Ganhuyag.P 2016.04.29 | Сайт: Shuud.mn

Дорноговьчууддаа хүргэх ил захидал

Дорноговьчууддаа хүргэх ил захидал

Сайн байцгаана уу. 

Та бүхэн гэр бүл, айл хотлоороо тавтай сайхан хаваржиж байна уу. Говь нутгийн элгэмсэг түмнийхээ итгэл сэтгэлээр та бүхэнтэйгээ хамтран аймаг орныхоо төлөө хичээнгүйлэн зүтгэн ажиллаж байгаадаа таатай байна. 

Иргэн таны халуун дэмжлэг, бодит оролцоотойгоор Дорноговь нутгийнхаа төлөө бид хамтдаа ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн ажиллаж байгааг энд зориуд дурьдая. 

Шинэ Дорноговь-2 Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж орон нутгийнхаа хөгжлийн төлөө, ирээдүйн хойч үеийнхээ төлөөх үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулсан танд энэхүү ил захидлаараа дамжуулан баярласан, талархсанаа илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. 

Цаашид ч бид хамтдаа илүү ихийг бүтээж, үндэс суурь нь тавигдсан, эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэн дуусгана гэдэгт итгэлтэй байна. 

Танд захидал илгээх болсон нэгэн учир бол сүүлийн үед аймаг орон нутгийн нэр хүндийг унагаах, хийсэн бүтээснийг зориуд үгүйсгэх гэсэн санаатай болон санамсаргүй үйл ажиллагаа маш их явагдах болсныг та бүхэн минь анзааран ажиглаж байгаа байх. Ийгл телевиз, Тойм сэтгүүл, Ардын эрх сонин гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэт улстөржсөн, нэг талыг баримталсан, муу муухай харагдуулах гэсэн нэвтрүүлэг, мэдээллийг зориуд бэлтгэн тарааж байгаа нь харамсалтай. 

Ганцхан хувь хүний нэр хүнд, хийж бүтээснийг нь харлуулан муулсан бол “Идүүлсэн бут ургаж, Идсэн эрүү хувхайрдаг” гэдэг ардынхаа сайхан зүйр үгийг бодож, уужуу сэтгэлээр уучлан өнгөрүүлэх байлаа. 

Олны дунд тараагдаж байгаа хар мэдээллүүд хэрээс хэтэрч намайг гүтгэхээсээ илүүтэйгээр жирийн иргэдийг доромжлох, Дорноговь нутгийн минь нэр хүндийг унаган хэт харлуулж гутаах өнгө аястай болж байгаад сэтгэл зовнин бодит мэдээллийг хүргэхээр энэхүү захидлыг тайлангийн хамт танд хүргүүллээ. 

Энэхүү ажиллагааг зохион байгуулж буй хэсэг бүлэг хүмүүс, сонин, сэтгүүл, зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд, мөнгөний төлөө нутгийн жирийн иргэдийг доромжлон цианит, натри хэмээх химийн хорт бодистой ус ууж байна гэж хүртэл орон даяар цацаж, зохион байгуулалттай цуурхал дэгдээж байгаа нь аймаг орон нутгийн эдийн засаг, нийгмийн амьдралд ямар их хор хохирол учруулж байгаагаа мэдэхгүй байгаа нь туйлын эмгэнэлтэй.

Манай аймгийн хувьд ундны усанд цианит натри хэмээх химийн бодис байхгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд бүгд тодорхойлж байгааг албан ёсоор хэлэх нь зүйтэй. 

Та бүхэн маань тайван, амгалан байж говь нутгийнханы уужуу сэтгэлээр хандаж, ирээдүйдээ итгэл төгс урам зоригтой ажиллаж гэгээлэг сайхан хүсэл тэмүүлэлтэй амьдран сууна гэдэгт итгэл дүүрэн байна.