2016.04.28

Хөнгөн аж үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх тухайд

Монгол Улсын Төрийн сайд асан, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Төрийн Соёрхолт, Академич Т.НАМЖИМ

     Аливаа улс үндэстэн, ард олны хөгжил дэвшлийн нэг гол хэмжүүр нь өөрсдийн оюун ухаан, ур дүй, гар биеэр элдэв төрлийн бүтээгдэхүүнийг зохиомжлон бүтээдэг, үйлдвэрлэн хэрэглэдэг авьяас чадвар, амжилт бүтээлээр илэрдэг ажээ. Өөрийн улс орны бэлэн нөөц бололцоог ашиглан үйлдвэрлэж бүтээхгүйгээр зөвхөн бусад улс орны хүн ардын хийсэн эд зүйлсийг наймаалан авчирч идэж уух, өмсч зүүх, унаж эдлэх явдлыг голлох аваасу, улс үндэстэн олигтой дэгжин хөгжихгүй гэдэг нь ойлгомжтой юм.

     Бидний монголчууд өөрийн орны түүхий эд, материалыг боловсруулан янз бүрийн бүтээгдэхүүн зохион бүтээдэг, үйлдвэрлэн гаргадаг аж үйлдвэрийн олон салбаруудыг хөгжүүлэх явдал нь монгол үндэстний, монгол хүний нэр төр, бахархал тэмүүлэлийн үйл хэрэг байх ёстой билээ. 

Тийм учраас юуны өмнө манай орны малын гаралтай түүхий эдийг боловсруулах хөнгөн аж үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэх явдал нь Монгол улсын үндэсний эрх ашгийн амин сүнс, нэн чухал асуудал болж байна.       

      Аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд эхлээд түүний уг сурвалж, учир холбогдлыг үнэн зөвөөр тайлах нь зүйн хэрэг байдаг билээ.

     Тийм учраас Т.Намжим миний бие урьд нь Монгол улсын үйлдвэрлэх хүчин, эдийн засгийн хөгжлийн урт хугацааны Ерөнхий схем, зорилтот хөтөлбөр, дунд хугацааны төлөвлөгөөг удирдан боловсруулж, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл хэрэгт биечлэн оролцож байсан судлаач хүний хувьд, манай орны шилжилтийн үе дэх эдийн засгийн хямрал, үндэсний үйлдвэрлэлийн уналтын учир шалтгааны талаар болон цаашдын хөгжил замналын тухай сүүлийн хорин хэдэн жилийн хугацаанд сонин хэвлэлд нийтлэх, хурал номын газарт илтгэл сонсгол тавих зэргээр олон түмэндээ сонордуулж байсан билээ.

      Улмаар 2000 онд хэвлэгдсэн “Монголын аж ахуй, эдийн засаг” хэмээх 2 боть номонд, мөн 2004 онд хэвлүүлсэн “МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ: эрт, эдүгээ, чинагш” хэмээх 3 боть номонд болон 2006 онд нийтлүүлсэн “Монгол улсын хөгжлийн арга зам, төсөөлөл” хэмээх номонд хөнгөн аж үйлдвэрийн хөгжлийн асуудлыг тодорхой тусгасан байгаа болно.

Хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлсэн туршлага,  эдийн засагт эзэлж байсан байр суурь 

      Монгол улсын хөнгөн аж үйлдвэрийн салбарын сэргэлт хөгжлийн асуудлыг авч үзэхдээ, юуны өмнө үндэсний гол түүхий эд - заяагдмал баялаг болох малын ноос ноолуур, арьс ширийг боловсруулах болон мөн хүнсний зарим төрлийн үйлдвэрүүдийг сэргээн хөгжүүлэх үйл хэрэг нь үндсэн зорилт болгох учиртай юм.

      Малын гаралтай үйлдвэрийн түүхий эд бол манай орны мал сүргийн арчилгаа маллагааны нөхцөлд мал амьтны биологийн нөхөн төлжилтөөр аяндаа бий болдог байнгын эх үүсвэртэй байдгаараа онцлог бөгөөд давуу талтай байна. 

     Тийм учраас Монгол орны хувьд шинэ хэлбэрийн төр засаглал тогтсон түүхэн цаг үеэс буюу 1920-иод оноос хойш жижиг үйлдвэрийн газруудыг байгуулах үйл хэргийг бага багаар эхлэн явуулж байсан бөгөөд 1930-аад оны эхний хагаст ашиглалтанд орсон Аж үйлдвэрийн комбинат гол үүргийг гүйцэтгэж байсан юм.

     Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны харьяанд байсан Аж үйлдвэрийн комбинатыг бүтцийн хувьд өргөтгөн өөрчилж, хөнгөн аж үйлдвэрийн салбарыг 1970-аад оноос “Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрийн нэгдэл”, Арьс шир боловсруулах үйлдвэрийн нэгдэл”, “Оёдолын үйлдвэрийн нэгдэл” гэсэн гурван дэд салбарын хүрээнд малын гаралтай түүхий эдийг иж бүрнээр боловсруулах зорилт, чиглэлээр хөгжүүлсэн юм.

     Монгол улсын эдийн засгийн төв байгууллага - Улсын Төлөвлөгөөний Комисс, шинжлэх ухааны төв байгууллага – Шинжлэх Ухааны Академийн давхар харъяалалд Үйлдвэрлэх хүчний хөгжил, байршлын эрдэм шинжилгээний хүрээлэнг 1975 онд байгуулж, “Монгол улсын үйлдвэрлэх хүчний хэтийн хөгжил байршлын Ерөнхий схем”-ийг боловсруулан, Төр засгийн дээд түвшинд батлагаажуулан Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд хуульчлан тусгаж хэрэгжүүлдэг тогтолцоотой байсан юм.

     Тэрхүү үйлдвэрлэх хүчин, эдийн засгийг хөгжүүлэх хэтийн хөтөлбөр болон таван жилийн төлөвлөгөөний нэг үндсэн бүрэлдэхүүн бол улс орныг аж үйлдвэржүүлэх, хөнгөн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлж байсан явдал юм. Тус салбарт малын гаралтай түүхий эдийг 1990 он гэхэд үндсэнд нь бүрэн боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрэлдүүлэн, техник технологийг нь боловсронгуй болгох, бүтээгдэхүүний чанар хийцийг сайжруулах зорилтыг хэрэгжүүлсэн юм.

     Хөнгөн аж үйлдвэрийн салбарт 1970-1980-аад онд буюу 1990 он гэхэд малын гаралтай түүхий эдийг бараг бүрэн хэмжээгээр боловсруулах үйлдвэрлэлийн хүч чадлыг бий болгосон байж билээ.         

      Монгол улсын аж үйлдвэрийн, улмаар эдийн засгийн нэг гол цөм болгож хөгжүүлсэн, хөнгөн аж үйлдвэрийн ноосон нэхмэл, арьс ширэн эдлэхүүний болон оёдолын үйлдвэрүүд бол улс орны эдийн засагт тэргүүлэх ач холбогдолтой байсан билээ.

      Энэ салбар улс орны үндэсний орлого, гадаад худалдаанд эзлэх хувь хэмжээгээрээ уул уурхайн салбараас 2 дахин илүү байсан юм. Тухайлбал, 1989 оны байдлаар уул уурхайн салбарын бүтээгдэхүүн тухайн үеийн үнээр 901.5 сая төгрөг байхад хөнгөн аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн 1 тэрбум 992.3 сая төгрөгт хүрсэн байлаа. Мөн хүнсний аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ  1989 онд 1 тэрбум 476.8 төгрөг байсан нь уул уурхайн салбарынхаас 1.6 дахин их байв.

     Хэрэв хөнгөн аж үйлдвэрийн энэ хоёр төрлийн дэд салбарын 1989 онд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээг 1995 оны зэрэгцүүлэх үнээр тооцож үзвэл 225 тэрбум 784.6 сая төгрөг, 1999 оны үнээр бол 465 тэрбум 116 сая орчим төгрөгтэй тэнцэж байсан болно.

      Монгол улсын хөнгөн, хүнсний аж үйлдвэр нь шилжилтийн үе дэх үндэсний нийт орлогын хэмжээтэй харьцуулбал 1995 онд 47.5 хувь, 1999 онд бараг 53.5 хувьтай тэнцэх жишээтэй байсан болно.

