2016.05.03

УИХ, орон нутгийн сонгуулийг хугацаанд нь явуулах хэрэгтэй гэв

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд даваа гарагт хуралддаг хуваарьтай. Өчигдөр “Шударга ёс” эвслийн бүлгийн шинэ дарга О.Баасанхүү анхны хуралдаанаа даргалж чадсангүй.

АН- ын хувьд фракцын төвшинд Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхээр бүлгийн хуралдаанаа хойшлуулсан бол МАН- ын бүлэг Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй холбоотой асуудал, Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. МАН-ын Бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ, орон нутгийн сонгуулийг хугацаанд нь явуулах хэрэгтэй.

Харамсалтай нь Цэцийн дүгнэлтээс улбаалж, сонгуулийн төлөвлөгөөт ажлууд хойшилж байна. Тухайлбал, энэ долоо хоногт нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах ёстой. Гэвч УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс Цэцийн дүгнэлтийг яаралтай шийдэж, шаардлагатай бол Сонгуулийн хуульд холбогдох өөрчлөлтийг хийх ёстой” гэлээ.

Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд МАН-ын бүлгээс өгсөн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танилцууллаа. Тэрбээр “Тариаланчид санхүүгийн бэрхшээлтэй байгаа. Банкнаас зээл авъя гэхээр барьцаа хөрөнгийн босгыг давдаггүй. Үүнийг зохицуулах нэрийн дор Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирсэн. Үүнийг тариалангийн газраа барьцаалаад банкнаас зээл авахаар зохицуулсан гэж тайлбарлаж байгаа.

Бид энэ асуудлыг судалсан. Одоогийн Газрын тухай хуулиар газар эзэмших эрхээ барьцаалах эрхзүйн орчин нээлттэй. Харин өргөн барьсан нэмэлт өөрчлөлтөөр давуу эрх гэж хуулийн зөрчилтэй ойлголт тусгасан байна. Өмчлөх эрхээс бусад газар нутаг төрийн өмчид байдаг. Тэгэхээр давуу эрх гэдгийг нь юу гэж ойлгох вэ.

Энэ мэт нарийвчлан судлах хэрэгтэй асуудал олон бий. Хоёр жилийн өмнө Б.Гарамгайбаатар гишүүн гаднын иргэн Монгол Улсад 100 жилээр газар эзэмших хуулийн төсөл санаачилсан нь багагүй шуугиан дэгдээсэн. Мөн Халх гопын чөлөөт бүстэй холбоотой тогтоолын төслийг УИХ-д оруулж ирсэн ч одоо болтол маргаантай хэвээр. Энэ мэт газартай холбоотой хардалт байгаа” гэв.

Улмаар МАН-ын бүлгийн зүгээс Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр аж ахуйн нэгжүүдэд олгосон хөнгөлөлттэй зээлийн эргэн төвлөрөлтийг судалж, түүгээр тариаланчдад дэмжлэг үзүүлэх боломжийг судлах Ажлын хэсэг байгуулахаар тогтжээ. Ажлын хэсгийг МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр ахлах аж. Мөн тус бүлгийн гишүүд асуудалтай байгаа эрүүл мэндийн салбарыг сайдтай болгох, АТГ -ын даргын томилгоог яаравчлах ёстой гэдэгт санал нэгдсэн байна.