн ой үерт автах эрсдэлтэй. Түүнчлэн улаан буудайн хатуу сортын талбай, Туркийн хант улсын үеийн түүхийн дурсгалууд, хэд хэдэн буддын сүм байдаг.

... Тиймээс Шүрэнгийн УЦС-ыг барилаа ч зарцуулсан хөрөнгө салхинд хийснэ гэдгийг Петр Гунин сануулсан юм ....