Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны дараагийн хуралдаанаар хийхээр хойшлуулав
2016.04.21

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны дараагийн хуралдаанаар хийхээр хойшлуулав

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.04.20/ хуралдаан 14 цаг 45 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. 

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 8 гишүүнээс 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байв. Харин Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хийж, санал, дүгнэлтээ хараахан ирүүлж амжаагүй байгаа учраас хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны дараагийн хуралдаанаар хийхээр хойшлуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм.

Тус байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх байсан юм. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. 

Ингээд Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хуулийн төслийн талаар байнгын хорооны гишүүдэд танилцуулав. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Олон улсын гэрээний тухай хуулийг 1993 онд баталж, 1998, 2012 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэлээ ч энэ хуулийн үйлчлэх хүрээ тодорхойгүйн улмаас олон улсын хувийн эрх зүйгээр зохицуулах арилжааны гэрээ, хэлцлийн орчуулгын хяналтыг Гадаад хэргийн яам хийдэг, олон улсын гэрээ үйлдэх хэл, гэрээний орчуулга хийх, орчуулгын хяналт хийх харилцааны зохицуулалт бүрхэг учраас мөн тус яам бүх гэрээний орчуулгыг хянан баталгаажуулдаг байна. Мөн Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенциор зөвшөөрсөн олон улсын гэрээ байгуулах аргуудыг бүрэн тусгаагүй, үүний улмаас нэг гэрээнд нэгдэн орох, соёрхон батлах зэрэг хоёр аргаар нэгдэн ордог, хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах, хүчин төгөлдөр олон талт гэрээнд нэгдэн орох процедурын зааг ялгааг нарийвчлан гаргаагүйн улмаас хүчин төгөлдөр гэрээнд нэгдэн орох асуудлыг Засгийн газар, Улсын Их Хурлаар хоёр удаа хэлэлцдэг. Түүнчлэн гарын үсэг зурах шаардлагагүй, эсхүл боломжит хугацаа нь дууссан байхад гарын үсэг зурах үүргийг Улсын Их Хурлаас өгөх, гэрээг хэвлэн нийтлэх харилцааны зохицуулалт хангалтгүйгээс гэрээнүүд хэвлэн нийтлэгддэггүй зэрэг олон хүндрэл учирдаг байна.

Иймээс дээрх нөхцөл байдлыг арилгах, хуулийн зохицуулалтыг тодорхой болгох үүднээс Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, батлуулах үүрэг, зөвлөмжийг Засгийн газарт өгсний дагуу уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл нь 8 бүлэг, 37 зүйлтэй юм.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо биш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх ёстой. Чуулганы хуралдааны дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлтт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачилж оруулж ирж байгаа нь ч буруу. Энэ нь Төрийн байгуулалтын байнгын хорооны үндсэн асуудал учраас энэ хуулийн төслийг манай байнгын хороо хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй юм гэдгийг хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү энэ саналыг дэмжиж буйгаа хэлсэн юм. Ингээд гишүүдийн гаргасан горимын саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн бэлтгэлийг хангах үүднээс уг асуудлыг байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр түр хойшлууллаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.