Лавровын цэнхэр жийнс ба монголчуудын үндэсний бахархал
2016.04.28

Лавровын цэнхэр жийнс ба монголчуудын үндэсний бахархал

Америкийн "Эрх чөлөө" радио Монгол судлаач, Кардиффийн их сургуулийн профессор Сергей Радченкогийн Монголын талаар өгсөн ярилцлага

Монголчууд өөрсдийн аугаа түүхийг хэр дурсан санадаг бол? Гадаад орныхон түүхийнхээ сэдвээр наргин тоглодог шиг тэд өвөг дээдсийнхээ түүхээр тоглоом шоглоом хийж чадах уу?

Монголыг дэлхийн нөлөө бүхий орны нэг гэж нэрлэх аргагүй ч энэ оронтой найрсаг, нөхөрсөг харилцаа тогтооход багагүй хүчин чармайлт ордог. Олон зуун жилийн түүхээрээ бахархаж явдаг монголчуудыг гомдоохгүйн тулд гадаад улс орнуудын тэргүүн, дипломат ажилтан, улстөрчид маш жижигхэн зүйлд ч онцгой анхаарч байхгүй бол болохгүй. Дэлхийн их гүрнүүдийн удирдагч нар ч анхаарч, болгоомжилж байхгүй бол монголчуудтай муудалцана гэсэн үг.

Тэднийг үл тоомсорлох, зан заншлыг нь ойлгохыг хүсээгүй явдлаас болж хэд хэдэн удаа монголчууд улс орон даяараа бухимдан хилэгнэж байв. Монгол судлаач, Кардиффийн их сургуулийн профессор Сергей Радченко "Хятадын тэргүүн Си Зиньпин 2014 онд Улаанбаатарт айлчлахдаа Монголын ард түмнийг хүндэлж байгаагаа харуулах гэж алдарт яруу найрагч Дашдоржийн Нацагдоржийн "Миний нутаг" шүлгийг уншсан билээ. Энэ шүлгэнд "Энэ бол миний төрсөн нутаг, Монголын сайхан орон" гэсэн бадаг бий. Монголын олон нийтийн сүлжээгээр тэр дор нь хятад хүн Монголыг төрсөн нутгаа гэж нэрлэлээ хэмээн бухимдаад авсан" гэж дурсан ярьж байна.

Си Зиньпинээс өмнө монголчуудыг яс маханд нь тултал гомдоосон хүн бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама. 2011 онд болсон НҮБ-ын чуулганы ёслолын үеэр зураг авалтан дээр гараа өргөн, Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нүүрийг халхалж орхисон. Обама хэдийнэ мартсан нь ойлгомжтой ч энэ явдлыг монголчууд одоо болтол маш том доромжлол хэмээн дурсан санасаар байдаг.

Тэгвэл дөнгөж саяхан монголчуудыг дэлхийн хэмжээний бас нэгэн улстөрч гомдоож орхилоо. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монголд айлчилсан. Монголын томчууд, цэргийн хүндэт харуул жагсан хүлээж байхад тэр онгоцноос хөх жийнс, зангиагүй цэнхэр цамцтай бууж ирсэн. Лавров алдаагаа засах гэж оролдон, Ц.Элбэгдоржтой уулзахдаа зохих хэмюэгээр хувцасласан ч монголчуудын уур хилэнг зогсоож чадаагүй. Монголын нөлөө бүхий нэгэн улстөрч "Гадаадад айлчлал хийхдээ сантехникийн слесарь шиг хувцасласан нь биднийг хүндлэхгүй байгаа хэрэг. Нэг үгээр хэлэхэд энэ бол дормжлол" гэж хэлсэн. Сергей Радченкогийн бодлоор энэ явдлыг монголчууд хэзээ ч мартахгүй, байнга санаж явах гэнэ.

“Эрх чөлөө" радио: - Улаанбаатарт онгоцноос буухдаа хөх жинсэн өмдтэй байсан Лавровын талаар асуух гэсэн юм. Яагаад ийм явдал болов? Оросын тал уучлал гуйсан уу? Лавровын ёс зүйгүй байдлыг монголчууд хэрхэн хүлээж авсан бэ?

