Монгол Улсын тогтвортой хөгжлийн асуудал
2016.04.26

Монгол Улсын тогтвортой хөгжлийн асуудал

 СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжит хурал өнгөрсөн 2016.04.22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.

“Азийн эмэгтэйчүүд ба Жендэрийн тэгш байдал” сэдвийн хүрээнд болсон уг хурлыг СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран МАН-ын дэргэдэх НАМЭХ-ноос анх удаа эх орондоо амжилттай зохион байгуулав.

Бразиль, ОХУ, Хятад, Колумб, Солонгос, Япон зэрэг 13 орны 22 төлөөлөгч хүрэлцэн ирсэн юм.

Тус олон улсын хуралд УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд асан Д.Оюунхорол "Монгол Улсын тогтвортой хөгжлийн асуудал" сэдвээр үндсэн илтгэл тавьсныг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Д.Оюунхорол (УИХ-ын гишүүн)

Хүндэт зочид төлөөлөгч,

Эрхэмсэг хатагтай, ноёдоо

Социнтерний олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжит хуралд оролцож байгаа Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Тогтвортой хөгжлийн төлөө манлайлан ажиллаж, зүтгэж байгаа дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн нийт эмэгтэйчүүддээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье.

Дэлхий нийтээрээ Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулах асуудлаар хүчин чармайлтаа нэгтгэн хамтран зүтгэхээр зорьж дуу хоолойгоо хүргэх болсон энэ цаг үед энэхүү нэр хүндтэй хуралдааны индэр дээрээс Монгол Улсын тогтвортой хөгжлийн талаарх түүхэн замнал, ололт амжилт, сургамж сорилтын талаар мэдээлэл өгье.

Монгол орон  ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн 1990 оноос өнөөг хүртлэх 26 жилд 1992 онд Рио Де Жанейро хотноо хуралдсан НҮБ-ын “Байгаль орчин ба хөгжил” дээд хэмжээний чуулганаар хүн төрөлхтний хөгжлийн шинэ загвар, үзэл баритлалыг удирдлага болгон эдийн засаг, нийгэм, байгаль орчны салбарын бодлогоо боловсруулан хэрэгжүүлж ирлээ.

Энэ хугацаанд бид асар их  ололт амжилтыг олсон. Монгол улсын хүн ам 1990 онд 2,4 саяас 2015 онд  3 сая болтлоо өсж, дундаж наслалт 8 орчим жилээр нэмэгдэсэн бол энэ хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүн 4,7 дахин өсөж нэг хүнд 4129 ам  долларын бүтээгдэхүүн ноогдох болсоноор  бага орлоготой орноос дунд зэргийн орлоготой орны тоонд орох  болсон юм. Нярайн нас баралтын төвшин 1990 онд 1000 амьд төрөлт тутамд  76,9  байсан бол 2014 оны байдлаар 1,76 болтлоо буурсан. Бага, дунд сургуульд хамрагдан суралцагсадын хувь ч өндөр хэвээр байна.

Хэдийгээр ийм ололт амжилт байгаа ч гэсэн бас бэрхшээлтэй, сургамжтай, шийдвэрлэвэл  зохих асуудалууд ч  байгаа юм. Энэ бүхнийг шийдвэрлэх, цаашдын хөгжлийг хангахад  Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын үүрэг, ач холбогдол улам өсөн нэмэгдэж байна.  

2012 онд Рио Де Жанейро хотноо чуулсан НҮБ-ын тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтаар “Бидний хүсч буй ирээдүй” хэмээх баримт бичгийг баталж, тогтвортой хөгжлийн гурван тулгуур болох байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хөгжлийн харилцан уялдаа, нэгдмэл байдлыг хангах нь дэлхий ертөнцийнхөө болон өнөө үе,  хойч ирээдүй үеийнхний  хөгжилд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэж, хөгжлийн шинэ багц зорилт буюу Мянганы хөгжлийн зорилтыг залгамжлах Тогтвортой хөгжлийн зорилтыг тодорхойлж гаргахыг дэмжсэн билээ.

Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зөвлөлийн Нээлттэй ажлын хэсгээс боловсруулсан “2015 оноос хойшхи тогтвортой хөгжлийн 17 зорилт, 169 зорилтот үзүүлэлт” бүхий төслийг 2014 оны 9 дүгээр сард хуралдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблей дээр урьдчилсан байдлаар танилцуулсан. НҮБ-ын гишүүн улс орнууд 2015 оны сүүлчээр Парис хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 21-р бага хурал дээр дэвшүүлсэн уур амьсгалын өөрчлөлтийн эрчийг сааруулахад чиглэсэн тодорхой зорилтуудыг хэрэгжүүлхээр шамдан ажиллаж байна.

