Тариаланчид зээлээ хоёр газраас авна
2016.05.02

Тариаланчид зээлээ хоёр газраас авна

Засгийн газар өнгөрсөн сараас эхлэн Малчны зээлийн хүүг 10 хувь болгон бууруулсан.

Гэхдээ зөвхөн Төрийн банкнаас зээл авах малчид энэ хөнгөлөлтийг эдэлж байсан юм. Тэгвэл Хүнс, Хөдөө аж ахуйн яам, “Хаан” банк хамтран ажиллах санамж бичиг байгуулж, малчид жилийн 10 хувийн хүүтэй зээлийг тус банкаар дамжуулан авах боломжтой боллоо. Төрийн банк зээлийн хүүгээ 10 хувь болгож буулгаснаас хойш 13 мянга 416 малчин 50 тэрбум 931.8 сая төгрөгийн зээл авахаар ханджээ. Хүсэлт ирсэн нийт малчдаас 12 мянга 981 малчинд 49 тэрбум 410.4 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгосон байх юм.

Өнөөдрөөс малчин данстай, эрүүл мэнд, нийгмийн даатгал сайн дураараа төлдөг, малаа тарилга, туулга, вакцинжуулалтад бүрэн хамруулсан малчин бүр Төрийн, Хаан гэсэн хоёр банкнаас 10 хувийн хүүтэй зээл авч болно. Харин тариаланчдын хувьд Хөгжлийн банкны  босгосон 50 тэрбум төгрөгийг жилийн 12.5 хувийн хүүтэйгээр хуваан Хаан, Төрийн, Голомт, Худалдаа хөгжлийн гэсэн дөрвөн арилжааны банк болон “Монгол тариалан” төрийн өмчит корпорациас зээлэх боломжтой.

Тариалангийн тухай шинэ хуулиар тариаланчид 40 хүртэлх жил тухайн тариалангийн талбайгаа эзэмшиж болох юм. Гэхдээ банкнаас зээл авахаар хандахдаа зөвхөн эзэмших талбайныхаа гэрчилгээг барьцаанд тавих эрхтэй. Учир нь, дараа дараагийн УИХ-аар дээрх хуульд өөрчлөлт оруулаад тариан талбайн эзэмших заалтыг хүчингүй болгобол арилжааны банкуудад хохиролтой. Өөрөөр хэлбэл, банк өөрсдийнхөө ирээдүйд гарах эрсдэлийг тооцож, тариаланчдын газрыг барьцаанд авах боломжгүй хэмээн мэдэгдээд байсан. Улмаар хаврын тариалалтад нь үзүүлж буй төрийн дэмжлэг буюу 50 тэрбумын зээлийн барьцаа хөрөнгөө яаж шийдэхээ талууд тохиролцож чадахгүй байлаа. Иймээс Засгийн газраас “Монгол тариалан” төрийн өмчит корпорацийг байгуулж, өмнө нь банкинд зээлтэй, газраас өөр барьцаа хөрөнгөгүй тариаланчдын газар эзэмших гэрчилгээг нь түр барьцаалж, зээл олгохоор болсон юм.