Боргил.С 2016.05.03 | Сонин: Ардчилал

Манай намын гишүүд бие даагчаар бүртгүүлсэн

Манай намын гишүүд бие даагчаар бүртгүүлсэн

Хөдөлмөрийн үндэсний намын дарга гэгдэх Т.Ганболд УИХ-ын сонгуульд дангаараа бус АН-ыг дэмжиж оролцохоор болсон тухай албан тоотыг Сонгуулийн ерөнхий хороонд өнгөрсөн сарын 29-ний өдөр хүргүүлсэн юм. Энэ асуудлаар мөн Хөдөлмөрийн Үндэсний намын дарга гэгдэх С.Боргилоос тодрууллаа.

-Хөдөлмөрийн үндэсний нам УИХ-ын 2016 оны сонгуульд АН-ыг дэмжиж оролцоно гэж байна.

-Албан ёсоор хэлэхэд, Хөдөлмөрийн үндэсний нам аль нэг намыг дэмжиж, сонгуульд оролцохгүй. Бие даан оролцох албан ёсны хүсэлтээ, Үндэсний аудитын газрын дүгнэлт гаргуулсан мөрийн хөтөлбөрийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд дөрөвдүгээр сарын 30- ны өдөр бүртгүүлсэн. Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдэгдсэн албан ёсны мэдэгдэлд, 13 нам, гурван эвсэл сонгуульд оролцоно гэсэн дотор Хөдөлмөрийн үндэсний нам байгаа. Тиймээс манай нам албан ёсоор сонгуульд оролцоно гэж хэлмээр байна.

-С.Ганбаатар, Т.Ганболд, С.Боргил нарын хэн нь намын дарга вэ?

-Хөдөлмөрийн үндэсний намын даргаар би сонгогдсон. Улсын бүртгэлд байгаа гэрчилгээн дээр ч миний нэр бий. Дөрөвдүгээр сарын 27-нд мөн Намын төв хорооны хурал хийсэн. Сүүлийн үед үүсээд байгаа үл ойлголцлыг ярилцах болоод намын даргын асуудлыг хэлэлцэж, санал нэгтэйгээр намайг намын даргаар сонгосон юм. Сонгуулийн Ерөнхий хороонд өгсөн албан бичигт ч гэсэн би гарын үсэг зурж, тамга дараад УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ илгээсэн.

-Таныг Үндэсний Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө бие даагчаар өгсөн гэх мэдээлэл байна.

-Үнэн. Манай нам нэр дэвшихээр шийдсэн гишүүдээ бүгдийг нь бие даан нэр дэвшүүлэхээр болж байгаа. Хөдөлмөрийн үндэсний нам шинэ сонголт болж гарч ирсэн тул манай намыг сонгуульд оролцуулахгүй байх тохиолдол гарвал бие даан нэр дэвших юм. Энд ямар нэг байдлаар бусдыг хардаж, сэрдмээргүй байна.

-УИХ-ын сонгуульд нам оролцоно гэж бүртгүүлчихээд бие даагчаар өрсөлдөх нь хуулийн хувьд боломжтой юу?

-Зөрчилгүй гэдэг тайлбар авсан.

-Т.Ганболд "Манай нам сонгуульд оролцохгүй" гэх утгатай албан бичгийг Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлэхдээ еерийгөе дарга гээд тамгаа дарсан байна лээ. Хэдэн тамгатай юм бэ?

-Тамганы асуудлыг бид ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Хоёр тамга байгаа юм. Эхний тамгыг албажуулах хүсэлт гаргасан.

-Бие дааж нэр дэвших хэчнээн хүн байгаа вэ?

-Тодорхой тойргуудад зайлшгүй оролцох ёстой гэсэн 20 орчим хүн бий.

-Хэрвээ, нам сонгуульд оролцох боломжтой гэвэл бие даахгүйгээр намаасаа нэр дэвших үү?

-Тэгнэ. Намыг сонгуульд оролцуулахгүй байх эрсдэл байгаа тул бие даагчаар бүртгүүлсэн.

-УИХ-ын гишүүн С.Ганбаатар танай намын гишүүн байгаа юу?

Хэвээрээ байгаа. Дарханд тойрогтоо ажиллаж байна.