Олон улсын хөгжлийн эдгээр зорилт, чиг хандлагад нийцүүлэн Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтыг эдийн засгийн өсөлт, хөгжилт нь нэг талаас  байгальд ээлтэй, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хадгалах, нөгөө талаас иргэдэд хүртээмжтэй өсөлтийг бий болгож, монгол хүний амьдралын сайн сайхан байдлыг хангахаар тодорхойлсон юм. Тогтвортой хөгжлийн   энэхүү  гурван  тулгуур,  чиглэлийн дотоод амин холбоо, шүтэлцээг хангах,  нэг нэгийгээ үгүйсгэх биш харилцан уялдаатай, нөхцөлдөн хөгжих  учиртай.

Өнөөдөр монгол орны тогтвортой хөгжил ямар төвшинд, ямархуу байдалтай байна вэ гэдэг асуудал зүй ёсоор тавигдаж байна.

Эдийн засгийн хүрээнд:

Монголын эдийн засагт  байгалийн бэлэн зүйлийг олборлох хэлбэрээр  ашиглах эдийн засгийн хэв загвар ноёрхож байна. Сүүлийн 10 жилд уламжлалт мал аж ахуйн зэрэгцээ  уул уурхайн салбарын эрчимтэй өсөлт, үүнийг даган гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр монголын эдийн засаг эрчимтэй хөгжих болсон юм.

Эдийн засгийн энэхүү өсөлт нь үндсэндээ байгалийн нөөц баялгийн ашиглалтаас хамаар ч байна. Энэ нь улс орны хөгжлийн төвшин хангалтгүй байгаа  нөхцөлд байгалийн сэргээгдэх болон сэргээгдэхгүй нөөц баялгаа ашиглан хүн амын амьжиргааг хангахаас өөр арга зам хомс байгаатай холбоотой.

Үүний тод жишээ бол 2015 оны байдлаар гэхэд  Монголын эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30.6 хувь, экспортын орлогын 91.3 хувийг хөдөө аж ахуй, уул уурхайн салбар үйлдвэрлэж, нийт ажиллагчдын 31.6 хувийг ажлын байраар хангаж  байна. Өөрөөр хэлбэл нийт газар нутгийн 72 хувийг эзлэх 112.7 сая га байгалийн бэлчээрийг нүүдлийн аргаар  ашиглан мал аж ахуйгаа  эрхэлж түүний үр шимээр амьдарч байхад нөгөө нэг хэлбэр нь газар доорхи уул уурхайн ашигт малтмалуудыг олборлон экспортлож байна. Энэ хоёр салбар дээр Монгол орны эдийн засаг үндэслэн тогтож байна.  

Монгол орны эдийн засгийн хөгжлийг харуулах нэг үндсэн үзүүлэлт бол Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт юм. ДНБ өсөлтийг сүүлийн 16 жилээр авч үзэхэд өсөлтийн хурд харилцан адилгүй хэлбэлзэл, савалгаа ихтэй байгаа юм. Энэхүү савалгаа нь нэг талаас уур амьсгалын өөрчлөлт, нөгөө талаас гадаад зах зээл, түүхий эдийн үнээс шууд хамаар ч байна. Өөрөөр хэлбэл эрсдэл өндөртөй эдийн засаг юм.

Үүнээс үзэхэд 2000-2001 онд ган зуд болсны улмаас  нийт мал сүргийн 29.1 хувь буюу 10  сая мал  үхэж хорогдсон нь   ДНБ –ний 20 орчим хувийг бүрдүүлдэг мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрс буурснаар өсөлт 1 хувь,  зэс, нүүрс  зэрэг түүхийн эдийн үнэ унасан, гадаадын хөрөнгө оруулалт буурсны улмаас 2009 онд -1.3 хувь, 2015 он өсөлт 2.3 хувь болтлоо  тус тус буур ч байсан байна. Эсрэгээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, түүхий эдийн үнэ өссөн жилүүдэд 2004-2007 онуудад 10%, 2011-2013 онуудад 17.2-11.6 хувийн өсөлттөй байна.