      Мөн бидний 2000 оны үед хийсэн судлагаа тооцоогоор хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн 1989 оны бүтээгдэхүүний хэмжээ нь 1999 оны үнээр, бүх аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний бараг 95 хувьтай тэнцэхээр тооцоо гарсан байв. Хөнгөн, хүнсний аж үйлдвэр 1989-1990 оны үед нийгмийн нийт бүтээгдэхүүнд дангаараа 20-иод хувийг эзлэж байсан бол 1999 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнд боловсруулах аж үйлдвэр бүхэлдээ 5.7 хувийг эзлэх болж, ихээхэн хувь хэмжээгээр буурсан байв. Тухайн хэдэн тоо баримт нь энэ хоёр төрлийн үйлдвэрлэлийн салбар манай эдийн засагт ямар шүү цар хэмжээтэй, үр нөлөөтэй байсныг харуулж байв.

Шилжилтийн он жилүүдэд хөнгөн аж үйлдвэрийн салбарын уналтын тухайд

      Манай улсын хөнгөн аж үйлдвэр 1990 оноос хойших шилжилтийн үеийн эхний он жилүүдэд үндсэндээ тэглэнэ гэгч болсон байв. Тухайлбал, хөнгөн аж үйлдвэрийн нэгэн дэд салбар болох ноос ноолуур боловсруулах нэхмэлийн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээ 1990 оноос өмнөх үед бараг дангаараа уул уурхайн салбарын нийт бүтээгдэхүүний хэмжээтэй тэнцэж байсан юм.

      Нэхмэлийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох хонины ноосыг 2000 он гэхэд бараг угаадаггүй болсон байлаа.

Урьд нь манай улсад бүсчлэн байршуулж байгуулсан ноос угаалгын 4 үйлдвэрт 1990 он хүртэл жилдээ 10 гаруй мянган тонн ноос угаадаг байсан бол 1999 онд 1300 тонн болж бараг 10 дахин буурсан байв.

      Тийм нөхцөлд ээрмэл, сүлжмэл, нэхмэл, хивсний үйлдвэрүүд дагуудаа ажиллах аргагүй шахам болсон байлаа.

      Эл байдлыг ойлгомжтой болгохын тулд зарим тооны хэлээр тоймлох аваасу, 1989 оны байдлаар ээрсэн утасны хэмжээ 2962 тонн байсан бол 1999 онд 14.3 тонн болж 207 дахин буурсан, түүнчлэн 1990 оны үед 4 сая 248.6 мянган ширхэг сүлжмэл эдлэл хийж байсан бол 1999 онд 696.8 мянга ширхэг болж 6 дахин бага болсон байлаа.

      Түүнчлэн 1989 онд 2 сая 128 мянган кв.метр хивс үйлдвэрлэж байсан бол 1995-1999 онуудад 595.7- 628.6 мянган кв.метр болж 3.4-3.6 дахин бага болсон байв.

      Мөн ноосон даавуу 1989 онд 1 сая 978 мянган тууш метрээс ердөө л 18.5 мянган тууш метр, тэмээний ноосон хөнжил 91.6 мянган метрээс 21.2 мянган метр болж олон дахинаар багассан байв.

     Арьс шир, гутлын үйлдвэрлэлийн хувьд Европдоо тэргүүлдэг байсан Чехословак улсын техник технологи бүхий жилд 3 сая арьсан гутал хийдэг хүчин чадалтай үйлдвэр бүр байхгүй болсон юм.

Түүнчлэн хүйтэн цаг уурын нөхцөлтэй манай оронд, ялангуяа хөдөөгийн хүн амд нэн чухал хэрэгцээтэй  эсгий гутлыг 1989 онд 592 мянган хосыг үйлдвэрлэж байсан бол 1999 онд 11.9 мянга болж бараг 50 дахин хорогдсон байлаа. 

     Тийнхүү арьс ширэн эдлэл, гутлын үйлдвэр шилжилтийн үеийн эхний 10 жилд тэглэх тийшээгээ болсон байв. Хамгийн хачирхалтай нь хонь, ямааны арьсаа боловсруулж 1990 он гэхэд 1 сая 929 мянган кв.метр шеврет, шевро, үхрийн ширээр 1000 тонн гутлын улны шир болон бусад бүтээгдэхүүн хийж байсан бол 2000 он гэхэд бараг л байхгүйтэй адилхан болсон байв.

     Жишээ нь: 1990 онд хонины арьсаар 1 сая 510.5 мянган кв.метр шеврет, ямааны арьсаар 418.4 мянган кв.метр шевро үйлдвэрлэж байсан бол 1999 онд шеврет огт үйлдвэрлээгүй, шевро дөнгөж 100 кв.метрийг хийсэн мэдээ гарсан байв.