Сергей Родченко: -Оросын талаас албан ёсоор ямар ч уучлал байгаагүй гэж бодож байна. ГХЯ-наас тайлбар хийхдээ Лавровыг шөнө нь унтаагүй байсан болохоор л зангиагүй, жийнсэн өмдтэй гараад ирсэн гэж хэлсэн. Мэдээж Монгол Улс даяар энэ нь сайхан сэтгэгдэл төрүүлээгүй. Олон нийтийн сүлжээгээр Лавровыг зусландаа ирж байгаа юм шиг л хувцаслалаа гэж шүумжилсэн. Албан ёсны айлчлал хийхээр ирж байж, ямар ч хүндэтгэл үзүүлээгүй гэсэн сэтгэгдэл надад төрсөн.

“Эрх чөлөө радио": - Монголчууд хэр хатуу шүүмжилсэн бэ? Тэд энэ явдлыг мартах болов уу?

С.Радченко: -Үүний тулд эхлээд монголчууд дэлхийн түүх болон өнөөгийн ертөнцөд өөрсдийн байр суурийг хэрхэн ойлгож, хардгийг ойлгох хэрэгтэй. Монголчууд маш бардам ард түмэн. Газар нутаг нь том ч гуравхан сая хүн амтай. Хүчирхэг байсан Монголын эзэнт гүрний үеийн түүхээ тэд одоо ч дурсан санаж байдаг. Ёстой л монголчуудын цэцэглэн мандалтын үе байлаа. Мэдээж, дэлхий дахин ч тэдний энэ үеийг сайн санаж байгаа. Ялангуяа Орост аймшигт "Татар Монголын дарлалын үе" гэж дурсдаг бол монголчууд харин эсрэгээрээ тэр үеэр бахархаж, Монголын эзэнт гүрэн Евразийн хамгийн супер гүрэн байсан гэж үздэг. Одоо Орос, Хятад гэсэн хоёр их гүрний дунд хавчуулагдсан бяцхан орон гэдгээ тэд ухамсарлаж байгаа.

.... Улс төр, эдийн засгийн салбарт том юм хийх боломж тэдэнд тун бага. Тийм болохоор монголчууд бага зэрэг үл хүндлэл, жижигхэн зүйлийг ч хэт ойр хүлээж авдаг. ...

ОХУ ч юмуу, бусад ямар нэг орон тэднийг доромжилж, гомдоохыг огт хүсээгүй байсан ч хамаагүй тэд "гомдож" уурлана.

“Эрх чөлөө радио": -Дэлхийн олон оронд хүчирхэг байсан үеийнхээ талаар дурсан ярих дуртай байдаг. Гэхдээ Чингис хааны улс орон 800 жилийн өмнө оршин тогтнож байсан. Одоо болтол тэр үеийг яагаад дурсан санасаар байдаг юм бол? Монголын нийгэм тэр үеэсээ нэг их холдож, хөгжөөгүй байгаа юм болов уу? Эсвэл ядуу зүдүү амьдрал нь Евразийг эзлэн түрэмгийлж байсан баян цатгалан үеэ дурсан санахад хүргэдэг юм болов уу?

С.Радченко: -Бүх оронд хүчирхэг байсан үе бий. Орост ч гэсэн дэлхийн II дайнд ялсан үеэ одоо хүртэл бахархан дурсдаг. Яг л тэрэн шиг монголчууд 800 жилийн өмнөх Эзэнт гүрний үеэ бахархан санадаг юм. Евразийн хамгийн хүчирхэг гүрэн байсан гэдгээ тэд мэдэрдэг. Одоо Монгол жижигхэн орон гэдгээ ч сайн ойлгож байгаа.

“Эрх чөлөө радио”: -Монголчуудад өөрсдийгөө ёжлох, егөөдөх мэдрэмж байдаг уу? Түүхээрээ бахархахаас гадна бас бага зэрэг ч гэсэн егөөдөж болно шүү дээ. Москва дахь Монголын ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Л.Намсрай Оросын радиод ярилцлага өгөхдөө Бат хаан Киевийг эзлэн сүйтгэсний нөхөн төлбөрийг Украин улс Монголоос нэхсэн гэдгийг батлан ярьсан байдаг. Тэгэхээр Монголын дипломат ажилтнууд ч ийм хөнгөн үйлдэл хийдэг л юм байна.