Ойрын ирээдүйд эдийн засгийн төлөв байдал төдий л сайнгүй байхаар байна. Азийн Хөгжлийн Банкны  судалгаагаар 2016 онд  эдийн засгийн өсөлт 0.1 хувь, 2017 онд 0.5 хувь байх төлөвтөй байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт буурсан, түүхий эдийн үнэ унаснаас гадна  өр төлбөрийн хэмжээ эрс нэмэгдэж байгаа нь хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх боломжийг ихээхэн хязгаарлахаар байна. Монгол улс нь  2016 оны эхний байдлаар 21.5 тэрбум амдолларын өртөй байгаа бөгөөд зөвхөн 2017 онд 1.7-1.8 тэрбум ам долларын өр төлөх шаардлагатай байна.

Нийгмийн хүрээнд: Эдийн засгийн энэхүү өсөлт хөгжилт нь нийгмийн дэвшлийг хангах, хүмүүсийн сайн сайхан аж амьдралыг хангахад чиглэгдэх ёстой.

Нийгмийн дэвшил, хөгжлийн харуулах хамгийн гол үзүүлэлт бол тухайн улс орны Хүний хөгжлийн индекс (ХХИ) юм. Учир нь үүнд эрүүл мэнд,  боловсрол зэрэг нийгмийн  хөгжлийг харуулах гол үзүүлэлтүүд орж байгаа юм. Энэ нь эх, нялхсын эндэгдэл тогтмол буурч хүн амын дундаж наслалт нэмэгдсэн, бараг бүх нийтээрээ бичиг үсэг тайлагдсан, бага, дунд сургуульд нийт сургуулийн насныханы 90 гаруй хувь нь  хамрагдсан зэрэг олон арван жилийн нийгмийн зохистой зөв  бодлогын үр дүнд 2000-2014 оны хугацаанд Монголын ХХИ  0.589-аас 0.727 хүртэл  буюу жилд дунджаар 1.68 %-ийн хурдтай өсөлттэй байна. Гэвч сүүлийн жилүүдэд 2010-2014 онд ХХИ жилийн дундаж өсөлт 1.1 болтлоо буурсан нь өсөлтийн хурд удааширах хандлагатай байна.

Эдийн засгийн өсөлтийн энэ савалгаа хэлбэлзэл нь хүмүүсийн ажил эрхлэлт, орлого, амьжиргааны  төвшинд  ч муугаар нөлөөлж байна.

Эдийн засгийн өсөлттөй 2007, 2011, 2012  онуудад ажилгүйдлийн төвшин буурч уналттай 2009, 2015 онуудад нэмэгдэж байгаа нь дээрхи графикаас  харагдаж байна.

Эдийн засгийн өсөлт нь орлогын тэгш бус хувиарлалтыг нэмэгдүүлсэн байна. Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар Ядуурлын түвшин 2012 оны 27.4 хувиас 2014 онд 21.4 хувь хүртэл буурч, ядуурлын гүнзгийрэлт 5.2 хувь, ядуурлын мэдрэмж 1.9 хувь байна. Ядуурлын түвшин хоёр жилийн хугацаанд 5.8 хувиар буурсан нь олон улсын стандартын дагуу томоохон амжилт хэдий ч 2010-2012 оны хооронд ядуурлын түвшин 11 гаруй хувиар буурсантай харьцуулахад 2012-2014 оны хооронд ядуурлын түвшний бууралт удааширч байгааг харуулж байна.

Эдийн засгийн өсөлт хөгжилтэй холбогдон орлогын хуваарилалт ихээхэн ялгаатай болж баян, хоосны ялгаа улам нэмэгдэж Монгол улсын Жини коэффициент  2014 оны байдлаар 0,32 гарчээ. Энэ үзүүлэлт цаашдаа ч өсөх хандлагатай. Орлогын тэгш бус байдал улам гүнзгийрч байна.

Тухайлбал, 2015 оны байдлаар иргэдийн банкин дах хадгаламж нийт дүнгээр өсч байгаа мэт харагдаж байгаа  боловч хадгаламжийн нийт дүнгийн 80 хувь нь хадгаламж эзэмшигчдийн гуравхан хувьд оногдож байна. Хүн амын хамгийн чинээлэг бүлгийн хэрэглээ хамгийн ядуу хэсгийнхээс 5.1 дахин өндөр болжээ.

Хүн амын дийлэнхи хэсгийн орлого доогуур байгаа нь нэг талаас тэдгээрийн шударгаар хөдөлмөрлөх  сонирхлыг бууруулж хялбар аргаар орлого олох сонирхлыг төрүүлж байгаа бол   нөгөө талаас илүү  баяжиж хөлжиж байгаа хүмүүсийг үзэн ядах сэтгэлгээ ч нэмэгдэж байна.

