“БИ УЛААНБААТАРЫН БҮТЭЭГДЭХҮҮН ..,”
2016.05.02

“БИ УЛААНБААТАРЫН БҮТЭЭГДЭХҮҮН ..,”

УБ Дээд Сургуулийг 2003 онд Бизнесийн Удирдлага, Менежер мэргэжилээр төгссөн Зиг Заг группийн Маркетингийн албаны захирал И.Баярсайханы илгээлтийг хүргэе.

Сайн байцгаана уу? УБ Дээд Сургуулийн удирдлагын баг, эрхэм багш, ажилчид, оюутан дүү нартаа болон энэ сургуульд элсэхээр сонгосон та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилье!

Намайг Ишжамцын Баярсайхан гэдэг. УБ Дээд Сургуульд 1999-2003 онд суралцаж төгссөн. Суралцаж байх хугацаандаа УБДСургуулийнханы хэлж заншсанаар “03” (нойл гурав) буюу Оюутны Зөвлөлийн 5 дахь даргаар ажиллаж байсан, хөдөлгөөнтэй, эрч хүч дүүрэн оюутан байлаа. Би сургуулиараа бахархаж явдаг. УБДС-д одоо суралцаж байгаа болон элсэн суралцах гэж буй залуу насны эрч хүч, хийж бүтээх хүслээр жигүүрлэж яваа эрхэм дүү нартаа цөөн хэдэн  зүйлсийн талаар өөрийн санал бодлоо хуваалцаж, бяцхан зөвлөгөөг хүргэе.

Манай сургууль анх БНСУ-ын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан бөгөөд Монгол, Солонгос багш олонтой, жил бүр Солонгос оюутнууд ирж Монгол оюутан залуустай хамтарсан төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээ, өвөл, зуны сургалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Мөн оюутан сололцоогоор БНСУ-ийн их дээд сургуулиудад олон оюутан очиж суралцдаг. Тэр бүхнээс гадаад оюутнууд их дээд сургуульд элсэхийн тулд өөрийгөө хэрхэн бэлтгэж дайчилдаг, оюутан байхдаа ямар их шаргуу хичээнгүй байдаг, олон нийтийн болон нийгмийн ажилд ямархуу идэвх санаачилгатай оролцдог гээд олон зүйлийг өөрийн нүдээр харж, харьцуулж, дүгнэлт хийн тэднээс суралцах боломжтой байдаг.

Би УБДС-ийг оюутан залуусыг тухайн сонгосон мэргэжлийнх нь дагуу сургаж онолын мэдлэгийг өгөхийн зэрэгцээ хувь хүн талаас нь илүүтэй нээн өгч, хөгжүүлж, цаашлаад нийгэмд жинхэнэ иргэншсэн боловсон хүчнийг бэлтгэн гаргах тийм зөв систем нь бүрэлдсэн сургууль гэж үнэлдэг.

Аливаа зүйл хэзээ ч байрандаа байна гэж байдаггүй. Хэрвээ чи урагш яваагүй л бол ухарч байна гэсэн үг. Хойшоо алхсан хүн нүх рүү унадаг. Харин Урагшаа алхсан хүн нүхэн дээгүүр үсэрдэг.

Бид энэ БОЛОМЖ-ийг хир ашиглаж чадсан бэ?.. гэдгээр л  төгсөгч та бүхний өнөөгийн үнэ цэнэ хэмжигдэх бөгөөд цаашлаад төгссөн сургуулийн маань нэр хүнд ч бидэнтэй салшгүй холбоотой байх болно. Хүний амьдралд алтан боломжууд тийм ч олон тохиолдоод байдаггүй. Тиймдээ ч өмнө чинь тохиох боломж бүрийг алдалгүй барьж авч, өөрийн болгон ашиглаж л чаддаг  байх хэрэгтэй. Үүний тулд оюутан залуус та бүхэн цаг хугацааны үнэ цэнийг сайтар эрхэмлэж, доорх зарчмуудыг өөрийн өдөр тутмын амьдралдаа хэвшил болгоорой. Үүнд:

  1. Ээж аавынхаа ачийг хариулья гэвэл тэдний хүрээгүй өндөрлөгт нь хүр!

Залуу нас, эрч хүч, бас өөртөө итгэж, маш шаргуу суралц. Комьпютер болон интернэтийг мэдлэг олж авах хэрэгсэл хэмээн үзэж бүрэн сайн ашигла. Гадаад хэлийг төгс эзэмш. Хэрэв чи 1 хэлтэй бол ирээдүйн зорилгынхоо төлөө 1 морьтойгоо л давхиад байна гэсэн үг, хэрэв 2 хэлтэй бол хөтөлгөө морьтой хүн хол замыг, хэрхэн хурдан туулахыг төсөөлж байгаа биз дээ?

  1. Залхуурч огтхон ч болохгүй!

Үргэлж хамгийн эхэнд хэний ч мэдэхгүй зүйлийг олж мэдхийн төлөө хичээ. Нэг зүйлийг бусдаас илүү  маш сайн хийж сур.

  1. Цаг хугацааг боломжийн хирээр хож!

Бүү атаарх, бүү гунигла, битгий уйтгарла. Тийм зав хаана байна? Дэмий зүйлд анхнаасаа л анхаарал хандуулах хэрэггүй.

Үүнээс гадна удахгүй сургуулиа төгсөх гэж байгаа оюутнууддаа хандаж онцгойлон хэлэхэд

  • Миний авьяас, сонирхол юу билээ?
  • Би өөрөө аль салбарт илүү амжилт гаргах боломжтой вэ?
  • Аль салбар нь ирээдүйтэй вэ? гэдгээ сайтар бодоод аль 2,3-р курстээ аль салбарт, ямар албан тушаал дээр юу хийж ажиллах тухай шийдвэрээ гаргачихсан байх хэрэгтэй. Үүнийхээ ч дагуу танилцах болон үйлдвэрлэлийн дадлагаа хийж, диплом курсийн ажлаа бичвэл чи, бүр илүү мэдээлэлтэй болж, дадлагад гарсан байгууллагадаа төгсөөд ажиллах ч боломжтой болж болно шүү дээ.

Гэхдээ шийдвэрээ гаргахынхаа өмнө тухайн салбарын мэргэжлийн хүмүүстэй нь уулзаж зөвлөгөө авах, эцэг эх, багш нартайгаа зөвлөх, холбогдох мэдээллээ хаанаас олж авахаа мэддэг болчихсон байх хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд бид цаг үргэлж бусдаас түрүүлж алхаж байх ёстой. Аливаа зүйл хэзээ ч байрандаа байна гэж байдаггүй. Хэрвээ чи урагш яваагүй л бол ухарч байна гэсэн үг. Хойшоо алхсан хүн нүх рүү унадаг. Харин Урагшаа алхсан хүн нүхэн дээгүүр үсэрдэг.

Улаанбаатар дээд сургуулийнхан үргэлж урагш нэг алхамаар түрүүлж байдаг юм шүү. БИДЭНД ХӨГЖИЛ ХЭРЭГТЭЙ. Урагшаа ЗАЛУУС АА ..,

ТА БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

2010.5 сар: "Улаанбаатар" Дээд Сургуульд шинээр элсэгч оюутан залууст хандаж хэлсэн илгээлт