     Нэгэнт шеврет, шевроны үйлдвэрлэл байхгүй буюу хомсхон болохоор савхин эдлэлийн үйлдвэрлэл уналтанд орох нь аргагүй юм.

Манай улсын үйлдвэрүүд 1990 оны байдлаар жилдээ 300 мянган ширхэг савхин дээл, цамц, пиджак, 180 мянган нэхий дээл үйлдвэрлэж дотоод, гадаадад борлуулдаг байсан бол 1999 онд энэ бүх төрлийн бүтээгдэхүүн нийт дүнгээрээ 900 ширхэг болсон мэдээ гарсан нь тус салбарын үйлдвэрүүд ажиллахаа больсоныг харуулж байв.

      Урьд нь ноосны болон арьс ширний үйлдвэрлэлийн нэгдэлд ажиллаж байсан хүмүүстэй хамт очоод, тэдгээрийн үйлдвэрлэл явагдаж байсан аль нэг байшингийн дээд давхарт гарахад, тэд нар ийш тийш бодлогошрон харснаа  тэр байшинд тийм үйлдвэр ажиллаж байсан гэж бахархан ярихын сацуу, одоо ч байхгүй болж дээ хэмээн гутрангуй байдалтай болох нь үнэхээрийн харуусал төрүүлж байсан билээ.

     Мөн оёдолын үйлдвэрүүдэд жилдээ 310 мянган костюм, пальто хийдэг байсан бол 1998 онд 2.4 мянга болж 130 дахин буурсан, 1999 онд огт мэдээлэх юмгүй болсон байснаас үзвэл, тэрхүү томоохон салбар ч гэсэн ямаршүү байдалтай болсон нь ойлгомжтой байв. Харин гадаадынхан л манайд байсан орон байрыг ашиглан оёдолын үйлдвэрүүд зохион байгуулж, монгол ажилчдыг тун багаахан цалин хөлсөөр, хүндхэн нөхцөлд олон цагаар ажиллуулж нилээдүй орлого ашиг олж байдаг болсон байлаа.

      Хөнгөн үйлдвэрийн уналтын учир шалтгааны тухайд

      Монгол улсын шилжилтийн үед хөнгөн аж үйлдвэр уналтад орсон, эдүгээ хүртэл олигтой сэргэж чадаагүй байгаагийн нэгдэх буюу үндсэн шалтгаан бол 1990 онд солигдсон Төрийн тэргүүнээр болон Засгийн газрын Ерөнхий сайдаар  томилогдсон хүмүүс, анхнаасаа эдийн засгийн шинэчлэлтийг явуулах талаар шинжлэх ухааны арга зүйн дагуу бодит сэтгэлгээний үүднээс бодлого, хөтөлбөр боловсруулаагүй, арга эвээ олоогүй, улмаар зах зээлийн тогтолцооны бүрдэл элемент огт бий болоогүй байхад үйлдвэрлэл, эдийн засгийг зохицуулалтгүй болгосон явдал байсан юм.

     Тэр үед Засгийн газрын Ерөнхий сайд, Шадар сайдаар томилогдсон хүмүүс, улс орны эдийн засгийг төр улсын зохицуулалтгүй болгоод орхичихвол, зах зээлийн тогтолцоо аяндаа бүрэлдэн тогтож, үйлдвэрлэл, эдийн засгийг “өргөс авсан” юм шиг өөд нь татаад, өсөлт хөгжлийг ч ёстой нэг ундруулаад өгнө гэсэн ид шидийн хий санаа, хоосон мэдэмхийрэл, ташаа ойлголтыг төр засгийн удирдлагын үзэл баримтлалын хэмжээнд тавьж байсан явдал ноцтой сөрөг  нөлөөтэй болсон юм. Тийнхүү төр засгийн зүгээс үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хайхрахгүй орхисон айхавтар эндүүрэл болон, улс орныг элгээр нь хэвтүүлнэ гэсэн хорлонтой санаа нь эдийн засгийг бүхэлд нь уналтанд оруулсан юм.

     Гэтэл зах зээлийн тогтолцоо аль хэдийн зүгширсэн, хөгжил дэвшлийн өндөр түвшинд хүрсэн улс орнуудад ч эдийн засгийн нарийн бодлоготой, зохих хэмжээний зохицуулалт, төлөвлөгөөтэй байдаг нь тодорхой юм.