Хот хөдөөгийн ялгаа ч улам нэмэгдэж байна. Хөдөөгийн ядуурлын хамрах хүрээ хотынхоос 13,4 хувиар илүү, хөдөөгийн өрхийн дундаж орлого хотын өрхийн 77,8 хувьтай тэнцүү байна. 

Байгаль орчины хүрээнд:

Нөөцөд түшиглэсэн  эдийн засгийн бүтэц, эдийн засгийн өсөлт саарсан, нийгмийн үйлчилгээнд зарцуулах төсөв хөрөнгө  хумигдаж, нийгмийн тэгш бус байдал гүнзгийрч  байгаа зэрэг нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна.

Нүүдлийн бэлчээрийн мал аж ахуй, уул уурхайн салбарын хөгжилт нь байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл их юм. Хөдөөгийн хүн амын орлогын үндсэн эх үүсвэр бол мал аж ахуй юм. Үүнээс өөрөөр орлого олох өөр арга зам, бололцоо байхгүй учраас малын тоо толгойг  нэмэгдүүлхийг гол зорилтоо болгож байна.

1990 оноос өмнө жилд дундажаар 25 сая орчим малтай байсан бол 2016 оны байдлаар малын тоо толгой 56 саяд хүрч  2.2 дахин нэмэгдсэн бөгөөд  энэ хооронд бэлчээрийн газрын хэмжээ 16.9 сая га-гаар багасаж, ургацын хэмжээ ч буурсан юм. Үүний улмаас бэлчээрийн даац 36-40 хувиар хэтэрч  нийт бэлчээрийн 72 хувь нь ямар нэг хэмжээгээр доройтсон болохыг манай судлаачид хэлж байна.

Энэхүү доройтолд уур, амьсгалын өөрчлөлт ч давхар нөлөөлж байна. Манай ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгаагаар сүүлийн 75 жилд агаарын жилийн дундаж температур  2.1 С (дэлхийн дундаж 0.7 С байгаа) –аар дулаар ч, жилд орох хур тундасны хэмжээ 7% орчим буурсан болохыг тогтоосон байна. Энэ бүх шалтгааны улмаас байгалийн  бэлчээр нөхөн сэргээгдэж чадахгүйд хүрч, улмаар цөлжилтийг нэмэгдүүлж байна.  

2010 он байдлаар монгол улсын нийт нутаг дэвгэрийн 77,8 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжиж доройтсон байна. Энэ бол байгаль орчинд аюул гамшиг нүүрэлж байгааг харуулж байна. Бэлчээрийн доройтол, цөлжилт нь төрийн буруу бодлого, үйл ажиллагаатай холбоотой.

Бэлчээрийн газар “хэний ч биш” өмч учраас зөвхөн түүнийг  ашиг, орлого олох зорилгоор ашиглаж байгаагаас “нийтийн эзэмшлийн гай гамшиг” нүүрэлж байна.  Бэлчээрийг сэлгэж өнжөөж амраах, бэлчээрийн даацанд нь тохируулан малын тоо, толгойг зохицуулах  эрх зүйн орчин бүрдээгүйтэй холбоотой.

Эдийн засгийн өөр нэгэн гол салбар болсон уул уурхайн салбарын хувьд байгалийн баялгаа олборлож орлого олох явдал зайлшгүй  байгаа ч гэсэн  нөхөн сэргээлтийн ажил хангалтгүй хийгдэж байгаагаас  байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна. 2014 оны эхний байдлаар Монгол улсын хэмжээнд уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагааны улмаас 24.6 мянган  га талбай эвдрэлд орсон гэсэн судалгаа байна.Амьжиргааны эх үүсвэргүй болсон хүмүүс гар аргаар уул уурхайн баялгийг олборлож ашиглагчид энэ тэндгүй ухаж, зам харгуй гаргаж сүйтгэж байна. Ойг хулгайгаар ашиглах явдал ч зогсохгүй байна.

Хотжилт эрчимтэй явагдаж, үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ нэмэгдсэнтэйхолбоотой агаар, ус, хөрсний бохирдол, хог хаягдлын хэмжээ ч нэмэгдэх хандлагатай байна. 2014 оны байдлаар монгол улс агаарын бохирдлоор дэлхийн  91 улсаас 7 байранд орж байна гэсэн судалгаа ч байна.  

