Бид буцаад ЭВЛЭРСЭН
2016.04.20

Бид буцаад ЭВЛЭРСЭН

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар бие даагч гишүүдийнхээ хувиар хамгийн сүүлчийн удаа мэдээлэл хийлээ. 

Тэд МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдоод байгаа билээ. Бие даагч гишүүнээ болиод МАН-ын харьяалалтай болсон гишүүдийн мэдэллийг хүргэе. 

Ц.Даваасүрэн “Өнгөрсөн долоо хоногт МАН-ын удирдлагаас бие даагч нарт хамтарч сонгуульд оролцох санал тавьсан. Судалгаанд оролцсон сонгогчдын 80 гаруй хувь нь бие даагчид шийдвэр гаргах түвшинд цөөдөөд байна гэсэн хариултыг өгсөн байсан. Үлдсэн хувь нь цаашид бие даагаад явах нь зөв гэж үзсэн. 

Сонгуулийн хууль, сурталчилгааны  хугацаа бага зэрэг нөлөөлсөн. Одоогийн сонгууль ширүүхэн болох улс төрийн нөхцөл байдал ажиглагдаж байгаа учраас цөөнхүүд нэгдэж орьё гэсэн үйл ажиллагааг зөв гэж үзсэн. Тэрнээс биш ялсан нам дээр очоод бялуу хуваах гэж байгаа зүйл биш. Сонгуульд хамтарч, хүчээ нэгтгэе гэж байгаа юм. Мөн аль нэг намаас гараад нөгөө намд орж байгаа зүйл огт биш. Үзэл бодлын хувьд зөрчилдөж байсан зүйл бий. Гэхдээ өнөөдөр эвлэрч, нэгдэх алхам хийгдсэн гэж ойлгож болно. Хагаралдаж, бутарснаас болоод 2012 оны сонгуульд амжилт гаргаагүй. Өнөөдрийн удирдлага ийм алхам хийж байгаа нь бидний намд хийж байсан шинэчлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байгаа юм. 

Мөрийн хөтөлбөрт бидний тавьсан саналуудыг оруулж байгаа. Ялангуяа жагсаалтыг байхгүй болгох асуудал дээр нэгдмэл байр суурьтай байя гэж үзэж байгаа. Мөн өрийн асуудлыг яах вэ, яаж төлөх вэ гэдэг дээр саналаа илэрхийлж мөрийн хөтөлбөртөө тусгана. Яаж эдийн засгийн хямралын ард гарах вэ, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн орон байх, Монгол мал хөтөлбөр, Малчдын талаар төрөөс барих бодлогын баримт бичгээ үргэлжлүүлээд явья гэдэгт санал нэгдэж байгаа.

Орон сууцжуулалтыг хөдөөд түлхүү хийх санал дэмжигдсэн байгаа. Улаанбаатарын төвлөрлийг сааруулах, асуудлыг давхар шийдье гэвэл хөдөөд орон сууцыг түлхүү барих ёстой. 
МАН-ын удирдлагын хүлээн зөвшөөрсөн зүйл бол  биднийг удирдлагын түвшинд оруулж ажиллахаар болсон. Бид буцаад эвлэрсэн. Энэ намыг олон түмний итгэлийг хүлээсэн нам байлгах ёстой. Өмнөх удирдлагуудын алдаа олон түмнээсээ хэт тасарсан. 

Ард иргэдийн хамгийн дургүй байгаа зүйл жагсаалт байгаа. Цэц дээр шийдвэр гарах юм бол бид энийг дэмжинэ. 
Бие дааж орох уу гэж бодож байсан. Хоёр ч удаа бие даагчдын холбоо, бие даасан нам бүртгүүлэх гэж оролдсон боловч бүртгээгүй. Энэ нь ч нөлөөлсөн байх. Нэг хэсэг нөхөд маань нам байгуулах, өөр нам руу орсон. Бидний хувьд хуучин намын гишүүнчлэлээ сэргээгээд сонгуульд хамтарч оролцох шийдлийг гаргасан.

Х.Болорчулуун: Хүний хуучин дээлийн шинэ гэдэг боллоо 

Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал яг өнөөдөр нэлээд ээдрээтэй байна. Хоёрхон сарын дараа сонгууль болох гэж байхад намууд оролцох уу, эвсэх үү эвсэхгүй юу гэдэг нь тодорхойгүй байна. Үүнийг дагаад намд итгэх итгэл урьд өмнөхөөсөө унасан. Ийм цаг үед яагаад бие даагчид намд орчихов гэж олон хүн асууж байгаа. Бид хоёрын хувьд МАН-ын гишүүн байсан. Хүний хуучин, дээлийн шинэ гэгч болсон байх. 