     Хөнгөн аж үйлдвэрлэлийн уналтын хоёр дахь учир холбогдол бол дотооддоо түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоог яаран байхгүй болгосон явдал юм. Тэгвэл зах зээлийн эдийн засагтай орнуудад ч гэсэн үйлдвэрлэл, хэрэглээний гол ач холбогдол бүхий үндсэн төрлийн түүхий эд, материал, бүтээгдэхүүний бэлтгэл, хангамжийн журамтай байна.

     Мөн үйлдвэрлэлийн уналтанд нөлөөлсөн гурав дахь буюу ноцтой нэгэн шалтгаан бол гадаад худалдааг чөлөөлөхдөө хэт задгай тавьсанаар дотоод зах зээлийг хамгаалалтгүй болгосон, боловсруулах аж үйлдвэрт шаардлагатай гадаад материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн захиалга гэрээ гэж хийгдэхээ больсон, гадаад хангамж тасалдсан зэрэг нөхцөл байдал байсан юм.

     Түүнчлэн угаасаа үндэсний үйлдвэрлэлийг уналтанд оруулах дөрөв дэх буюу түгээмэл нөлөөтэй үйл явц бол өмч хувьчлалыг тун буруу арга хэлбэрээр, эцсийн үр дагаварыг бодолцохгүйгээр яаруу сандруу явуулсан, тэр далимаар үйлдвэрлэлийн үйл ажиллагааг төрийн хараа хяналтаас гаргасан, хувьчилагдаж хувьцаат компани нэртэй болсон ихэнх үйлдвэр, аж ахуйн газрууд ажиллахгүй буюу хагас дутуу ажилтай болсон зэрэг тун таагүй үр дагаварт хүргэсэн явдал байсан.

     Шилжилтийн үе дэх төр засгийн эрх мэдэлтэн зарим хүмүүс манай орны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг борлуулах зах зээл олдохгүй, түүний оронд түүхий эдээ тэр чигээр нь гадаадад гаргаж байвал боллоо гэсэн чиглэл баримтлаж байсан нь боловсруулах аж үйлдвэрийг аянд нь унагасан бас нэгэн буюу тав дахь шалтгаан бөгөөд тийм ташаа ойлголт, бодлогогүй хандлагаас болоод үйлдвэрлэлийн уналтыг зогсоох болон сэргээх үйл ажиллагааг зориудаар хийхгүй он жилүүдийг өнгөрүүлсээр өдий хүрсэн билээ.

     Гэтэл урьд нь хуучны ЗХУ, Зүүн европын орнууд төдийгүй, барууны зарим орнууд 1980 - аад онд өөрсдийн хийц загвар, захиалгын дагуу манай хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авдаг байсан.

     Монгол Улсын сайд асан Т.Намжим, Гадаад Харилцааны Яаманд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байхдаа Монгол улс болон Европын Эдийн засгийн хамтын нийгэмлэг (ЕЭЗХН)-ийн хооронд 1991 онд тохиролцож байгуулсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрт Монгол улсын малын гаралтай түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүнийг, тус нийгэмлэгийн гишүүн орнууд тоо хэмжээний хязгаарлалтгүй, гадаад худалдааны тааламжтай нөхцлөөр авч байхаар тусгагдсан юм.  

     Тэртээ 1980-аад онд Монгол улсын хөнгөн аж үйлдвэрийн зарим төрлийн бүтээгдэхүүн олон улсын үзэсгэлэн - худалдаанд тавигдаж, тэргүүн байрт шалгаран алт, мөнгөн медалийн өргөмжлөл авч байсан тохиолдол хэдэнтээ байсан билээ.

     Малын ноос ноолуур, арьс ширийг хагас боловсруулахад үнэ өртөг нь дундажаар 3 дахин, гүйцэд боловсруулж бэлэн бүтээгдэхүүн болговол ойролцоогоор 6 дахин нэмэгддэг нь тодорхой нотлогдсон зүй тогтол юм.

      Гэтэл шилжилтийн он жилүүдэд малынхаа ноос, арьс ширийг огт боловсруулахгүй, түүхий чигээр нь хөрш зэргэлдээ улс оронд хямдхан үнээр гаргадаг болсон нь одоогоос наяад жилийн өмнөх буюу 1920-иод он, 1930-аад оны эхэн үеийн байдалд эргэж орсонтой агуулга нэгэн болсон хэрэг юм.