 2014 оны байдлаар газрын доорхи усны нөөцийн ашиглалт газрын гадаргын усныхаас 2.1 дахин илүү байна. 2013-2014 онуудад хийгдсэн газрын доорхи усны горимын өөрчлөлтийн байдлаар томоохон компаниудын усны эх үүсвэрт ус ашиглалтын байдлаас газрын доорхи усны төвшин буурсан байдал ажиглагдсан. Эдгээр нь үйлдвэрлэл, үйлчилгээний явцад гүний усны ашиглалтыг аль болох хязгаарлах шаардлагатай болохыг харуулж байна.

Сүүлийн 4 жилийн байдлаар Монгол улсын хатуу хог хаягдлын хэмжээ жилд дундажаар 500 мянга орчим тонноор нэмэгдэж байна. Улсын хэмжээнд 2013 онд хаягдсан нийт хатуу хог хаягдлын 2.2 сая тонн ашигласан дахиварын хэмжээ 384 мянган тонн буюу нийт хатуу хог хаягдлын 17.4 хувийг эзэлж байна.

Тогтвортой хөгжлийн энэхүү 3 тулгуурын харилцан шүтэлцсэн, бие биеэ дэмжиж тэтгэсэн тэнцвэртэй байдал, хөгжлийг хэрхэн хангах вэ гэдэг асуудал зүй ёсоор урган гарч байна. Үүнийг хангахад чиглэгдсэн бодлого боловсруулж,  хэрэгжүүлэх зохистой арга замыг тодорхойлох асуудал чухал байна.

Монгол улсын Их хурал 2016 оны 2-р сарын 5–нд “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” гэсэн  урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан юм.

УИХ-ын 2014 оны 43 дугаар тогтоолоор баталсан Ногоон хөгжлийн бодлого нь улс орны тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн Монгол Улсын хөгжлийн тулгуур бодлого болохыг тодорхойлж, энэхүү бодлогын зорилго, стратегийн зорилтууд, тэдгээрийг хангах арга зам, түүнд хүрэх шалгуур үзүүлэлтийг үндэсний хөгжлийн бодлого, макро эдийн засгийн дунд хугацааны бодлого, бодит салбаруудын бодлого, төлөвлөлтөд тусган хэрэгжүүлэх шаардлагатайг онцлон заасан.

Нөгөөтэйгүүр Ногоон хөгжлийн бодлогын зорилго, зорилтууд нь НҮБ-аас санал болгож байгаа 2015 оноос хойшхи тогтвортой хөгжлийн зорилтууд, тухайлбал бүх улс оронд ядуурлын бүхий л хэлбэрийг зогсоох, хүн амын баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар, орчны бохирдлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, тэгш хүртээмжтэй, оролцоотой эдийн засгийн өсөлтийг дэмжиж, иргэдийг найдвартай ажлын байраар хангах зорилттой шууд нийцэж байна.

Эдийн засгийн талаар баримтлах бодлого:

Монгол орны эдийн засгийн харьцангуй давуу тал болох  байгалийн асар их нөөц бололцоо, хөрш  хоёр орны том зах зээл, орчин үеийн шинжлэх ухаан техникийн ололт амжилт,   чөлөөт зах зээлийн давуу талыг үр ашигтай,  бүтээлчээр  ашиглаж эдийн засгийн бүтцийг өөрчлөх, төрөлжүүлэн хөгжүүлэх шаардлагатай байна.  

Дотоодын зах зээл харьцангуй бага, хязгаарлагдмал учраас экспортын баримжаатай эдийн засгийн бүтцийг бүрдүүлэх шаардлага ч байгаа юм.  Экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжилт нь  бүтээгдэхүүний чанар, үнэ өртөг, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг.

Монголын уламжлалт мал аж ахуй нь экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх даавуу талтай ч гэсэн улирлын чанартай үйлдвэрлэл, борлуулалт, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг бүрэн хангаж чадахгүйн улмаас мах, арьс, ноос, ноолуур зэрэг бүтээгдэхүүнийг экпортлоход ч бэрхшээл үүсэж байна.

Үүнийг даван туулахын тулд өнөөгийн амиа аргацаасан уламжлалт мал аж ахуйг төрөлжүүлэх үндсэн дээр арилжааны аж ахуй болгон өөрчлөх, малчдад ээлтэй аргаар аж ахуйгаа эрхлэх  эдийн засаг, эрх зүйн орчинг бүрдүүлэх, газар тариалан мал аж ахуйг хосолсон фермерийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр мэдэгдэхүйц дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай  байна.    