Хоёрдугаарт, намууд үзэл баримтлалаараа ялгаагүй болчихсон боловч цаашдаа улс орныг хүндрэлээс гаргахад боловсон хүчний нөөц чадамж, шинэчлэгдэх байдлаараа

МАН бусад намуудыг бодвол арай дөнгүүр гэж хэлж болно. Гэх мэтчлэн шалтгаанаар бид МАН-ын гишүүнчлэлээ сэргээж сонгуульд хамтарч ажиллахаар шийдсэн юм. Хэдийгээр бид намд орж байгаа ч гэсэн бидний үзэл бодол огт өөрчлөгдөхгүй. 

Бид өнгөрсөн дөрвөн жилд байгалийн баялаг, ашигт малтмал, уул уурхайг зөв зүйтэй ашиглая, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлье, баялагаа ард түмний хүртээл болгоё гэсэн дуу хоолойг тодоос тод хэлж ярьж ирсэн. Энэ талаар намуудад хичээл заасан гэж хэлж болно. 

Магадгүй нам дотор энэ үзэл баримтлалаа улам их болгож, ажиллах болно гэдгээ хэлье. 

“Бие даагч” гишүүд ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Г.Уянга гишүүний Тусгаар тогтнол эв нэгдэл нам та хоёрт урилга хүргүүлсэн гэж байсан. Бие даагч гишүүд шинэ нам сонгож болоогүй юм уу? 

Ц.Даваасүрэн: -Г.Уянга гишүүн бидний зорилго нэг. Хэрэгжүүлэх арга замууд нь л жаахан ялгаатай болохоос. 
Өнөөдөр сонгуульд ороход орон нутагт ИТХ-тай хамт өрсөлдөнө. Тэгвэл шинэ намуудын дунд Баян-Өлгий, Увсад ИТХ-д бүрдүүлчихсэн баг байна уу гэвэл байхгүй байна. Тийм учраас үлдэж байгаа долоо хоногийн дотор тийм бололцоог хийгээд, хүлээж байгаа том өөрчлөлтхийг хийх ямарч боломж байхгүй. 

Г.Уянга бид “Нэгдмэл Монгол” бие даасан намыг байгуулах гэж оролдсон боловч бүртгэж өгөөгүй. Тэр бол шинэ нам байсан. Хугацаа тулсан учраас шинэ нам сонгох маш түвэгтэй. Зөвхөн Улаанбаатарын хэмжээнд л ажиллахаас өөр арга байхгүй болчихоод байна. 

Х.Болорчулуун: -Г.Уянгын зүгээс бидэн хэлж ярьж байсан зүйл бий. Гэхдээ яг цаана нь ямар хүмүүс энэ намыг бүрдүүлж байгаа талаарх мэдээлэл бидэнд байхгүй байсан. 
Ямар мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх нь ч тодорхойгүй байсан. 

Харин МАН-ын зүгээс “Бид бага хурлаараа мөрийн хөтөлбөрөө хэлэлцэх гэж байна. Энэ мөрийн хөтөлбөрт санаа оноогоо тусгаач ээ, хамтарч ажиллахыг урьж байна” гэсэн албан хүсэлтийг удирдлагын зүгээс ирүүлсэн. 

-Ц.Даваасүрэн гишүүн өмнө нь МАН-аас ямар шалтгаанаар гарсан бэ. Таныг намаас гарч байсан үеэс одоо өөрчлөгдсөн зүйл байна уу?

-Намайг МАХН-д элслээ гээд хасчихсан удирдлага одоо байхгүй шүү дээ. Дөрвөн жилийн дараа харахад их залуужсан байна. Тэрийг тодорхой хэмжээгээр шинэчлэгдэж байна гэж ойлгож болох байх. Гэхдээ Б.Бат-Эрдэнэ шиг хүнийг Ерөнхийлөгчид дэвшүүлж байна гэдэг чинь шинэчлэлийн бас нэг алхам. Оюутолгойг хамгаалдаг хүнийг тэд нэр дэвшүүлсэн шүү дээ. Тийм учраас миний байсан үеэс тодорхой хэмжээгээр шинэчлэл явагдсан гэж харж байгаа. 

Өнөөдрийн бидний хэлж байгаа саналыг ч хүлээж байгаа. Удирдлагын түвшинд та бүгд үйл ажиллагаа явуул гээд эрхийг нь нээж өгч байгаа нь өмнөхөөсөө өөрчлөгдсөн гэж ойлгогдож байгаа. 

Гишүүнчлэлийн тухайд намын дүрмээр өөрөө өргөдлөө өгч намаас гарна гэсэн байдаг. Гэтэл би өөрөө өргөдлөө өгөөгүй. Бие даагч болоод явчихсан. Өнгөрсөн оны аравдугаар сард Хяналтын хороогоороо хөөсөн шийдвэрээ цуцалчихсан юм билээ. Тэгэхээр миний гишүүнчлэл автоматаар сэргэчихсэн байсан.