     Уг нь Монгол улсын өмнөх тогтолцооны үед малын гаралтай түүхий эдийг өөрсдөө боловсруулж, бэлэн бүтээгдэхүүн хийдэг болох гэж хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн хүч чадавхийг хэдэн арван жилийн турш ихээхэн хэмжээний хөрөнгө хүчээр бүрэлдүүлсэн байв.

     Ялангуяа монголын малыг амьдаар нь, ноос ноолуур, арьс ширийг түүхийгээр нь авч байх гэсэн гадаад улс орны хүчтэй сонирхолыг даван гарч, үндэсний боловсруулах үйлдвэрүүдийг байгуулсан явдал нь тухайн тэр үеийн төр засгийн удирдлага, төлөвлөгөө-эдийн засгийн төв байгууллага, салбарын яамны зүгээс олон жилийн турш явуулсан тууштай бодлого, шургуу тэмцэл, арга ухаан, үйл хэргийн үр дүн байсан юм. Тэр их хөрөнгө хүч, хөдөлмөр тэмцэл шилжилтийн үед ул мөр багатай болсон байв.     

               Боловсруулах аж үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх арга зам

      Монгол улсын үндэсний эрх ашгийн энэхүү амин чухал асуудлыг шийдвэрлэх арга замыг дараахи хэдэн зүйлсээр тогтоовол оновчтой байх болно: 

    1.  Юуны өмнө хөнгөн аж үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэх талаар Засгийн газрын тусгай хөтөлбөр боловсруулж, хуульчлан батлаж хэрэгжүүлэх. Уг хөтөлбөр нь хөнгөн аж үйлдвэрийг өнөөгийн нөхцөлд хөгжүүлэх  оновчтой арга зам болон хэрэгжүүлэх бодит арга хэмжээ гэсэн хоёр үндсэн хэсэг бүхий агуулгатай, тодорхой үе шаттай байвал зүйтэй болов уу.

     2. Тийм хөтөлбөрийг боловсруулахдаа эхлээд хөнгөн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, техник технологи, эдийн засгийн үйл ажиллагааны бүхий л үзүүлэлтээр 1990 оноос өмнөх болон хойших үеийн байдлаар харьцуулсан судлагааг нарийвчлан хийж, бодит үнэлгээ дүгнэлт хийхийн зэрэгцээ, манай оронд бий болсон өнөөгийн нөхцөл байдалд тохируулан цаашдаа хөнгөн аж үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх зохистой арга замыг тогтоох нь чухал юм.

     3. Мал аж ахуйн түүхий эдээр үйлдсэн бүтээгдэхүүнийг борлуулах зах зээлийн баримжааг тодруулахын тулд хаанахын ямар зах зээлд хэрхэн үр ашигтай борлуулах боломжтой болохыг, улмаар өнөөгийн байдлаар манай малын түүхий эдийг худалдан авч байгаа гадаад орнууд, түүгээр ямар бүтээгдэхүүн хийж аль зах зээлд борлуулж байгааг судлаж дүгнэлт гаргах.                                

     4. Хөнгөн аж үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг зохистой арга хэлбэрээр шийдвэрлэх. Тухайлбал:

     Нэгд, хөнгөн аж үйлдвэрийн газруудыг барьж байгуулахад зориулж олгох банкны урт хугацаатай, бага хүүтэй зээлийн хэлбэр, эх үүсвэрийг зохистой арга хэлбэрээр бүрдүүлэх.

     Хоёрт, Засгийн газар улсын төсвийн зарлага талд үндэсний үйлдвэрийг сэргээх зориулалттай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тусгаж тодорхой үйлдвэрүүдэд төрийн өмчийн хувь оруулж байх.

      Гуравт, Монголын санхүүгийн чадал боломж сайтай томоохон компануудаас хөнгөн аж үйлдвэрийг сэргээхэд хувь хөрөнгө оруулж дангаар буюу хамтарсан хувьцаа эзэмшигч болгох үйл хэргийг төр засгаас дэмжиж чиглүүлэх тодорхой ажил үйлс явуулах.

      Дөрөвт, Олон улсын банк, гадаад орны зээл тусламжийн хөрөнгийн эх үүсвэрийг ашиглах, гадаадын банкуудаас үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтаар төлөх урт хугацаатай, багавтар хүүтэй зээл авч ашиглах зэрэг тодорхой арга хэмжээ авах. Жишээлэхэд, Японы зарим банкнаас тийм хэлбэрийн зээл олдох боломж байж магадгүй юм. Энэ бүх үйл ажиллагааг манай улсын холбогдох яам, банк хариуцан гүйцэтгэж байх нь зүйтэй юм.