Зах зээлтэй, хөрөнгө оруулалт харьцангуй бага шаардах уул уурхайн олборлох чиглэлийн үйлдвэрлэлийг дотоодын хувийн болон төрийн хөрөнгөөр ч олборлон ашиглаж болох юм. Нөгөө талаар  төр  олборлох чиглэлийн гадаадын компаниудын тодорхой хувийг эзэмшинэ гэхээсээ илүү байгалийн баялаг ашигласны төлбөрөөрдамжуулан зохицуулах нь илүү үр дүнтэй байж ч болох юм.

Эдийн засгийн бүтцийг өөрчлөхийн тулд боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг түлхүү хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүд байгаа боловч хэрэглэгчийн эцсийн хэрэгцээг хангаж чадахуйц бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байна. Техник технологи хоцрогдсон,  ажилчдын ур чадвар дутмаг, хөрөнгийн чадвар хангалтгүй  зэрэг  нөхцөлүүдээс болоод дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвар сул байна.  

Ийм нөхцөлд боловсруулах үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах ёстой. Дэлхийн хэмжээний худалдан борлуулах сүлжээтэй орчин үеийн техник технологи дээр үндэслэгдсэн, дэлхийн хэмжээнд танигдсан чанар чансаатай, бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхтай гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Зэс, төмөр, алт, нүүрс гэх мэтийн байгалийн баялагийг боловсруулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгон дэлхийн зах зээлд гаргах чадвартай дэлхийн нэртэй том кампиануудыг татах хэрэгтэй.

Нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн боловсруулсан бүтээгдэхүүн гаргахаар хөрөнгөө оруулж байгаа гадаадын нэртэй том компаниудад  зориулсан тусгай бүс нутгийг бий болгох, газрыг үнэ төлбөргүй ашиглуулах,  экспорт, импорт болон ашгийн татварыг  10-аас доошгүй жилээр чөлөөлөх, хямд эрчим хүчээр хангах гэх мэтчилэнгийн тусгай, онцгой  тааламжтай  нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна.

Эдийн засагт бүтцийг өөрчлөхөд шаардлагатай хөрөнгө оруулалтыг бүрдүүлэхэд нэг талаас дотоодын хуримтлал, хөрөнгийг дайчлах, нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай.

Санхүүгийн зах зээл сул хөгжсөн, томоохон хөрөнгө оруулалтыг удаан хугацаанд  бага өртөгтөй санхүүгийн эх үүсвэрээр хангах бололцоогүй өнөөгийн нөхцөлд  үндэсний хэмжээний хуримтлалыг цуглуулах ганц бололцоо  төрд байна. Төр нь  улсын төсөв болон өөрийн Хөгжлийн банкаар дамжуулан хуримтлалыг төвлөрүүлэн эдийн засгийн бүтцийг өөрчлөх ухаалаг, цогц, шударга бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Нийгмийн бодлогын талаар:

Нийгмийн бодлого нь хүнийг хөгжүүлэх, улс орны хөгжлийг урагшлуулах нэгэн тулгуур багана юм. Хүнээ хөгжүүлэх, тэгш боломжоор хангахын тулд дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах, ажиллаж хөдөлмөрлөх адил нөхцлийг  бүрдүүлэх, бүтээмж, бүтээсэн зүйлийнх нь хэмжээгээр нийгмийн баялагаас  тэгш хүртэх боломжийг олгоход чиглэсэн хүртээмжтэй өсөлтийг (inclusive growth) бий болгоход чиглэгдсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тиймээс нийгмийн салбаруудын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг эхний ээлжинд танаж хасдаг аргаасаа татгалзах хэрэгтэй байна.

Байгалийн баялгийн орлогын тодорхой хувийг Баялгийн санд төвлөрүүлж, нийгмийн хөгжлийг дэмжих, ард иргэддээ тэгш боломж олгоход зарцуулах нь тогтвортой хөгжлийн үндэс суурь болно. Иймээс ажлын байр нэмэгдүүлэх, орлогын тэгш бус байдлыг багасгаж, иргэддээ тэгш боломж олгож нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэхэд  чиглэсэн эдийн засаг, санхүү татварын  бодлого хэрэгжүүлэх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.

Татварыг орлогоос хамаарсан олон шатлалтай болгох, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэх, үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмэх болон өв хөрөнгийн татварыг бий болгох, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ бодлогыг авч хэрэгжүүлж чадвал орлогын тэгш бус байдлыг багасгаж, дундаж давхаргыг нэмэгдүүлж, монгол хүний амьдралын чанарыг сайжруулахад томоохон ахиц гарах болно.

