Нийслэлийн АН сонгуульд оролцохоо илэрхийллээ
2016.04.29

Нийслэлийн АН сонгуульд оролцохоо илэрхийллээ

Нийслэлийн Ардчилсан нам нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоо албан ёсоор мэдэгдэж, мөрийн хөтөлбөрөө нийслэлийн Сонгуулийн хороонд хүлээлгэн өглөө.

Аудитын байгууллага Нийслэлийн Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Сонгуулийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн байна гэж дүгнэжээ. Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлд намыг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ гэж заасны дагуу улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид 2016 оны сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүлээлгэн өгч эхэлсэн. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-нд Үндэсний Аудитын газрын харьяа нийслэлийн Аудитын газар нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлэх хүсэлт гаргасан улс төрийн нам, эвслийн ирүүлсэн “Сонгуулийн мөрийн хөтөлбөр”-т Монгол Улсын Сонгуулийн тухай хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд аудит хийн дүгнэлт гаргаж, нийт 16 нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг нийслэлийн Сонгуулийн хороонд хүлээлгэн өгчээ.