     5. Хөнгөн аж үйлдвэрийн салбарын тодорхой үйлдвэрүүдийн үйл ажиллагааг жигдэртэл гадаадаас худалдан авдаг тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыг импортын татвараас чөлөөлөх болон хөнгөлөх, мөн банкны зээлийн төлбөрийг хийж байгаа болон үйлдвэрлэлийн орон барилгыг засварлан өргөтгөх, техник технологийн шинэчлэлтийг хийхэд өөрийн хөрөнгийг үргэлжлүүлэн оруулж байгаа үйлдвэрийн газруудын буюу компанийн ашиг орлогын татварыг хөнгөлөх хүртэл урамшилын арга хэмжээг авах.

     6. Хөнгөн аж үйлдвэрийн салбарт малын гаралтай түүхий эд бэлтгэлийн тогтолцоо, журмыг зохистой хэлбэрээр бий болгох, зах зээлийн тогтолцоотой дэлхийн улс орнууд мөн л эдийн засгийн зохих хэмжээний зохицуулалттай байдаг ажээ. Манай улсын өмнөх тогтолцооны үед улс, аймаг, сумын түвшинд малын гаралтай түүхий эдийг бэлтгэдэг зохион байгуулалтын бүтэц бүхий маш сайн туршлага байсан юм. 

      Зах зээлийн тогтолцоо аль хэдийн зүгширсэн, өндөр хөгжилтэй Япон оронд хүртэл хүн амын хүнсний уламжлалт бүтээгдэхүүн цагаан будааг тариалах талбайн хэмжээ, бэлтгэл хангамж, үнэ ханш, импорт экспортын асуудал олон жилийн турш төр улсын зохицуулалтанд байсаар ирсэн ажээ. Энэ талаарх бас нэгэн жишээг дурьдвал, мөн зах зээлийн тогтолцоонд орж, шилжилтийн үеэ амжилттай дуусган эдийн засгаа эрчимтэй хөгжүүлж байгаа Төв Азийн Узбекстан улс нь тус орны үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болдог хөвөн болон хүнсний нэг гол бүтээгдэхүүн- үр тарианы хувьд улсын бэлтгэлийн журамтай байна.

     7. Үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, дотоод зах зээлийг хамгаалах зорилгоор эрэлт хэрэгцээ сайтай, өндөр үр ашиг бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдийг экспортлох явдлыг хориглох, мөн дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах боломж бүрэлдсэн буюу бүрэлдэж буй өргөн хэрэглээний болон хүнсний барааны импортод гаалийн татварын өндөр тариф тогтоох, эсвэл хориглох хүртэл арга хэмжээг дэлхийн олон улс орнуудын жишгээр төрийн зохицуулалтын гол үүрэг болгон хэрэгжүүлэх.

     8. Төр засгийн хобогдох байгуулагын зүгээс үндэсний боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг экспортлох гадаад зах зээлийг судлах, юуны өмнө хөрш зэргэлдээ орнууд болон бусад тив, бүс нутгийн орнуудтай уян хатан ухаалагаар харилцаж, гадаад худалдааны тааламжтай, хөнгөлттэй нөхцлийг бүрэлдүүлэх талаар гэрээ хэлцэл хийх зэрэг тодорхой арга хэмжээ авах. 

     9. Боловсруулах аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай гадаад материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг зохих норм, үндэслэлтэй боловсруулсан захиалгын үндсэн дээр гадаад зах зээлээс олж нийлүүлдэг тодорхой журамтай, хариуцсан компани, эзэдтэй болгох.

     10. Үндэсний аж үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэх бодлого чиглэл, үндэслэл шаардлага, хөтөлбөр төсөл, арга хэмжээг олон улсын санхүү, банкны байгууллага, гадаадын нөлөө бүхий томоохон улс орнуудад танилцуулж, тэдний тусламж дэмжлэг авах, гадаад хүчин зүйлсийг бүрэлдүүлэх чиглэлээр бодитой үйл ажиллагааг идэвхтэй явуулах. Тэхдээ манай улсад үндэсний хөнгөн аж үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх явдал нь манай орны хүн амын ядуурал, ажилгүйдлийг багасгах нэг үндсэн арга зам гэдгийг иш үндэслэл болгох.

     Хөнгөн аж үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх явдал бол зөвхөн эдийн засгийн ашиг орлогын төдий биш, харин манай нийгэмд бий болсон өнөөгийн зовлон бэрхшээлийг хөнгөвчлөхөд хамгийн үр нөлөөтэй хүчин зүйл мөн гэдгийг гол үндэслэл болгож, олон улсын байгууллагын болон гадаад орнуудын Засгийн газрын дэмжлэг тусламжид багтаах арга замыг сүвэгчлэх нь зүйтэй юм.

     11.  Боловсруулах аж үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх хөтөлбөр нь нэгэн удаагийн сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжиж амжихгүй урт хугацаа шаардагдах учраас ойрын 10-15 жилийн дотор болох ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдсэн Улсын Их Хурал, Засгийн газар уг хөтөлбөрийг зохих үе шатны дагуу үргэлжлүүлэн хэрэгжүүлдэг залгамж чанартай байхаар анхнаас нь хуульчлан батлах нь зүйтэй юм.

     Монгол улсын хэмжээнд манай мал аж ахуйгаас гардаг түүхий эдийг боловсруулах аж үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх төр засгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдлыг монголчууд бидний нийтийн зөвшилцөл, нэр төр, үндэсний бахархал, хөдөлмөр тэмцлийн үйл хэрэг болговол илүү үр дүнтэй байж болох юм.

     Монгол улсын үндэсний эрх ашигт нэгэнтээ яв цав нийцсэн, нийгэм-эдийн засгийн амин чухал асуудал болох хөнгөн аж үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрийг улс төржүүлэх явдлыг хатуу цээрлэбэл зохилтой юм. Тухайлбал, дараа дараачийн УИХ, Засгийн газрын зүгээс уг хөтөлбөр, төслийг үл хайхрах, төрийн дээд эрхэнд гарсан аливаа нам эвсэл, хувь хүмүүсийн талаас энэхүү нийт үндэсний чанартай асуудалд өөрсдийн явцуу ашиг сонирхолын үүднээс хандах, өмнөх үеэ өөлөн шүүмжлэх, урьд гарсан баримт бичгийг өөрчлөхийн тулд өөрчилдөг өнөөгийн зохисгүй зуршлыг үргэлжлүүлэх аваас үр дүн муутай болж замхрах болно гэдгийг нийтээрээ санаж байхад илүүдэхгүй болов уу.

     Харин он жилүүд улиран өнгөрөхийн эрхээр шинэ нөхцөл байдал бий болж, хөнгөн аж үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт зайлшгүй оруулах шаардлага гарвал, дээр дурьдсанаар мөн төрийн дээд албаны түшээд, үйлдвэрлэл, аж ахуйн томоохон төлөөлөгчид, нэр төртэй эрдэмтэдээс буюу гурван бүлэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг, Эдийн засгийн зөвлөлийн шугамаар судлан боловсруулдаг байх нь зүйтэй болно.     

     Тэгсэнээр улс орны эдийн засгийн үндсэн асуудалд төр, аж ахуй, шинжлэх ухааны нэгдэл хангагдаж, хэн нэгний, аль нэг хүчний дур зоргын үйл ажиллагааг хязгаарлах боломж бүрэлдэнэ.

     Эцэст нь анхаарвал зохилтой нэгэн зүйл бол, зах зээлийн тогтолцооны нөхцөлд төр засгийн зүгээс эдийн засгийн бодлого, үйл ажиллагаа явуулахдаа, түүнийг жинхэнэ амьдрал дээр бодит ажил үйлс болгон хэрэгжүүлдэг үүрэг зорилготой үйлдвэрлэл, аж ахуйн томоохон компани газрууд, тэдний удирдлагатай харилцаа холбоотой, хамтран ажилладаг байвал төр улсын болон үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчдийн аль алины ашиг сонирхолд илүүтэй нийцсэн оновчтой шийдэл гардаг учраас бодит үр өгөөжтэй болдог ажээ.   

      Үйлдвэрлэл, худалдааны томоохон компани, газрууд ч тийм журмаар гаргасан төр засгийн бодлого шийдвэрийг талархалтай хүлээн авч хэрэгжүүлдэг, улс орны үндэсний эрх ашгийг дээдэлсэн шудрага үйл ажиллагаа явуулдаг зуршилтай болсон байдаг ажээ.