Эцэст нь хэлэхэд, аливаа улс орны хөгжлийг хүний хөгжлийнх нь хүрсэн түвшингээр дүгнэдэг өнөөгийн даяаршсан нийгэмд бид бусадтай хөл нийлүүлэн алхая гэвэл юуны түрүүнд ард иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулж, нийгмийн дундаж давхаргыг дэмжих, орлогыг нь нэмэгдүүлэх, нийгмийн үйлчилгээ, нийгмийн баялгаас тэгш хүртэх боломжийг бүрдүүлэхэд анхаарах ёстой юм.

Байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийн талаар:

Монгол орны  байгалийн нөөцийг хайр гамгүй  их хэмжээгээр ашиглаж амьдрах гэсэн үйлдвэрлэл, хувиарлалт, хэрэглээний одоогийн тогтсон арга барилыг өөрчилж экосистемийн шинэ дэвшилтэт менежмент, инновацын шинэ техник технологийг нэвтрүүлэх үндсэн дээр   байгалийн нөхөн сэргэх чадварыг (resilience) хангах, нөөцийг аль болохоор хэмнэж бага хэрэглэх (reduce), дахин ашиглах (reuse), дахин  боловсруулах (recycle) ногоон эдийн засгийн үндсэн зарчим, арга барилд шилжих явдал мөн гэж ойлгож байна.

Сүүлийн жилүүдэд Монгол улсын төрөөс байгаль хамгаалах чиглэлээр олон бодлого, хөтөлбөр,  шийдвэр гаргаж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Засгийн газрын манлайллыг хангаж БОНХАЖЯ-ыг үндсэн чиг үүргийн яам болгож зохион байгуулсан нь ногоон хөгжлийг хангах институцийн тогтолцоо, чадавхийг бэхжүүлэхэд чухал алхам болсон.

2010 онд баталсан  “Ус үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2021 он гэхэд Хот, суурин газрын хүн амын 70-аас доошгүй хувь, хөдөөгийн хүн амын 60-аас доошгүй хувийг эрүүл ахуй, стандартын шаардлагад нийцсэн усаар хангах, 2013 онд үйлдвэрлэлийн зориулалттай усны үнийг нэмж, усны хэмнэлтэд урамшуулал хөнгөлөлт үзүүлснээр 2014 оны байдлаар 73 сая тонн усыг эргүүлэн ашиглаад байна.

2010 онд баталсан “Цөлжилттөй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2020 он гэхэд цөлжилтөд хүчтэй өртсөн эмзэг бүс нутгийн доройтсон орчныг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх замаар цөлжилтийн эрчийг сааруулах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, 2011 онд баталсан “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2021 он гэхэд Дулааны үйлдвэрлэлийн жишмэл түлшний хувийн зарцуулалтыг 2015 онтой харьцуулахад 25 кг-аар бууруулж, эрчим хүчний балансад сэргээгдэх үүсвэрийн эзлэх хувийг 20%-д хүргэх, дулааны хэрэглээг 30%-иар бууруулахаар  ажиллаж байна. 

2014 онд баталсан  “Ногоон хөгжлийн бодлого”-ын хүрээнд УБ хот болон бусад суурин газрын ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээг 2013 онд 3,1 байгааг 2030 гэхэд 30 хувьд хүргэх, нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хэмжээг   2013 онд 17,4 хувь байгааг 2030 он гэхэд  30% хүргэх, хог хаягдлын дахин боловсруулалтын хувь хэмжээг 2013 онд 15,7 хувь байгааг 2030  гэхэд 40 хувь хүргэх зэрэг тодорхой зорилтыг дэвшүүлсэн. 

2015 онд баталсан “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд модон түүхий эдийн ашиглалтын  төвшинг  2030 он гэхэд  80 хувьд хүргэх, нийт газар нутагт ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2013 онд 8% байгааг 2030 онд 9% болгох, ойн түймрийн дундаж талбайн бууралтыг 2030 онд 70 хувь болгох зэрэг тодорхой зорилтыг тавин ажиллаж байна. Импортын модыг гааль, НӨАТ-өөс чөлөөлснөөр ОХУ-аас орж ирдэг модон материалын хэмжээ 18 дахин нэмэгдэж, 1645 га буюу 170 мянган шоо метр нойтон модоо тайрч унагалгүй хамгаалж үлдлээ.