С.Радченко: -Монголчууд мэдээж хошин шогийн мэдрэмжтэй ард түмэн. Гэхдээ бид үндэсний бахархлын талаар ярьж байна шүү дээ. Тэд бахархлаа хайрлан хамгаалдаг. Хуучин ЗХУ-ын үед социалист орон байхдаа ЗХУ-ын атганд байсан гэдгээ ойлгодог. 1990 оноос эхлэн тэдний үндэсний ухамсар сэргэн мандаж, эртний түүх, Их Хаан, Ззэнт гүрний үеэ дурсан санагалзах болсон. Лавровын асуудалд орсон тэр нисэх онгоцны буудал ч "Чингис хаан" нэртэй. Хотын төвийн Д.Сүхбаатарын талбайг тэд 2013 онд "Чингисийн талбай" болгон өөрчилж, Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн бунхныг авч хаян, Чингис хааны аварга том хөшөө байрлуулсан. Улаанбаатар хотын ойролцоо ч аварга том Чингис хааны морьт хөшөө байдаг.

... Ер нь Монгол Улс тэр чигээрээ Чингис хааны л тухай ярьж байдаг гэж хэлж болно. Гудамж, талбай гээд бараг бүх юмаа Чингис гэж нэрлэсэн улс ...

“Эрх чөлөө радио": -Ингэхэд монголчууд юу мөрөөддөг юм бол? Аварга хүчирхэг гүрэн байсан үеэ л дурсаад байдаг гэж та хэллээ. Хэрэв Монголын ард түмэнд хуучны хүчирхэг үе шигээ Их гүрэн болох уу, эсвэл сайхан байшин, машинтай тансаг амьдралыг сонгох уу гэсэн сонголт тавибал тэд алиныг нь сонгох бол?

С.Радченко: - Монгол бол хангалттай хөгжилтэй, орчин үеийн улс. Нийслэл Улаанбаатарыг та нар хараарай. Хөрш улсуудынхаа хотуудаас огт дутахгүй. Ядаж л Эрхүү, Улаан-Үдээс хоцроогүй. ЗХУ-ын үед Эрхүү, Улаан-Үд нь илүү хөгжилтэй байлаа. Монголчууд тийм ядуу улс биш, тэдний амьдралын түвшин сүүлийн үед их дээшилсэн. Эдийн засгийн есөлтийн хурдаар дэлхийд тэргүүлж байсан орон шүү дээ. Харин одоо Хятадын эдийн засаг хямарсан болохоор Монголын байгалийн баялаг, ашигт малтмалын үнэ буурч, бага зэрэг зогсонги байдалд ороод байна. Гэхдээ сүүлийн 10 жилд монголчууд маш хөгжиж, орчин үеийн орон болж хувирсан. Тийм болохоор тэд хуучны хүчирхэг үедээ эргэн орохыг хүснэ гэж хэлэхэд учир дутагдалтай. Ер нь энэ хоёр асуудлыг заавал сөргөлдүүлэн тавих шаардлагагүй гэж бодож байна.

С.Радченко

“Эрх чөлөө радио": - Монголын хөгжил Хятадаас хамаардаг гэж та хэлсэн. Эдийн засгийн харилцаа холбооны талаар ярьж байгаа тань ойлгомжтой. Олон зуун жил зэрэгцэн оршсон Монгол, Хятадын ард түмэн одоо ямар харилцаатай байдаг талаар танилцуулаач.

С.Радченко: -Монгол, Хятадын харилцаа маш хэцүү. Монголчууд цагтаа Хятадыг эзэлж, Юань гүрнийг байгуулж байсан. Дараа нь Чин улсын үед Хятад нь монголчуудыг эзэлж байсан. 1911 онд л тэд Хятадын эрхшээлээс салсан. Тиймээс одоо болтол монголчууд хятадуудад итгэдэггүй, нэг үгээр хэлэхэд тэдэнд дургүй. Гэхдээ Хятадын эдийн засаг тэдний амьдрал гэдгийг ойлгодог. Монголын зах зээлийг Хятад бараг дангаар эзэлдэг. Монголын байгалийн бараг бүх баялаг Хятадад гарч байгаа тул Хятадын эдийн засаг хөгжвөл Монгол бас хөгжинө. Хятад хөгжиж байгаа үед Монгол хөдөлгөөнд байна гэсэн үг. Хятад асуудалтай болоод эхэлбэл Монголд ч сайн юм болохгүй. Нийгмийн хэв маягийн хувьд Хятадаас хол ялгаатай гэдгээ монголчууд мэддэг. Соёлын түвшин ч гэсэн маш их ялгаатай. Огт өөр хоёр уламжлал, зан заншил.

.... Хэрэв Хятадын тэргүүн юм уу, Гадаад хэргийн сайд нь Лавров шиг жинстэй Улаанбаатарт хүрээд ирсэн бол монголчууд улам их хилэгнэх байсан гэдэгт би итгэлтэй байна .....