Баасанхүү.О 2016.05.03 | Сонин: Монголын үнэн

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэтэд ажиллав

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэтэд ажиллав

О.Баасанхүү гишүүн “Шударга ёс" эвслийн бүлгийн дарга болсон даруйдаа Орхон аймгийг зорив.

Учир нь түүнд эрдэнэтийнхэн итгэл үзүүлж байгаа ажээ. Тиймээс ч XX зууны их бүтээн байгуулалтын түүхэн хотод нэр дэвшихээр бэлтгэл ажилдаа орсон бололтой. Төдийгөөс өдий хүртэл хот гэх статусгүй явж ирсэн эрдэнэтийнхэн түүнийг хуульч, өмгөөлөгч гэдгээр нь олзуурхан хүлээн авч байгаа нь уулзалтаас харахад илт байлаа. Манайхан хэзээнээсээ цаг барьдаггүй улс. Энэ ч утгаараа 14.00 цагт товлосон хуралдаан мөддөө эхлэхгүй гэж бодсон маань эндүүрэл байжээ. Товлосон цаг болохтой зэрэгцэн иргэд цувж эхлэв. Ердөө 10 минутын дотор дунд сургуулийн урлагийн танхим дүүрсэн нь анхаарал татсан юм.

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй ч энд тэндгүй уулзалт, хурал цуглаан хийж буй энэ үед жагсаалтын ард нуугдаж, тэр байтугай оймсонд хавчуулагдаж орж ирсэн гэж хочлуулдаг ч түүнтэй уулзахаар ирсэн хүний тоо 200 гарсан нь соньхон байлаа. Тэгээд ч эрдэнэтийнхний хэлдгээр 4-6 дугаар хороолол буюу орон сууцны иргэдийг энэ уулзалтад урьсан нь олон хүн ирэхгүй дээ гэх сэтгэгдлийг сэтгүүлч надад төрүүлсэн хэрэг. Гэтэл ташаа боджээ. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өөрийн гар, бие оролцсон хууль тогтоомжийн талаар иргэдэд мэдээлэл өгсөн. Түүний хувьд 32 хууль санаачилсан бөгөөд найм нь батлагдсан байна. Тухайлбал, монгол түмнийг нэгтгэх Монгол судлалын академи байгуулах болон Компанийн тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний тухай, Тамхины хяналтын тухай хуулийг батлуулсан төдийгүй ямар ач холбогдолтой хууль болсон талаар иргэдэд мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн сонгуулийн хуулиас жагсаалтыг хасах талаар ярьж байгаа энэ үед жагсаалтын ард нуугдаж орж ирсэн гэх шүүмжлэлд хамгийн их өртсөн гэдгээ ч нуугаагүй. Гэхдээ тэрбээр хууль бусаар төрийн түшээ болоогүй, хуулийн хүрээнд буюу тухайн үед намын нэрээр сонгогдох боломж байсан учраас гишүүн болсон гэдгээ хэлсэн. Түүнийг ийн ярих үеэр нэгэн иргэн “Оймсонд хавчуулагдаж биш олон түмний итгэл хүлээсэн гишүүн болоорой” гэхтэй зэрэгцэн зааланд цугласан олон алга нижигнүүлж харагдсан. Төрийн түшээ, УИХ-ын гишүүн ирсэн гэхээр өөрийнх нь асуудлыг шийдээд өгчих болов уу гэсэн хүсэлтэй хүн олон ирдэг бололтой юм. Тэр дундаа О.Баасанхүүгийн хувьд УИХ-ын гишүүн болохоосоо өмнө хуульчаараа нэлээд амжилттай ажиллаж, заргаа авдаг байсан учраас зовлонгоо ярьсан, шийдэж өгөхийг хүссэн иргэн олон байв. Зарим нь ч бүр уулзалтын дараа шүүхийн шийдвэр барьчихсан зөвлөгөө авч байгаа харагдсан. Уулзалтын үеэр иргэдийн зүгээс тавьсан хамгийн гол асуудал нь Эрдэнэтийг хотын статустай болгох тухай яриа байлаа. Үг хэлсэн хүн бүр л энэ асуудлыг хөндөж байсан бөгөөд Үндсэн хуульдаа хот гэж заасан атлаа амьдрал дээр хэрэгжүүлдэггүй. Тиймээс энэ асуудалд хуульч гишүүнийхээ хувьд анхаарал хандуулж өгөхийг олон хүн хүссэн. Энэ байдлаас харахад ямартай ч эрдэнэтийнхэн О.Баасанхүүг сонирхож байгаа нь илт.

Олны ярианаас сонсоход Эрдэнэтэд горилогчид багширч байгаа сурагтай. Ард түмнээ хайрладаг Л.Гүндалайгаас авахуулаад БНН- ын Б.Жаргалсайхан, АН-ын М.Батчимэг гэх мэт олон л хүний нэр дуулдаж байна. Харин эрдэнэтийнхний хувьд МАН, МАХН-аас нэр дэвшигчдийг сонгох магадлал өндөр байгааг судалгааны байгууллагууд эхний байдлаар тогтоогоод байгаа гэнэ. Энэ ч утгаараа улс төрийн ууган хүчин МАН-тай яагаад эвсээгүйг асуух хүн ч цөөнгүй байлаа. Үг хэлсэн иргэдийн байдлыг харахад ах намын угшил нэгт МАХН-аас нэр дэвшвэл дэмжих магадлал тун өндөр байгаа аж.