2013 оны 6-р сард Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улс нь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын хамтран санаачилсан “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” PAGE хөтөлбөрт нэгдэн орсон анхны улс болсон. Энэ хүрээнд ногоон эдийн засгийн мэдлэг олгох, ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлтийг боловсруулах, ногоон эдийн засгийн бодлогын үнэлгээ хийх, ногоон цэцэрлэг, сургуулийн барилгын жишиг зураг төсөл боловсруулах, тогтвортой худалдан авалтыг нэвтрүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах гэсэн 6 чиглэлд үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Засгийн газрын 2013 оны 303 дугаар тогтоолоор “Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн жагсаалт”-ыг баталж, LED гэрэл, дуслын услалтын систем, нар, салхины эрчим хүчний төхөөрөмж зэрэг 41 төрлийн тоног төхөөрөмжийг борлуулалтын орлогын албан татвараас чөлөөлөх болсон. Үүний дүнд 22 аж ахуйн нэгж нийт 2,4 тэрбум төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдлээд байгаагийн зэрэгцээ нөгөө талдаа иргэд тэр хэрээр хямд бүтээгдэхүүн худалдан авсан болно.

Өргөн уудам нутагтай, хүн ам цөөнтэй манай орны хувьд байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг нутгийн иргэдэд түшиглэж тэдний оролцоотой явуулах нь нэн чухал гэж үзэж нутгийн уугуул иргэдийн үүсэл санаачилгаар бий болсон Байгаль хамгаалах нөхөрлөлийн анхдугаар чуулганыг  2015 оны 5 дугаар сард зохион байгууллаа. Байгаль хамгаалах нөхөрлөлийн 40 гаруй мянган гишүүдийг төлөөлөн ирсэн 800 гаруй төлөөлөгч оролцсон. Энэ нь нутгийн иргэд хамтарч байгалиа хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглаж тогтмол орлоготой болох, орон нутагтаа ажил эрхэлж амьжиргаагаа тэтгэх замаар ядуурлыг бууруулахад ихээхэн дэмжлэг болох юм.

Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр эдгээр ололт амжилтын зэрэгцээ тулгамдсан асуудлууд байсаар байна. Ялангуяа ногоон эдийн засгийн хөшүүргийг бий болгох эрх зүйн орчин, хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх, ногоон хөгжлийн бодлого болон бусад салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилтийн уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна.

Монгол улсын тогтвортой хөгжлийг хангахад хүн амын 51,1 хувийг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүд бид үр хүүхдээ байгаль орчноо хамгаалах үзлээр хүмүүжүүлэх, тогтвортой хөгжлийг хангах бүхий л чиглэлээр манлайлан ажиллаж байгаа бөгөөд цаашид ч эх хүний сэтгэлээр элгэн халуун нутгаа хайрлан хамгаалж хөгжүүлэх болно.

Түүнчлэн, хүний нөөцийн чадавх сул, инноваци, дэвшилтэт технологийн хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж хязгаарлагдмал, олон нийтийн ойлголт, мэдлэг мэдээлэл дутмаг зэрэг бэрхшээлүүд байна.

Монголчууд байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж,  зохицон амьдарч,  үр шимийг нь хүртэж ирсэн  нүүдэлчдийн баялаг  өв уламжлалтай ард түмэн. Энэ түүхэн соёл уламжлалаа хүүхэд залуусдаа өвлүүлж, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт амжилттай хослуулан бүтээлчээр хөгжүүлэх нь ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлж тогтвортой хөгжих боломж гэж үзэж байна.

Байгальд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарал, хог хаягдал багатай үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлж, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хадгалах, иргэдийн оролцоог дэмжих замаар баялгийг бүтээж, ядуурлыг арилгах,  хүний сайн сайхан байдлыг хангасан, тэгш хүртээмжтэй, эрүүл аюулгүй нийгмийг хөгжүүлэхийг бид зорьж байна.

Монгол улсын тогтвортой хөгжлийг хангахад хүн амын 51,1 хувийг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүд бид үр хүүхдээ байгаль орчноо хамгаалах үзлээр хүмүүжүүлэх, тогтвортой хөгжлийг хангах бүхий л чиглэлээр манлайлан ажиллаж байгаа бөгөөд цаашид ч эх хүний сэтгэлээр элгэн халуун нутгаа хайрлан хамгаалж хөгжүүлэх болно.

Нийгмийн хариуцлага хүлээх чадвартай, идэвхтэй байр суурьтай, боловсролтой эмэгтэйчүүд олноор нэмэгдэж, эх дэлхийгээ хамгаалж ногоон хөгжлийг хангахад  даян дэлхийн эмэгтэйчүүдтэй хамтран дуу хоолойг нэмэрлэж,  хувь нэмрийг оруулахыг та бүхнээсээ уриалж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа