Болд.Л 2016.04.20 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Хүний эрхийн дэд хороо хуралдлаа

Хүний эрхийн дэд хороо хуралдлаа

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан өнөөдөр /2016.04.19/ болж Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хууль сахиулах тухай хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслүүдэд хүний эрхийг хэрхэн хангаж байгаа талаар хэлэлцлээ.

Хуралдааныг тус дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Болд даргалж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү, Тахарын ерөнхий газрын дарга Ц.Азбаяр болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийн эхэнд Хууль зүйн сайд Д.Дорлигжав дээрх хуулийн төслүүдэд хүний эрхийг хангах чиглэлээр хэрхэн тусгасан талаар танилцуулсан юм. 

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг иргэд тэгш байх, хэргийн байдлыг тал бүрээс нь бодитой тогтоох, шүүгч хараат бус байх, гагцхүү хуульд захирагдах, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг Үндсэн хууль болон бусад хууль зүйн салбарт тогтсон зарчмуудыг бодитойгоор хэрэгжүүлэх боломжийг судалж, боловсруулсан хэмээн сайд Д.Дорлигжав мэдээллийнхээ эхэнд дурдсан. Тэрбээр, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хууль ёсны эрхийг хангах шаардлагаар тодорхой зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгасан. Ялангуяа яллагдагчийн гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоох, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад гэм буруутай гэж олон нийтэд мэдэлэхийг хориглох, яллагдагч хэргээ шүүхэд шилжүүлж хэлэлцүүлэхийг шаардах, энэ талаар гомдол гаргах эрхтэй байхаар төсөлд шинээр тусгалаа гэлээ.

Хохирогчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор яллагдагчтай холбоотой тодорхой ажиллагаа явуулах тухай мэдээллээр хохирогчийг урьдчилан хангах зохицуулалт мөн хуульд шинээр тусчээ. Гэрч хохирогчийг хамгаалах арга хэмжээний талаар процессын хуульд туссан хэмээн сайд нэмж хэлсэн юм.

Мөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, аль болох цагдан хорих арга хэмжээг авахгүй байх үүднээс хувийн баталгаа гаргах, зорчих эрхийг хязгаарлах зэрэг таслан сэргийлэх арга хэмжээний төрлүүдийг шинээр оруулж, бүртгэлийн ажиллагаа явуулж, тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт бий болсныг үндэслэж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсаны дараа таслан сэргийлэх арга хэмжээг авдаг байхаар тусгажээ.

Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг мөн богиносгосон байна. Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийн зөрчил гарахаас сэргийлж, дууны болон дуу дүрсний бичлэг хийх зэргээр орчин үеийн техник тоног төхөөрөмжийг ашиглах, нөхцөл журмыг шинээр хуульд тусгасан гэлээ.

Мөн мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах журам, холбогдох зөвшөөрөл авах үндэслэлийг нарийвчлан тусгаж, хойшлуулшгүй тохиолдолд хэрхэн ажиллах талаар тодорхойлжээ. Хуулийн төсөл батлагдсанаар хүний эрхийг хангаж, хамгаалах чиглэлээр тодорхой ахиц гарна гэж үзэж байна хэмээн сайд мэдээлсэн.

Хууль сахиулах ажиллагааг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тахар, гааль, татварын гээд олон байгууллага хэрэгжүүлдэг. Эдгээр байгууллагаас хэрэгжүүлэх хууль сахиулах эрх зүйн давхардал хийдлийг Хууль сахиулах тухай хуулийн төсөлд хуулиар алга болгосон гэлээ. Хуулийн төсөлд хууль сахиулах ажиллагааны явцад хүний эрхийг хөндөх, хязгаарлах үндэслэл журмыг тогтоон, албадлага, хүч хэрэглэх журмыг нэг стандарт, нэг заавраар, зөрчил шалган тогтоох, шийдвэрлэх ажиллагааг ч нэгдсэн байдлаар журамласан гэлээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, ялын бодлогыг оновчтой, үр нөлөөтэй, олон сонголттой болгох, шүүхээс хорих ял оногдуулах явдлыг багасгах зорилтын хүрээнд шинээр батлагдсан Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэлбэр, онцлогт нийцүүлэн эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шинээр журамлах шаардлага гарсан гэж сайд Д.Дорлигжав танилцуулсан.

Тухайлбал хорих ангийг нээлттэй, хаалттай хэлбэрт шилжүүлснээр хорих ялыг хувь хүний онцлогт тохируулан ялгамжтай эдлүүлэх, ялтан хооронд үүсэх сөрөг хандлагыг багасгах боломж бүрдэх төдийгүй зорчих эрхийг хязгаарлах шинэ төрлийн ялыг нэвтрүүлснээр хорих ял эдлэгсдийн тоо, хорих ял эдлүүлэх явцад хүний эрх зөрчигддөг зарим сөрөг үр дагавар буурна гэж үзэж байгаагаа сайд хэлсэн. Мөн өсвөр насны хүнд оногдуулсан ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан хэрэгжүүлэхээр заасан нь өсвөр насны хүнийг хорих ангиас өөр нөхцөлд хорих, залхаан цээрлүүлэх бус ерөнхий болон мэргэжлийн боловсрол эзэмжүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах ухаанд сурган ял эдлүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа сайд тайлбарласан.

Мэдээллийн дараа УИХ-ын гишүүд, хуралдаанд оролцогсод хуулийн төслийн талаар, хүний эрхийн зөрчлийн талаар холбогдох хүмүүсээс асууж тодруулан, байр сууриа илэрхийллээ.

Тухайлбал хэлэлцүүлгийн үеэр Төв аймгийн цагдан хорих газарт саатуулагдаад буй иргэн Б.Булганы эрх зөрчигдөж буй эсэх, сэжигтнийг хорих газруудыг сэлгүүлэн хорьж хүний эрхийг зөрчдөг асуудлаар Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүний эрхийн үндэсний комиссын удирдлагаас тодруулан мэдээлэл авсан.

Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслүүдтэй холбогдуулан ТББ-уудын төлөөллүүд байр сууриа илэрхийллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.